solongonews
Дундад улсын боловсрол дэлхийд үнэлэгдэж эхлэв
2015-07-29 15:45
ССTV-гийн мэдээлж буйгаар дэлхийн 20 гаруй орны их сургуулиуд Дундад улсын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог албан ёсоор тооцох болсон байна.

Дундад улсын ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдөөс авдаг элсэлтийн шалгалт буюу  гаокаогийн оноог гадаадын 40 орчим  их сургууль хүлээн зөвшөөрдөг болжээ. ССTV-гийн мэдээлж буйгаар дэлхийн 20 гаруй орон тэр дундаа АНУ, Австрали, Канад, Сингапурын их сургуулиуд Дундад улсын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог албан ёсоор тооцож, өндөр оноо авсан хүүхдүүдийг шууд элсүүлдэг болсон байна.

Ингэснээр улсын шалгалтад өндөр оноо авсан Дундад улсын сурагчид заавал TOEFL, SAT юм уу IELTS-ийн шалгалт өгөх шаардлагагүй болж байгаа аж. Эдгээр шалгалтад хүүхдүүд богино хугацаанд бэлтгээд оноогоо сайжруулж чаддаг бол Дундад улсын гаокао шалгалтад өндөр оноо авахын тулд олон жилийн хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Тийм ч учраас гадаадын их сургуулиуд Дундад улсын элсэлтийн ерөнхий шалгалтыг хүлээн зөвшөөрөх нь нэмэгдэж байна хэмээн Сан-Францискогийн их сургуулийн дэд захирал Стэнли Нэйл ярьжээ. 

Ази оюутнуудыг олон мянгаар нь сургаж, боловсролоо экспортлох бодлого барьж буй Австралид гэхэд Сиднейн их сургууль, Австралийн Үндэсний их сургууль, Монашийн их сургууль бүгд гаокаог хүлээн зөвшөөрдөг болсон бөгөөд гагцхүү англи хэлний түвшин өндөр байхыг шаардаж буй аж. Дээд боловсролыг бизнес болгон хөгжүүлж буй Өмнөд Солонгос, Сингапур, Канад улсууд ч Дундад улсын оюутнуудыг дуртайяа элсүүлж байгаа аж.

Өнгөрсөн жил Дундад улсаас 460 мянган оюутан хилийн чанадад сурахаар одсон нь 2013 оноос 11 хувиар өссөн үзүүлэлт гэж Боловсролын яамнаас нь мэдээллээ. Дундад улсын оюутнууд ингэж гадаадад олноороо суралцах болсон нь нэгдүгээрт амьжиргааны түвшин дээшилсэнтэй холбоотойгоос гадна боловсролын чанар сайжирсны нэг илрэл юм.

Эх сурвалж : China Daily
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл