solongonews
Монгол гар урлалын хөгжлийн эрэлд
2015-06-02 10:05
Монгол үндэстний гар урлалын бүтээгдэхүүн өнө удаан түүхтэй, өвөрмөц онцлог, төрөл зүйл, уран нарийн хийц, гоё сайхан байдлаараа эрхэмсэг байдаг.

Монгол үндэстний гар урлалын бүтээгдэхүүн өнө удаан түүхтэй, өвөрмөц онцлог, төрөл зүйл, уран нарийн хийц, гоё сайхан байдлаараа эрхэмсэг байдаг. Үүнд: Оёдол хатгамал, модон сийлмэл, үндсэн сийлмэл, ясан сийлмэл, арьсан сийлмэл, чулуун сийлмэл, алт мөнгөний дархан зэрэг маш олон үндэстний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүн багтаж, эрт дээрээс хүмүүсийн бахархал таашаалыг хүртсээр ирсэн юм. Гэтэл зах зээл муутай, төрөл зүйл дан цул, худал хуурмаг зүйл олширсон зэргээс монгол гар урлалын бүтээгдэхүүний зах зээл эмх замбараагаа алдаж, бүтээгдэхүүний чанар чансаа тааруу, загвар хийц, үнэ өртгөөр харьцангуй муу, сор бүтээгдэхүүн цөөн зэрэг олон асуудал оршиж байна.

Нэг. Хувийн жижиг үйлдвэрүүд голлож, бүтээгдэхүүний чанар муу, сор бүтээгдэхүүн цөөн.

5 дугаар сарын эхээр сурвалжлагч Хөххотын Кино үйлдвэрийн зүүн гудамж ба Ихзуу сүмийн хажуугийн үндэстний гар урлалын бараа бүтээгдэхүүний худалдааны газраар очиж, монгол гар урлалын талаар судалгаа хийв. Кино үйлдвэрийн зүүн гудамны 500 метрийн жижигхэн зайд нийт 79 дэлгүүр байсны дотор монгол үндэстний хувцас заслын газар 37, үндэстний гар урлалын дэлгүүр 12 байв. Мөн Ихзуу сүмийн хажуугийн үндэстний гар урлалын бараа бүтээгдэхүүний худалдааны газарт 200 шахам гар урлалын дэлгүүр эгнэж, шашны эдлэл хэрэгсэл ба арьс, эсгий, чулуу, алт мөнгөн эдлэл хэрэгслээр голлож байв. Эндээс харахад Өвөр Монголын монгол гар урлалын дэлгүүр худалдаа олон, зах зээл ихтэй байгаа мэт боловч эдгээр олон дэлгүүр худалдаа, үйлчилгээний газрын олонх нь зах зээл муутай, төрөл зүйл нь дан цулгуй, ур хийц нь энгийн, үнэ ханш нь доор, гэр бүлийн маягийн зах зээлийн байдалтай байлаа.

 Хөххотын Кино үйлдвэрийн зүүн гудам ба Ихзуу сүмийн хажуугийн үндэстний гар урлалын бараа бүтээгдэхүүний худалдааны газрууд нь Хөххотын монгол гар урлалын дэлгүүр худалдаа төвлөрдөг газрын хувьд Хөххот цаашлаад Өвөр Монголын гар урлалын өнөөгийн байдлын үлгэр жишээ болох юм. Монгол гар урлалын бүтээгдэхүүн бол Өвөр Монголын орон нутаг, үндэстний шинжийг уусгасан соёлын бүтээгдэхүүний нэг болно. Түүний зах зээлийн хөгжил үндэстний соёлын уламжлал, хамгааллыг ахиулахаар барахгүй Өвөр Монголын орон нутгийн онцлогтой аж ахуйг хөгжүүлэх, үндэстний соёлын хүчирхэг орныг байгуулахад идэвхтэй нөлөөтэй. Гэвч бид зах зээлийн өргөн зайнаас Өвөр Монголын гар урлалын байдлыг ажиглахад зах зээлийн дүрэм болон хэмжээ хараахан бүрэлдээгүй, хувийн жижиг үйлдвэрээр голлож, бүтээгдэхүүний чанар чансаа тааруу, загвар хийцийн өртөг ба хадгалах үнэ өртгөөр харьцангуй муу, сор бүтээгдэхүүн цөөн зэрэг олон асуудал оршиж байна.

- Өвөр Монголын монгол гар урлалын бүтээгдэхүүний төрөл зүйл олон ч сор бүтээгдэхүүн цөөн, урлан бүтээх хэв загвар нь хэвшмэл байдаг. Хөххотод борлуулагдаж байгаа монгол гар урлалын бүтээгдэхүүний дотор Өвөр Монголд үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүн маш ховор байдаг. Зөвхөн хутга, морин хур, ноос ноолуур, хувцас заслын бүтээгдэхүүн гэх мэтийн хэдхэн төрөл зүйл төдий бөгөөд ихэнх нь жижиг үйлдвэрийн газарт үйлдвэрлэж байна. Харин Өвөр Монголоос бусад газар оронд машин техникээр хийж, бөөний үнээр зардгаас үнэ ханш нь хямд байдаг гэж Өвөр Монголын Монгол үндэстний урчуудын нийгэмлэгийн дарга Наянтай ярьж байлаа.

 - Манай Баяннуур хотын Лин Хэ-д монгол гар урлал дагнан хийж байгаа хүний тоо 3000 гаруй байдгаас хатгамал, сийлмэл, хайчилмал, оёдол зэргийг хийж байна. Ихэнх нь өөрсдөө хэрэглэж, бусдад бэлэг болгодог бол бага зэргийн орлого олохоор зорилго болгож бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байгаа нь 200 шахам хүн, аж ахуй ба дэлгүүр ажиллуулж байгаа нь дөрвөн өрх байдаг гэж Баяннуур хотын “Монгол ерөөл” үндэстний дэлгүүрийн эзэн Гэрэлцэцэг ярьж байсан юм.

   Ер нь гар урлалын бүтээгдэхүүний мэргэжлийн шаардлага өндөр, уламжлалт аргаар хийж бүтээдэг тусгай мэргэжилтэн болон зах зээлийн борлуулалт дутаж байдаг. Ялангуяа үндэстний гар урлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тал дээр хөрөнгө оруулагчид маш цөөн тул бүрэн бүтэн аж үйлдвэрийн хэлхээ холбоо дутагдан аж үйлдвэрийг бий болгож чадахгүй байна. Үүнийг дагаад ашгийн хойноос хөөцөлдсөн хэсэг хүмүүс, хэсэг аж ахуйн чанар муутай худал хуурмаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлийн муу орчинг бий болгож байна гэж урчууд ярьж байлаа.

Хоёр. Ур чадвар гээгдэж, уламжилж залгамжлах хүчин хомсдож байна

 - Маахай гутал нь зуны халуунд халууцахгүй, хахир өвөлд даарахгүй, чийг хүйтнээс сэргийлэхээс гадна хадлан өвс хадах, мал хариулах зэрэг амьдрал хөдөлмөрийн дунд могой хорхойд хатгуулахгүй гэх мэт давуу талтайгаас эртнээс малчдын таашаалд хүрсэн байдаг. Гэвч одоо маахай гутал өмсдөг хүн цөөрч, зөвхөн хурим найрт л хааяа харагддаг болжээ. Ялангуяа залуучууд маахайн урлаж бүтээх гар урлалыг мэдэхгүй болж, энэхүү уламжлалт гар урлал бодит амьдралаас устаж үгүй болох аюултай болж байна гэж Ордос маахай гутлын биет бус соёлын өвийн уламжлагч Оюунтогос ярьж байлаа.

 Оюунтогос шиг үндэстний уламжлалт зүйлийг уламжлагч Өвөр Монголд маш олон бий. Тэдний ихэнх нь өтлөх насандаа орж, гар хөл бядуу болж, зарим нь орчлонгийн жамаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Тэд өв соёлын охь шүлт болох уламжлалт ур ухаан, чадвараа залуу үеийнхэндээ уламжилж үлдээхийг зоривч залуус монгол гар урлалд сонирхолгүй болсон буюу эрхэмлэж нандигнахгүй болсноос уламжлан залгамжлах хүнгүй болж байна. Ер нь нийгмийн хөгжлийг дагаад амьдрал дээшлэхийн хэрээр монголчуудын үйлдвэрлэл амьдрал дахь нэг хэсэг уламжлалт эдлэл хэрэглэл хэрэглэгдэхээ больж, үүнийг дагаад ур чадвар ч гээгдэж устах байдалтай болов.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Үндэстний Урлагийн Дээд Сургуулийн захирал, Монгол үндэстний гар урлалын тусгай мэргэжилтэн Өлзий багш хэлэхдээ:

- Эрт дээрээс монголчуудын соёл, зан заншил, шүтлэг бишрэл зэрэг нь урлаж гаргасан бүтээлүүдэд нь шууд буюу дам байдлаар агуулагдаж, материал, өнгө будаг, илтгэх санаа, ахуй амьдрал дээр өвөрмөц байдгаас монгол соёл сэтгэхүйгээр дулимаг хүмүүс болон бусад үндэстний гар урлаачид яаж урласан ч тэрхүү ур чадвар, төрхийг гаргаж чадахгүй юм. Материалын хувьд яс, эвэр, арьс шир, олс, байгалийн эрдэнийн чулуу зэрэг эх байгалиас үүсэлтэй, боловсруулалтын талаар уламжлалт арга барилд түшиглэдгээс ур чадвар сайтай, нарийн нягт байхаас гадна үндэстний соёл сэтгэлгээ уусаж байдаг. Иймээс залуу үеийн хэсэг гар урчуудыг хүмүүжүүлэх явдал хамгийн тулгамд шаардагдаж байна гэж байлаа.

Гурав. Хэсэг бүлэг хүмүүс ашиг орлогын хойноос хөөцөлдөж, дууриаж орлуулан хийж байгаагаас монгол гар урлалын бүхий л үнэ цэнийг унагаж байна.

 Тал нутаг, монгол амьдрал бол Өвөр Монголын гол онцлог юм. Гар урлалын зүйлс олон байгаа ч нүд сэтгэлд аятай, уран нарийн, хүмүүсийн дур сонирхлыг татмаар зүйл тун цөөн байлаа. Маш олон гар урлаачид ашиг орлогыг хөөцөлдөн соёлын агуулгыг орхигдуулж, дууриан орлуулан хийж, гажуудуулан зохиож, гар урлалын бүтээгдэхүүний сэтгэмж, чанар, загвар хийц нь энгийн болсноос үнэтэй бэлэг болгож өгөхийн аргагүй байдаг ажээ.                                                                                                                                                                   - Би шатрын сийлбэрчин болохоор хийсэн бүтээлүүдээ нэлээдийг нь хадгалж байна. Эдгээрийг урлахад өртөг нь туйлын өндөр бөгөөд зах зээлд гараад үнэ өртөг нь харин харьцангуй доогуур байдаг. Жишээлбэл, хос шатрыг сийлэхэд бүтэн гурван сар зарцуулдаг байхад үнэ ханш нь түүнийг урлаж бүтээсэн цагтай шууд харьцаа болж чаддаггүй. Энэ үзэгдлийг бий болгосон шалтгаан нь хуурамч зохиомол үндэстний бүтээгдэхүүн зах зээлд гарч ирснээс юм. Хүмүүс гар урлалын жинхэнэ утга учрыг мэдэхгүй, хямд төсрийг нь эрж хайдаг гэж биет бус соёлын өвийн уламжлагч Сайнзаяа ярилаа.

Харин өнөөдрийн зах зээлд борлуулагдаж байгаа үндэстний гар урлал хийж бүтээгчдийн олонх нь монгол зан заншил, ёсыг журмыг мэдэхгүй учир зан заншил соёл иргэншилтэй нийцэхгүй буюу цаашлаад үндэстний соёл иргэншлээс гажсан зүйлүүдийг маш олноор нь хийж бүтээж байна.

Хөгжүүлэх арга зам. Уламжилж хөгжүүлэх арга замыг өргөтгөж, хамтын хүчээр гар урлалын бүтээгдэхүүнийг аж үйлдвэржүүлэн хөгжүүлнэ

Анхны “Өвөр Монголын монгол урчуудын нийгэмлэгийн бэлтгэл хуралдаан” Хөххотод болж өнгөрсөн.

Тус хуралд Өвөр Монголын бүх аймаг хот болон Бээжин, Шиньжян, Гансү, Хөхнуураас хүрэлцэн ирсэн 120 гаруй оёдолчин, сийлмэлч, алт мөнгөний дархан оролцож, бүх газрын монгол урчуудын хоорондох харилцаа холбоог сайжруулж, харилцан туршлагаа солилцон, бүтээгдэхүүнээ харилцан танилцуулах боломж олгож, монгол гар урлалын бүтээгдэхүүний зах зээлийн нөлөөг өргөтгөхийг зорьсон байна.

- Монгол үндэстний гар урчуудын холбоо байгуулах нь маш сайн хэрэг болсон. Холбоо байгуулахад бүх газрын урчууд харилцан танилцан туршлагаа солилцох боломж нөхцөлийг хангаж өгсөн. Энэхүү холбоо зар дамжуулж, монгол гар урлалын бүтээгдэхүүнийг нарийн баглан боох борлуулалтын замаа өргөтгөх зэргээр Өвөр Монголын монгол гар урлалын бүтээгдэхүүний зах зээлийг боловсронгуй шатанд хүргэж болно. Одоогийн борлуулалтын арга зам нь урчуудын бүтээл бусдын гараар дамжиж хэрэглэгчдийн гарт хүрдэг учир хүч хөдөлмөрөө зарцуулж хийсэн урчууд ашиг олохгүй харин наймаачид ашгийг нь хүртдэг. Хэрвээ урчууд холбоо болон борлуулалтын газар, сүлжээ дэлгүүртэй болчихвол энэхүү байдлаас зайлсхийх боломжтой гэж Өвөр Монголын Чан Дэ засал чимэглэлийн дизайнер Сайшаалт ярьж байсан юм.

- Нийгэм дээр хуучны гар урлалууд нэлээд байгаа ч энэ тухай үндэс баримтыг нь хайна гэхэд маш хэцүү, ном сударт тэмдэглэгдсэн нь ч цөөн, зарим сонин сэтгүүл дээрээс л зах зухыг нь олж хардаг. Энэ байдалд чиглэн нийгэмлэг байгуулж нийгэм дээрх эрдэмтэн багш нар, настай буурлууд хамтарч ном бичвэл манай үндэстний гар урлалын хожмын уламжлалд нэмэр болж чадна гэж Хөлөнбуйр хотын Эвенк хошууны 70 гаруй настай Буриад гар урлаач Өлзий санал бодлоо хуваалцаж байсан юм.

Бас нэгэн баярлууштай зүйл нь Өвөр Монголын Багшийн Их Сургууль 2010 оноос эхлэн Үндэстний гар урлал ба Үндэстний хувцас заслаар бакалаврын элсэлт авдаг болж, монгол шилдэг гар урчууд, багш нарыг урьж хичээл заалгаж байна. Энэ нь үндэстний гар урлалд дур сонирхолтой залуучуудад уламжлалт зүйлсийг уламжлан авч үлдэхээр барахгүй одоо цагийн урсгал хэв загварт зохицсон шинэ зүйлсийг таниулж, гар урлалын шинэ үеийг хүмүүжүүлж байна. Монгол гар урлал хөгжлийн шинэ эринээ угтахад зөвхөн гар урчуудын холбооны хичээл зүтгэл бус хамгийн чухал нь засгийн ордны дэмжлэг, төрийн бодлого байх хэрэгтэй. Энэ бол монгол гар урчуудын хүсэл байлаа.

Үндэстнийх бол дэлхийнх байдаг, олон жилийн эрэн сурвалжаар монгол соёлын чухал нэгэн хэсэг болсны хувьд монгол гар урлалын хөгжлийн боломж нөхцөл өдөр ирэх тутам боловсорч, хөгжлийн гэгээ нэгэнт тодров. Тэр цаг үе нэгэн өдөр хүрч ирэх болтугай!

 

 

Зохиогч: Улаан, Цолмон, Намаг
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл