2005 онд Өвөр Монголыг зорьж ирсэн Цэдэнсодномын Бэрцэцэг, Доржхоролын Түвшинцогтын гэр бүлийн хувьд яах аргагүй дурсамжтай сайхан мөч байлаа.

Ц.Бэрцэцэг Монгол Улсын Төв аймагт төрсөн. 2001 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Уртын дуучин мэргэжлээр төгссөн. 2005 онд гэр бүлийн хамт Хөххотын Баатар язгуур урлагийн сургуульд багшлахдаа Өвөр Монголын аймаг хошуу, сум болон Гансу, Хөхнуур муж, Шиньжян 800 гаруй оюутан сурагчдад монгол үндэстнийхээ үнэт өв соёл болсон уртын дуу, ардын дуу, зохиолын дууг заан сурган хүмүүжүүлсэн байна.
Түүний шавь нар нь Өвөр Монголын аймаг хошууны урлагийн театр, чуулганд дуучнаар ажиллаж байгаагаас гадна Дундад улсад, цаашид олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан томоохон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлэв. Түүний хайртай шавь нарын дундаас 10 гаруй шинэ хамтлаг мэндэлж, арваад сурагч нь шинэ уран бүтээлийн цомог гаргасан байна.
2007 онд Өвөр Монголын Урлагийн Их Сургууль байгуулагдсан 30 жилд зориулж, Хөххотын Баатар язгуур урлагийн сургуулиас бие даасан тоглолтыг бэлтгэн найруулж, анх удаа 100 хүний уртын дууг дуулсан. 2014 онд Өвөр Монголын Одон телевизийн зохион байгуулсан "Монгол Улсын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд шавь Цогсүлд тэргүүн шагналыг хүртэж байсан. 2013 онд түүний бяцхан сурагч Цацраа "Зүрхний сахиус ээж” хэмээх хүүхдийн дууны цомог гаргаж Өвөр Монголын дууны урлагт шинэ амьсгаа нэмсэн юм.
Хань Д.Түвшинцогт Монгол Улсын Улаанбаатар хотын уугуул иргэн. 2003 онд Хөгжмийн Дээд Сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгсөв. 2007 онд Баатар язгуур урлаг давтан боловсруулах сургуульд дууны багшаар ажиллаж, 100 гаруй зохиол бүтээл, 500 гаруй MIDI хөгжим хийжээ. Залуу дуучин Баярсайханы "Баргын гурван богд уул", Оюунсангийн "Сэтгэлд ойрхон дээд монгол нутаг", Шинэбилигийн “Сэтгэл хайрын дагина", Тэсрэл хамтлагийн "Тэнгэрээс эштэй дээд монгол нутаг", Алимаагийн "Ариун бумбийн Алшаа", "Сэтгэлийн ертөнцийг дуулахуй” зэрэг 9 цомгийн ая дуу, хөгжмийг зохиосон байна.
Ц.Бэрцэцэг: - 10 жилийг ардаа орхиж, эх орноосоо элэг нэгтэй монголчуудаа гэж угсаа нэгтэй залуучуудын дуу урлагийн хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулахыг зорьж явна. Энд байсан 10 жилийн цаг хугацаанд хүний амьдралын долоон өнгө бүр тохиолдсон боловч хамгаас илүү баярлаж явдаг нь энхрий хоёр хүүгээ хорвоод ганц босоо монгол бичгээр нь сургаж чадсандаа хязгааргүй баярлаж явдаг. “Солонго” сонины энэ дугаараар дамжуулж эх орондоо байгаа элгэн садан, ахан дүүсдээ өнийн амгалан, мөнхийн жаргаланг хүсэж байна.
