solongonews
Хар мөөгний зах зээлийн 10 хувийг нийлүүлдэг
2015-06-23 13:44
Дуннины иргэд хар мөөгний тариаланг илүүтэй эрхлэдэг юм билээ.

Айл болгоны гадаа шахуу мөөгний тариалан байгаа харагдсан. Тариалах гэж талбай ихээр шаардаад байхгүй. Нийлэг уутанд тухайн мөөг ургадаг модны үрдэс хийгээд л боллоо. Холоос тэр нь өндөр хүчдэлийн цахилгаан утсыг тусгаарлагч шаазан адил харагддаг юм билээ. Магадгүй тэд олноор нь цувруулан өлгөсөн болоод тэр биз дээ. Хар мөөг нь уушгийг сайн цэвэрлэдэг тул иргэд өргөнөөр хэрэглэдэг. Манай улсад ч энэхүү тариаланг эрхлэн, тариалсан хар мөөгөө хүнсэндээ хэрэглэхэд гэмгүй байх.

Оросууд хус модны мөөгөнд дуртай. Харин мөөгөө ойгоос л түүдэг.  Харин бид цагаан мөөгийг илүүд үздэг. Гэтэл хятадууд  хусны мөөгийг хус модны үрдэсийн тусламжтайгаар гэрийн нөхцөлд тариалж байна. Багагүй ч ургац авдаг гэсэн. Дуннины намын хорооны тамгын хэлтсийн даргын хэлснээр Хятадын хар мөөгний зах зээлийн 10 хувийг тэд хангадаг гэж байсан. Энэхүү тариалалтыг эрхлэснээр ядуу өрхгүй болж нэг хүний жилийн орлого нь 30 мянган юань буюу гурван түм,  манайхаар бараг л 9,3 сая төгрөг. Энэ нь сарын 775 мянган төгрөг болж байгаа юм. Энэ мөнгөөр Хятдын  аль ч тосгонд хангалттай амьдарч чадна. Тариалан эрхлэх газаргүй иргэдэд халамжаас зохих дэмжлэг үзүүлдэг гэж байсан.  Тйимээс энэ дүүрэгт ядуу өрх гэж байдаггүй юм билээ.

Дуннинд бүтээн байгуулалт эд өрнөж байна. Энд тэнд байшин барилга барьж байгаа харагдсан. Барилга барьж байна гээд олон хүн бужигнаж, чимээ шуугиан тарихгүй юм. Ихэнх баригдаж буй барилгын гаднах өнгөлгөөг боржуураар хийсэн харагдана. Тиймээс эдэлгээ удаантайн дээр үзэмж сайтай барилгууд босч байна. Гудамжны гэрэлтүүлгийг нь хараад атаархан сэтгэл чимээгүйхэн төрж байсан юм.  Хөөрхий дөө гэрлийн шонг нь хараад шүү дээ. Бусдыг нь яриад ч яахав. Гэрлийн шон нь үндэсний гэмээр хээ угалзтай, цэвэрхэн гэж жигтэйхэн. Харин манайд цахилгааныхаа утсаа хэмнээд гэрлийн шонг   оройгоор нь холбочихсон харагддаг. Энд Налайх явах замын гэрэлтүүлгийг жишээ болгон дурдаж болно. Тэгээд ажиллаад байна уу гэвэл бараг үгүй. Ихэнх нь салаад уначихсан. Үүний цаана хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэгдэж хаашаа, хэний халаас руу орж буй бол доо хөөрхий.

  Эндэхийн намын удирдлагууд нь хотын даргаасаа эхлэн хамаг л том албыг хашдаг.  Манайхан шиг даргаа  ажил хийлгэхгүй дээгүүр доогуур муулж, сонин хэвлэлд үнэн худал мэдээлэл бичүүлж гүйнэ гэж үгүй. Даргыгаа дэмжиж багаараа сайн ажиллаж чадах л юм бол даргатайгаа зэрэг дэвшдэг зарчимтай.  Түүнээс байцаагч байлаа гэхэд ахлах байцаагчаа алгасан газар хэлтсийн дарга болно гэж үгүй.  Тиймээс тэдэнд нэг нэгнээ давах гэсэн амбиц гэж алга. Дуннин хотын дарга бөгөөд намын дарга орлогч манайхны хэлдэг гэр хороолол дунд амьдардаг юм билээ. Иргэд нь нийтийн орон сууцад амьдрах сонирхол багатай.  Учир нь мөөгний тариалан эрхлэдэг учир тэндээ л амьдрахыг эрхэм болгодог. Гэр хорооллынхоо нөхцлийг сайжруулан цэвэр модоор үзэмж сайтай саравч, хаалт, ус зайлуулах хоолой зэргийг хийсэн нь гайхалтай санагдсан. Ер нь бол манай хотын төвөөс цэвэрхэн.

/Үргэлжлэл бий./

Г.ЭНХТУЯА

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл