"Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын жишиг бүсийн хувьд Хятад болон Төв Азийн бүс нутгийн эдийн засаг худалдааны харилцаа тасралтгүй гүнзгийрч, худалдааны цар хүрээ ч улмаар өргөжиж байна. Гаалийн статистикийн мэдээгээр, Хятад улсаас Төв Азийн таван оронд хийсэн импорт экспорт 2013 онд 312 тэрбум 400 сая юань байсан бол 2024 онд 674 тэрбум 150 сая юаньд хүрч, 116 хувиар нэмэгдсэн буюу жилийн дундаж өсөлт 7.3 хувьд хүрсэн байна. Энэ оны эхний таван сард Хятад улсаас Төв Азийн таван оронд хийсэн импорт экспортын хэмжээ 286 тэрбум 420 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувь нэмэгдэж, цар хүрээгээр ч мөн үеийн түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Үүний дотор экспорт 188 тэрбум 180 сая юань болж, 5.6 хувь нэмэгдэж, импорт 98 тэрбум 240 сая юань болж, 21 хувь өссөн байна.

Хятад улс Төв Азитай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй судалж байгаа бөгөөд Төв Азийн ногоон, чансаатай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд өргөнөөр нийлүүлж байна. Энэ оны эхний таван сард Хятад улс Төв Азийн таван орноос 4 тэрбум 360 сая юанийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон нь 26.9 хувь нэмэгдсэн бол үүний дотор Казахстанаас маалингын үрийн импорт 202.1 хувь, Узбекистанаас үзэм 153.7 хувь, Киргизээс зөгийн бал 10.9 дахинаар тус тус нэмэгдсэн байна.
