Баасанжавын Лхагвадорж 1998 онд Хувцас Загварын Дизайны Дээд Сургуулийг төгсөөд мэргэжлээрээ Монголдоо ажиллаж байгаад 4 жилийн өмнө гэр бүлийн хамт Хөххотод ирсэн. Хувцасны загвар зохион бүтээх мэргэжлээрээ Хөххотод 4 жил ажиллаж байгаа хөдөлмөрч нэгэн уран бүтээлч юм. Өвөр Монголын анхны ажлын гараа нь “Самбарын сонин” нэвтрүүлгийн Үүрийнтүяагийн үйлдвэрээс эхэлж, өнөөдөр болоход өөрөө бие даан ажиллаж, хувцасны олон компаниудын хувцасны дизайн загварыг гаргаж өгөх хүндтэй, хариуцлагатай ажлыг хийж явна. Ойрын үед “Урантана” оёдлын компанитай хамтран ажиллаж байна. Гэргий Бурмаагийн Түвшинсарнай эмзүйч мэргэжилтэй.
Б.Лхагвадорж: - Монголд хүн ам цөөн, ажиллах нөхцөл боломж тааруу, татвар гэх мэтийн асуудлууд олон. Монголд жижиг дунд бизнес хөгжихөд нэлээд хүнд бэрх үед нутгаасаа гарч энд ирсэн. Монголд хувиараа юм хийх гэж нэлээд олон жил зүтгэсэн ч яст мэлхийн хурдаар явсаар тодорхой үр дүнд хүрч амжсангүй. Энд хөдөлмөрийг үнэлэхдээ арай дээр юм. Учир нь хүн ам олонтой газар зах зээл байдагтай холбоотой байх. Ийм газар бизнес хийх боломж нөхцөл сайн байдаг. Энэ газарт бизнес эрхэлж байгаа хүмүүст мэргэжлийн хүн хэрэгтэй болно. Түүнийг дагаад мэргэжлийг үнэлэх үнэлгээ нь боломжийн байдаг. Маш их ажилтай явсаар нэг л мэдэхэд 4 жилийг өнгөрөөсөн байна.
Өвөр Монголд анх ирэхэд хэцүү зүйл байлгүй л яахав. Тэр бүхнийг даван туулаад ард нь гараад учраа олоод байдаг болсон. Хөлөө олохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Сүүлийн жилүүдэд олон компаниудтай хамтарч ажиллаж байгаа, олон найз нөхөдтэй болж, өдөр тутмын болон кино, тоглолт, концертын хувцас загварыг гаргаж өгдөг.
Орчин үеийн хувцсыг монгол элемент загвартай хийж урлахад эсгүүр хамгийн чухал. Өдөр тутмын, Европ чиглэлийн болон орчин үеийн хувцсыг баргийн хүн хийхэд хэцүү байдаг. Иймээс сурах хүсэл сонирхолтой хүмүүс маш олон байдгийг үндэслээд орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтраад тэдгээр хүмүүст хичээл заадаг. Аймгуудаар уригдан 7-15 хоногийн загварын хичээл заадаг. Хөлөнбуйр, Шилийнгол, Ордос, Алшаа зэрэг орон нутгаар уригдан хичээл зааж байсан.
Загвар зохион бүтээгч гэдэг хүний доор ажиллаад байх боломжгүй байдаг нь яах аргагүй мэргэжлийн онцлог юм. Учир нь цэвэр сэтгэхүйн ажил, нөгөө талаар бол урлаг. Иймээс хувиараа ажиллаж хөдөлмөрлөж байна.
Ээжтэйгээ холбогдохыг үргэлж боддог ч ажлын нөхцөл байдал өглөө 7 цагаас шөнийн 12 цаг хүртэл бараг утсаар ярих зав чөлөө маш муу байдаг. Орчин үед техник технологи хөгжсөн ч би тэр бүхнийг судлах мэдэх зав гарахгүй явсаар өдий хүрчихсэн байна. Одоо гэхэд миний хэтэвчинд 2 карт явж байна. Энэ картаа 2 сар хадгалаад ярьж амжаагүй л явна. Хааяа ээж маань өөрөө надтай ярьдаг. Ээждээ мэнд хүргээд эрүүл энх байгаарай. Санаа зоволтгүй, ажлаа хийгээд гялалзаж явна. Ажил ихтэй заримдаа утсаа авч амждаггүй уучлаарай гэж дамжуулъя.
Танай төвийн хамт олонд баярлалаа. Ялангуяа хоёр улсын хооронд улс дамнаад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг дэмжиж, ажил амьдралыг нь дамжуулан хүргэж байгаад маш их олзуурхаж талархаж байна. Танай төвийн хамт олны цаашдын ажилд тань амжилт хүсээд улам урам зоригтой сайн ажиллаад, улам ихийг хийж дэлгэрүүлэн сонин, сэтгүүл, сайт гэхгүй телевиз гээд илүү мэдээллийг олон түмэндээ хүргэж байгаарай гэж хүсье!
