4 дүгээр сарын 18-ны өглөөний 4:30-д Алтангарди бүсгүй Гэгээнтуяатайгаа хаврын нэгэн өдрийн ажил амьдралаа эхлүүллээ. Гэгээнтуяагийн нэг өдрийн ажил 35 үнээгээ саахаас эхэлдэг. Энэ үеэр Алтангарди малын хашаа саравчаа цэвэрлэж малдаа өвс өгөхөөр бэлтгэл хийгээд ажил ихтэй.
- Манайхан ногооны дарш ба эрдэнэ шишийн иш сүрлээр малаа тэжээдэг. Өнгөрсөн жил бороо хур цөөтэй байсан тул эрдэнэ шишийн ургалт бага, иш сүрэл хүрэлцэхгүй болсон. Зэргэлдээх гацаанаас эрдэнэ шишийн иш сүрэл худалдан авснаар малаа мэнд өвөлжүүллээ гэж Алтангарди малдаа өвс өгөх зуураа ярьж байлаа.
Тийнхүү өвс өгч дуусаад гэртээ ороход үнээгээ сааж дууссан Гэгээнтуяа өглөөний хоолоо бэлэн болгочихоод хүлээж байв. Тэрээр тутарганы будаатай хуурсан хоол бэлджээ. Сүүлийн жилүүдэд Хорчин нутгийн ихэнх айлд сүүтэй цайндаа мах хөшиглөж уудаг уламжлалт монгол заншил харагдахаа больсон юм. Хоолны дараа Алтангарди Гэгээнтуяатайгаа химийн бордоо, өдөр тутмын хэрэглээний зүйлээ худалдан авахаар Элсэн суурин зүг зорьлоо. Алтангарди тариаландаа малын хүрзэн хийдэг ч зарим хэсэг газарт нь химийн бордоо оруулдаг байна.
Баянтал гацаа Элсэн сууринтай ойрхон байрладаг тул Алтангарди Гэгээнтуяа хоёул нэг их удаж төдөлгүй буцаж ирэв. Өмнөх өдөр нь Алтангардийн хадам ээж охиноо эргэж ирээд байсан тул Гэгээнтуяа хоёр ээждээ цайны боорцог сэлт авчирсан байлаа. Гэгээнтуяа хоёр настандаа цай, ус ойртуулахын зэрэгцээ зуухандаа гал ноцоож хурууд хийж эхлэв.
- Тогоо тулга холбож айл гэрийн амьдрал зохиосноос хойш манайх цагаан идээгээр тасраагүй. Төрөл садангууд маань хотод ажиллаж амьдардаг болохоор тэд нарынхаа цагаан идээг ч таслахгүй байхсан гэж боддог хэмээн Гэгээнтуяа хийж гаргасан хуруудаа хараад өгүүлж байлаа.
Үдээс хойш Алтангарди бэлчээрээсээ ирсэн малаа усалж дуусаад Гэгээнтуяатайгаа хамт тариалангийн газартаа очиж, овоолоостой нутгийн бордоогоо цацаж тэгшлээд тариа тарихад бэлэн болголоо.
- Манайхан одоо бүр машинаар нутгийн бордоо цацдаг болсон боловч хүний хүчээр цацсаны дайтай нягт биш байдаг учир бид машин хэрэглэдэггүй гэж Алтангарди тариалангийн газар дээр ажиллангаа ярьж байв.
“Жилийн ажил хавартаа” гэдэгчлэн Алтангарди, Гэгээнтуяа хоёул мал нь өнөр өссөн, тариа нь элбэг ургацтай сайхан жил болохыг хүсэн мөрөөдөж хаврын ажилдаа ханцуй шамлан орж, урамтай ажилласаар.
