solongonews
Хаймчигийн Заяатын гэр бүл
2015-06-23 10:11
Монгол улсад ажиллаж амьдарч байгаа аав ээж, ах дүү, төрөл садандаа танай мэдээллийн төвөөр дамжуулаад эрүүл энх, түвшин амгалан байхыг хүсэн ерөөж мэндчилж байна.

Дашжаргалын Гантөгс Монгол Улсын Улаанбаатар хотын уугуул, 1997 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Чимэглэл урлагийн мэргэжлээр төгссөний дараа Монгол Улсын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд 11 жил ажиллаж, энэ хугацаандаа Монгол Улсын Боловсролын Тэргүүний Ажилтан цол хүртсэн байна. Одоо ӨМӨЗО-ны Хөххотноо Өвөр Монгол дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэгийн даргаар ажиллаж байна.

2012 оноос Д.Гантөгс гэр бүлээрээ Хөххотод ирж амьдарсан. Хань Хаймчигийн Заяат Монгол Улсын Орчин үеийн арьсан урлагийн зураач бөгөөд 1999 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд магистр цолоо хамгаалж, 10 гаруй жил сургуульдаа багшилжээ. Тэрээр уран бүтээлээрээ дэлхийн олон улс орны урлагийн үзэсгэлэнд амжилттай оролцож, Монгол Улсын "Нийслэлийн хотын шилдэг залуус", Монгол Улсын ур авьяастны нийгэмлэгийн алтан медаль шагнал, Монгол Улсын уран зураачдын нийгэмлэгийн "Шилдэг ажилтан"-ны шагналыг тус тус хүртсэн байв.

Уран бүтээлч гэр бүл маань Хөххотод гар урлалын дэлгүүр нээх ажлаа эхлүүлсэн бөгөөд 9 дүгээр сард Монгол Улсад хамтын уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Д.Гантөгс: - 2011 онд Өвөр Монголд ирээд ӨМБИС-ийн Уран Зургийн Дээд Сургуулиас Урлаг түүхийн магистраа энэ жил амжилттай хамгааллаа. Одоо миний бодол анх ирж байсан үеэсээ харьцангуй өөр болж, дөрвөн жилээ эргэн харахад Өвөр Монгол нутаг манай гэр бүлийн хувьд нэлээд олз омог ихтэй, ажил амьдрал улам ахицтай байгаа. Охин З.Марал-Эрдэнэ маань Өвөр Монголын Их Сургуульд Аялал жуулчлалын мэргэжлээр сурч, хүү З.Мэргэн Хөххотын Үндэстний Туршилтын бага Сургуульд суралцаж байна. Хоёр хүүхэд энд ирээд уйгаржин монгол бичиг, хятад хэл сурч байна. Анх ирэхэд хоол хүнс, хэлний бэрхшээл, дэлгүүр орохоос эхлээд хүний нутагт байр түрээслэх, байр, ус цахилгааны төлбөр төлөх гэхчлэн асуудал бэрхшээл байсан бол одоо нэлээд дассан. Ер нь Өвөр Монгол болон манай улс хилээр залгалдаж хөршлөн суусан угсаа нэгтэй монголчууд болохоор миний хувьд харь холын нутаг, гадаад улсад байгаа сэтгэгдэл нэг их байдаггүй гэж өөрийн бодлоо хуваалцлаа.

Монгол улсад ажиллаж амьдарч байгаа аав ээж, ах дүү, төрөл садандаа танай мэдээллийн төвөөр дамжуулаад эрүүл энх, түвшин амгалан байхыг хүсэн ерөөж мэндчилж байна.

Өвөр Монголоос кирилл бичгээр гаргаж байгаа мэдээ мэдээллийг бид анхааран үздэг. "Солонго" сонин Монгол Улсын иргэдэд энэ нутгийн амьдрал ахуй, соёл урлаг хийгээд бүхий л мэдээ мэдээллийг танилцуулж байгаад их баяртай байна. Сонины хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зохиогч: Урантана
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл