Зэс боловсруулах үйлдвэрийг би уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр төсөөлдөг. Тэгтэл биш юм аа. Биднийг очиход сендвичин барилгын гаднах зам засвар, барилгын ажил эд явагдаж байв. Хаалгаар ортол тэр том сендвичин барилгын буланд үйлдвэрлэл явагдаж байна. Үйлдвэрийн даргыг эс тооцвол гурван хүн ажиллаж байна. Тэд хил залгаа Орос улсаас хаягдал зэс авдаг гэж байлаа. Тэгэхдээ бас болоогүй ээ зэсээ тэнд нь хайлуулж хавтгай гулдмай маягтай болгоод авчирдаг байна. Үүнийгээ тэд нэгдүгээрт, зэсийн хаягдлаа өндөр температурт хайлуулдаг. Тиймээс утаа их гарна. Хоёрдугаарт, тээвэрлэхэд хялбар, өртөг багатай гэлээ.
Үйлдвэр доорхи зарчимаар ажиллана.
Гулдмайг хайлуулах хэсэгт оруулна. Үүний тулд модны нүүрс ашигладаг гэж байсан. Ямар ч утаа тортог алга, их зай талбай ч хэрэггүй. Ер нь ямар ч хүндрэл алга. Гарах хаягдал хог энэ тэр ч гэж үгүй. Нэг машин дээр нэг л хүн ажиллаж харагдсан.
Ингээд хайлуулсан зэсээ шахаж 2,5 см-ийн диаметртэй зэс утас болгон гаргана. Утас автоматаар дамарт ороогдоно. Нэг машинаас зургаан зэрэг зэс утас гарна гээд бодохоор бүтээмж өндөртэй байгаа биз.
Тэр үйлдвэрт хоёр ийм тоног төхөөрөмж байх бөгөөд 12 зэрэг утас гардаг. Шат дамжлагыг нь зурган дээрээс харна уу. Шаардлагатай бол бид энэхүү үйлдвэрийг зах зээлээс хайж нийлүүлж болох л юм. Хүндрэл гарахгүй ээ.
Үйлдвэр зэс утаснаас гадна сантехникийн зарим бүтээгдэхүүнийг зэсээр үйлдвэрлэдэг гэж байсан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах гэж зовохгүй, буцаагаад Орост нийлүүлчихнэ. Гайхалтай биш гэж үү. Танай улсад нэг ийм авсаархан үйлдвэр байдаг ч болоосой. /Үргэлжлэл бий/
Г.ЭНХТУЯА
