solongonews
“Баясгалант хөл бөмбөгийн наадам”-тай хүүхдийн баяр
2015-06-02 10:47
“Баясгалант хөл бөмбөг”-гийн наадам хийж “6.1”-ний хүүхдийн баяраа угтаж тэмдэглэсэн нь энэ байжээ.

 

Алтан нар зулай дээр нь зумс зумс

Алаг цэцэг өлмий доор нь өндөс өндөс

Эрээн бөмбөг өвөр дотор нь бултас бултас

Эрвий дүү нар түүнийг дагаад дэрвэс дэрвэс

Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн зураг шиг, бас шүлэг шиг ийм нэгэн арга хэмжээ бүтэн гурван өдөр үргэлжиллээ. Уг нь тэд “Баясгалант хөл бөмбөг”-гийн наадам хийж “6.1”-ний хүүхдийн баяраа угтаж тэмдэглэсэн нь энэ байжээ.

5 дугаар сарын 26-ны өглөө цэцэрлэгийн бага ангийн хүүхдүүд талбай дахь баавгай, туулай, муур, хулгана зэрэг хүүхэлдэйн баатрууд хөөрхөн хүүхдүүдээ дагуулан цог жавхаат хөгжмийн аяар цохилго тааруулан алга ташицгааж, наадмаа эхлүүллээ. Дараа нь анги бүлгээр баг болгон хүүхэд бүр нэг хөл бөмбөг тэврэн талбайд орж, монгол хүүхдийн дууны аянд хөл бөмбөгийн бүжиг бүжиглэж хурсан олны бахархлыг төрүүлж байлаа. Дэлхийн хөл бөмбөгийн оддын дугаарыг хадсан тамирын хувцас нь томдож өвдгөөс нь давчихсан, тэвэрсэн бөмбөг нь өвөрт нь багтаж ядан мултран унахад хойноос нь бөмбөр бөмбөр гүйх эрвий дүү нар яасан хөөрхөн гээч!

Хамтын арга хэмжээ дууссаны дараа хүүхдүүд багшаасаа тоглоомын заавраа авч урд луут бөмбөг өшиглөх, лонхны амсар дээр бөмбөг тавих, бөмбөг хавчиж гүйх, бөмбөг оруулах зэрэг 12 төрлийн хөл бөмбөгийн сонирхолтой хөгжөөнт тэмцээнд оролцож эхлэв. Хүүхдүүд нэг тоглоомынхоо зааврыг амжилттай биелүүлбэл багш нь нэг тамга дарж өгнө. Тамга нь олон болсон хүүхдүүд илүү ихээр хөөрнө. Мөн зарим нь бусдаасаа хоцорчихлоо хэмээн уйлагнаж гүйх нь яахын аргагүй хөөрхөн. Зарим тэмцээнд хүүхдүүд аав ээжтэйгээ хамжин гүйцэтгэхээр зохион байгуулсан байсан нь “Эцэг эхчүүдэд гэрийн биеийн тамирын дасгалыг хүндэтгэх, хүүхдийн бие махбод, оюун ухаан, сэтгэцийн гээд бүх талаар адилхан эрүүл чийрэг хүмүүжүүлэх ойлголттой болгохын төлөө юм гэж цэцэрлэгийн сургалтын албаны эрхлэгч Өнөрцэцэг тайлбарлан ярьж байлаа.

Дараагийн хоёр өдөр цэцэрлэгийн дунд анги болон ахлах ангийн хүүхдүүд мөн өдрийн адил тэмцээн уралдаанаар хүүхдийн баяраа угтан тэмдэглэсэн юм. Хөххотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг нь анх удаа ийм онцгой утга агуулгаар хүүхдийн баярыг тэмдэглэж байгаа юм. Энэ тухай цэцэрлэгийн захирал Ү Хайтан: - Өвөр Монгол нь Дундад улсын цорын ганц хөл бөмбөгийн туршилтын чиг болсны хувьд манай цэцэрлэг ч “Нахиа нэрэмжит” хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээний төв болсон юм. Бид хүүхдийн хөл бөмбөгийн баг байгуулж, энгийн чөлөөт цагаар дасгал хийлгэж байна. Энэ жил анх удаа “Баясгалант хөл бөмбөг” гэх гол сэдвээр сонирхолтой хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Хүүхдүүдээ олон талын дур сонирхолтой болгон хүмүүжүүлэх суурийг тавьж өгөх, хожим нь олон олон уралдаан тэмцээнд оролцож, дэлхийн тэмцээний тавцнаас хүүхдүүдээ олж харахыг хүсэж байна гэж байлаа.

 

 

Зохиогч: Болорцэцэг, Соёмбо
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл