"Ногоон ирээдүй ба соёл иргэншлийн харилцан суралцахуй" сэдэвт Хятад, Латин Америкийн олон улсын 3-р симпозиум өмнөхөн Бразилийн Рио-де-Жанейро хотод болов.
Энэ удаагийн симпозиумыг Хятадын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн алба, Рио-де-Жанейрогийн Холбооны Их Сургууль, Минас-Жерайсийн Холбооны Их Сургууль, БНХАУ-ын Ардын Их Сургууль болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран зохион байгуулж, Хятад, Бразил, Аргентин, Коста Рика, Перу болон бусад орны 100 шахам мэргэжилтэн, эрдэмтэн "Ногоон хөгжил хийгээд соёл иргэншлээ хамтдаа хуваалцъя-Хятад, Латин Америкийн хамтын ажиллагааны шинэ боломжууд" гэх гол сэдвээр сайн бодлого, стратегийн талаар хамтдаа хэлэлцлээ.
Нээлтийн ёслолд БНХАУ-ын Ардын их сургуулийн Хөдөө аж ахуй хийгээд хөдөө тосгоны хөгжлийн дээд сургуулийн профессор Лю Жиньлун:
- Энэ удаагийн хурлаар голдуу ногоон хөгжлийн үзэл баримтлал хийгээд хөгжлийн туршлага, эрчим хүчний өөрчлөлт, биологийн олон янз байдалд ээлтэй хүнсний худалдаа болон нийлүүлэлтийн сүлжээ, ногоон соёл иргэншлийн солилцоо болон харилцан суралцах зэрэг сэдвүүдээр хэлэлцэх болно гэж танилцууллаа.
Хурлын хаалтын ёслол дээр Хятадын Ардын их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Жан Дунган:
- Хятад, Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд нь дэлхийн өмнөд хэсгийн чухал гишүүдийн хувьд экологийн соёл иргэншлийн засаглалд тууштай оролцогч, идэвхтэй хэрэгжүүлэгч, түншүүд, чухал хувь нэмэр оруулагчид юм гэж хэлэв.
Минас-Жерайсийн Холбооны их сургуулийн дэд захирал Азиз Салиба:
- Бразил, Хятадын харилцаа улам ойртон нягтарч байна. Олон талт үзлийг хэрэгжүүлэх болон тогтвортой, эрх тэгш хөгжлийг ахиулах талаар хоёр тал маш их санал нэгтэй байна. Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй дэлхийн орчинд, илүү тогтвортой хөгжсөн нийгмийг бий болгоход Бразил, Хятад хувь нэмрээ оруулж чадна гэдгээ илэрхийллээ.
