
VII удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж буй “Мөнх арц” яруу найргийн наадмын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 28-ны үдэш Хөхнуур мужийн Хайши жөүгийн Дэлхий хотноо амжилттай болж өнгөрөв.

Энэ удаагийн эцсийн шатны тэмцээнд 10 яруу найрагч найргийн хүлгээ уралдуулснаас Хөхнуур нутгийн уугуул Э.Хөдөө “Мөнх арц” наадмын эзэн болж, Өвөр Монголын Сөнид баруун хошууны уугуул Б.Тогтомж, Ар Хорчин хошууны уугуул Сайнзаяа нар тус тус удаалсан аж. Мөн 3 дугаар байранд тус нутгийн уугуул Хатуу, Гомбожав нар тус тус тодорч, Дэлхий хотыг найргийн хураар аргадсан байна.

Хөхнуурын Монголчууд буюу “Дээд Монгол”-ын “Мөнх арц” яруу найргийн наадам 1992 онд анх зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр болоход нийт монголчуудын наадам болж, өргөжин тэлсэн юм.
