Аргай бол монголчуудын их эртнээс уламжлан ирсэн шагайн тоглоомын нэгэн төрөл болно. Аргай тоглоомыг заримд нь: “Гура тоглоом” гэж, заримд нь: “Үхрийн шагайн гура” гэдэг байна. Ид хүчээ нэмэгдүүлж, харвах намнахад цагаарах, мөн эрхий хурууны эрдмийг боловсруулахын тулд “Аргай тоглоом”-ыг мөсөн дээр тоглодог байна. “Аргай”-г үхрийн шагай, бугын шагай, тэмээний шагайгаар хийдэг байжээ.
Аргай хийх шагайгаа цагаа эсвэл шар усанд дэвтээгээд хоёр талыг нь хавтгай болгон засаж, хүйсний дунд нь тугалга буюу гууль цутгаж, хүндийг нь нэмэгдүүлэн гал бууны саа эсвэл тэрэгний тэнхлэг шигтгэдэг. Ингэж хийсэн шагайг Аргай гэж нэрлэнэ. Үүнийгээ монголчууд “Аргай харвана” гэдэг байжээ. Олзондоо хонь, ямаа, зээрийн шагай тавьдаг болохоор ерөнхийд нь “Аргай шагайн тоглоом” ч гэдэг байна. Аргай тоглоход тоглоомын ахлагч нь шагайгаа харвалтын газар овоолж, гадуур нь аргайгаараа “Найзын хүрээ” гэж тойрог нь тохойн чинээ хүрээ зурж, наадамд оролцох хүн бүрээс нэгэн шагай авч бүгдийг нийлүүлээд орхидог байна. Аргай орхих явцад хэний шагай нь угалз талаараа туссан бол хамгийн түрүүнд харвана. Хамгийн түрүүнд харвах хүнийг “Уяаны хүн” гэж, хамгийн сүүлд харвах хүнийг “Лагийн аргайчин буюу лагчай ” гэж нэрлэдэг гэнэ.
