
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 27-ны үдээс хойш Куала Лампурт болсон АСЕАН, Хятад, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцов. Уулзалт "Боломжийг бий болгож, хөгжил цэцэглэлтийг хуваалцах нь" сэдвийн дор болсон юм. АСЕАН-ы ээлжит дарга орон Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, ПБАОХАЗ-ийн дарга орон Кувейтийн угсаа залгамжлах ханхүү Сабах, АСЕАН болон ПБАОХАЗ-лийн гишүүн орнуудын удирдагчид нар дээд хэмжээний уулзалтад оролцсон байна.
Ли Чян:
- Хятад, АСЕАН, ПБАОХАЗ-лийн орнуудын найрсаг харилцаа өнө удаан жилийн түүхтэй. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн өсөлт сул байгаа энэ үед гурван талт дээд хэмжээний уулзалт иймэрхүү харилцааны тавцан, хамтын ажиллагааны механизмыг бий болгосон нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон бүтээлч үйл явдал юм. Гурван тал нягт харилцаа холбоо, хамтын ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн эрч хүчтэй тойрог, өсөлтийн туйл бий болгох боломжтой юм. Энэ нь өөр өөрийн эдийн засгийн хөгжил цэцэглэлт, Ази болон дэлхийн энх тайван хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.
Ли Чян мөн:
АСЕАН болон ПБАОХАЗ-тэй гурван талт түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах өндөр чанартай үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, дэд бүтэц, зах зээлийн дэг журмыг эрчимжүүлэн, эрчим хүч, хөдөө аж ахуй, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон болон нүүрстөрөгч багатай салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн солилцоог ахиулахад Хятад улс бэлэн байна. Мөн АСЕАН болон ПБАОХАЗ-лийн орнуудад визний хөнгөлөлт үзүүлэхэд бэлэн байна. Дэлхий ертөнцийг харахад гурван тал хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахын тулд НҮБ зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэх ёстой гэж хэлэв.
