solongonews
Алтан тооройн хөхөө
2015-05-06 15:17
Алтан тооройн хөхө
Зүүнгар Буянбат

Дуучин Бадамын хуурцагны найран дээр уншсан шүлэг

Та нар сонс

Чимээгүйхэн сонс

Алтан тэмээний нуруун дээр

Тэнгэр цөлмөн дуу нисэж байна

Та нар сонс

Анир гүмхэн сонс

Ар говийн зүүдэнд цэцэг ургуулан

Алтан гургалдай дуулж байна

Тэмээн сүргийн дэргэдээс

Төрийн өндөрлөг хүртэл

Дээвэр цагаан гэрээс

Дэлхийн сонор хүртэл

Бадам гуай дуулж байна

Бадайнжараны элсийг энгэрээсээ мэгштэл

Баатар хар жанжныг дотроосоо нуртал

Баянсүмбэрийн оргилыг од шүүрэн цамнатал

Байванг цагаан гэрийн ханын нүдийг мишээтэл

Бадам гуай дуулж байна

Зэлтэй унага, аргамжаатай ботго

Зээрийн янзага, зээргэнийн мөчир

Бичээгүй шүлэг, учраагүй амраг

Биелээгүй бүжиг, амтлаагүй жаргал ...

Орчлонтой чацуу

Хаан аялгуу

Уртын дуу минь

Цалгиж байдаг юм

Уртын дуунд

Сар асгарч, дэлхий нялхарнам

Уртын дуунд

Салхи өлмийлж, уул давхинам

Та

Дууны одонд төржээ

Та

Дуулахын заяанд дөрөөлжээ

Цэнхэр агаар зүсэж

Цээлхэн хоолой уянгалахад

Чандган цагаан морь

Чөдрөө тасчин хууранд хувилна

Чинэрсэн хүрэн уул

Чилээгээ хувцас мэт тайлна

Цэцгийн нулимс хорвоог аргадаж

Цэнгэлийн “магнай хагарна”

Чоно зээр хоёр

Үрээ эгшээххийн агшинд

Чулуу цэцэг хоёр

Үлгэрээ ширгээхийн хоромд

Дуучин удмын хоймор мялааж

Дууны тэнгэртэй төржээ

Хөх сүмбэр Алтайн дууч

Хөхөөний шүлсийг амсжээ

Дуулахын хий-мориор татуулж

Дуулиант хорвоод хөлд оржээ

Дуугүй бурхныг дуу дуулж

Дутуу ертөнцийг дуугаар дүүргэжээ, та минь

Ая дууны жигүүр чинь

Алтан дэлхийн дэлхийн хаяа тэлнэ

Айраг сэнгэнэсэн шуранхайгаар чинь

Ар нутгийн алдар цуурайлна

Та нар сонс

Таг чимээгүй үргэлжлүүлж сонс

 

Зохиогч: Зүүнгар Буянбат
Эх сурвалж : www.holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл