ӨМӨЗО-ны Өвөр Монголын Урлагийн Их Сургуульд урилгаар ажиллаж байгаа Батболдын Баттулгын гэр бүлтэй уулзаж, ажил амьдралтай нь танилцлаа. Б.Баттулга гэргий хоёр хүүгийн хамт Хөххотноо ажиллаж амьдарч байгаа билээ. Манай сониноор дамжуулан эх орондоо байгаа аав ээж, ах дүү, төрөл садан, монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүлснийг та бүхэндээ хүргэе.

Батболдын Баттулга 1985 онд Улаанбаатар хотноо төрж, 1-4 ангиа Украйн улсын Киев хотноо суралцаж, 1997 онд эх орондоо эргэн ирж Хөгжим бүжгийн коллежид элсэж орсон цагаас морин хууртай холбогдсон. 2005 оноос Хөгжим бүжгийн коллежийн уртын дууны хамсран хөгжимдөгч багшаар ажиллаж байгаад 2015 оны 11 сараас Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуульд урилгаар ажиллаж байна. Тэрээр ярихдаа: - Залуу хүний хувьд өөр улс, өөр орчинд хил дамнан ажиллаж амьдрах хүсэл сонирхол маш их байсан. Хоёр улсын морин хуурын хөгжлийн хувьд харьцангуй байдаг ч энэ байдлыг нэгтгэж нэг болгохдоо биш, хоёр монгол туургатны морин хуурын хөгжилд өөрийн хувь нэмрээ бага болов ч оруулахаар хүсэж зорьж явна гэж байлаа.
Дуучин Дорждагва, Оюун-Эрдэнэ нартай хамтран Соёл Урлагийн Их Сургууль, Соёлын Дээд Сургууль, Хөгжим бүжгийн Сургуулийн хамгийн сайн дуулдаг хүүхдүүдийг цуглуулж уртын дуучдын бүлгэм байгуулж байсан 2008 онд анх гэргий Б.Анхцэцэгтэйгээ танилцаж, өнөөдөр хоёр хөөрхөн хүүгийн эцэг эх болоод сайхан амьдралыг босгоод аз жаргалтай сайхан байгаагаа бидэнд хуваалцсан юм.
Гэргий Балжиннямын Анхцэцэг Соёлын Дээд Сургуулийг 2009 онд уртын дуучин мэргэжлээр төгссөн. Хоёр хүүгийн ээж болж, өсгөж хүмүүжүүлээд мэргэжлээсээ жаахан хөндийрсөн ч одоо хоёр хүү нь гараас гарч эргээд уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаа. Хөххотод уртын дуу дуулах сонирхолтой хүүхдэд уртын дуу дуулах техник, арга барилыг өөрийн хэмжээнд заан сургаж явна.


- Хөххотод ажиллаж амьдарч байгаадаа маш их баяртай байгаа. Гэхдээ нутаг ус, аав ээж, ах дүүгээсээ хол байна гэдэг бас тийм амар биш л дээ. Залуу хүмүүсийн хувьд хилийн дээс алхаад ажиллаж амьдарч байгаа маань манай гэр бүлийн хувьд маш том ололт гэж бодож байна. Аливаа зүйлийг арай өөр өнцгөөр хардаг болж, Монгол Улсаа их хайрлаж, хандах хандлага ч өөр болсон. Их зүйлийг хийж бүтээгээд эргэж очоод илүү ихийг хийх хүсэл тэмүүлэлтэй болж байгаа хэмээн ярьж байлаа.
- Орчин үе сайхан болсон байна, техник хөгжөөд аав, ээж гэр бүлийнхэнтэйгээ үргэлж холбоотой байдаг ч хэлж амжаагүй, үргэлж хэлээд байж чаддаггүй үгээ танай сониноор дамжуулан хэлэхэд, энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээж, аавдаа маш их хайртай, өвөө эмээдээ эрүүл саруул энх тунх байхыг хүсэж байна. Алс холын Увс аймгийн Өмнөговь суманд байгаа эмээдээ, Увс аймгийн Ховд суманд байгаа хамаатан садан бүх ахан дүүсдээ мэнд дэвшүүлж, урт удаан насалж, эрүүл энх байгаарай бид сайн яваа, санаа зоволтгүй шүү. Мөн нийт монголчууддаа бие биенээ хүндэлж хайрлаж яваарай, элэг бүтэн амьдрал, эрүүл энх байхыг гэр бүлийнхээ зүгээс хүсэн ерөөж байна.
- Танай төвийн хамт олонд маш их баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Төвийн нэр нь хүртэл сайхан гэгээлэг юм байна. Бид энд ирээд удаагүй байгаа ч танай сонинтой уулзаж байгаа нь бидний ажил солонго мэт сайхан гэрэл гэгээтэй гэгээлэг байна гэж итгэж байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
