Монгол Улс, Бүгд Найрамдах Дундад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 7дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө.

Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНДАУ-ын Хууль зүйн яамны Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны газрын дэд дарга Жан Шиаомин тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНДАУ-ын хоорондын гэрээ” болон “БНМАУ, БНДАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэж, хамтын ажиллагааны талаар санал солилцож яамдын шууд харилцааг идэвхжүүлэн цаашид улам хурдацтай болгох техникийн чанартай найман асуудлыг шийдвэрлэж протокол байгууллаа.
Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Монгол Улсаас БНДАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Энхсүх, атташе Т.Бат-Орших болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Монгол Улсын төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг Дундад улсын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Дундад Ард Улс хоорондын гэрээ” хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг шилжүүлэн эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх хүсэлтийг Дундадын тал судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид БНДАУ-ын Хууль зүйн яамны харьяа Ян Чин хорих газрын үйл ажиллагаатай танилцаж, тус хорих ангид хоригдож буй Монгол Улсын иргэнтэй уулзаж ял эдэлж буй нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдалтай нь танилцан, харилцан ярилцаж түүнд тухайн хорих ангийн зохих журмын дагуу санхүүгийн туслалцаа үзүүллээ.
