solongonews
Л.Чулуунбаатар: Эх хэлнийхээ буянаар...
2015-06-03 10:26
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн урилгаар кирилл бичиг зааж байгаа Монгол Улсын Их Сургуулийн профессор Л.Чулуунбаатар багшийг сурвалжлахаар 4 дүгээр сарын 20-ны өдөр Өвөр Монголын Их Сургуулийн багш нарын тэнхимийг зорьж очлоо.

- Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

- Сайн сайн уу? Миний бие 1952 онд Монгол Улсын Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн. 1976 онд Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэлний ангид таван жил сурч, төгсөөд тусгайлан гадаад оюутнуудад 8 жил Монгол хэл заалаа. Түүнээс хойш одоог хүртэл ерөнхийдөө мастерын сургалтын дарга, их сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга, Монгол хэл, соёлын сургуулийн захирал зэрэг үүрэг тушаалыг хариуцаж ирсэн. 2014 оны 8 дугаар сард н.Баярмэнд багшийн урилгаар Монгол Судлалын Дээд Сургуульд өнөөдрийг хүртэл кирилл бичиг зааж байна. Энэ жилийн 6 сард Монголдоо буцна.

- Хөххот таны хувьд ямархуу санагдаж байна. Өөр аль аль газар орноор хичээл зааж байсан бэ?

- Өмнөх зууны наяад онд анх ирж байсныг бодвол Хөххот одоо сайхан хот болчихжээ. Улаанбаатартай харьцуулахад Хөххот маань агаар нь цэвэрхэн, нуур, модоор элбэг байдаг нь их онцлог юм. Үүнд, нэг зүйлийг хэлэхэд хүнд гурван зорилго бий гэнэ. Даруй хүүхэд гаргах, ном бичих, мод тарих. Ингэж хэлэхийн учир нь Хөххот таримал ургамлаар хотоо чимсэн нь жинхэнэ зөв зүйл болсон гэсэн үг шүү дээ.

Миний бие эх хэлнийхээ гэрэл гэгээ, их сургуулийнхаа ач буянаар өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. Түүнийхээ хүчинд би захгүй олон газраар захаа мушгиж явлаа. Европын алдартай Кембрижийн Их Сургууль, Лондонгийн Их Сургууль, Дорнын алдартай Токиогийн Их Сургууль, Дундад улсын Төвийн Үндэстний Их Сургууль, Ланьжөү дахь Баруун Хойдын Үндэстний  Их Сургууль зэрэг их сургуулиудаар уригдан багшилж, бас “гэр” хийж явсан маань энэ насны минь дурсамжит цаг үе. Дэлхийг тойрох ч мөн сайхан юм. Би эдгээр газар орноор зөвхөн хичээл зааж яваагүй, бас тухайн газрын хүмүүст Монгол хэл болон Монгол түүх соёлоо сурталчлахаа ер мартаагүй, энэ талаар бага ч гэсэн хувь нэмэр үзүүллээ гэж бодож байна.

- Дэлхийн нэртэй их сургуулиудаар багшилж явсны хувьд Өвөр Монголын оюутнууддаа хандаж зөвлөгөө өгнө үү, кирилл бичиг сурахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Оюутан гэдэг чинь үнэндээ “Оюуны ажилтан” гэсэн үг шүү. Нэг улс угсаатны соёл боловсролын хэм хэмжээг илэрхийлж болох хүчин зүйл. Ийнхүү эл улсын оюутнуудад хэл заасан минь эцэстээ “Олон шавьтай явна гэдэг их хувь заяа” юм. Ингэхэд оюутнуудын ялгаа бол хаа газар  оршин байдаг. Тэд маань “Толгой шийртэйгээ тогоо нийлнэ” гэгчээр сайнтай муутайгаа хамт байдаг. Миний ажигласнаар Өвөр Монголын оюутнуудын хувьд мэдрэмж сайтай, хэл сайтай, зүтгэлтэй хатуужилтай, хамтарч ярилцан судалдаг, асуулт их тавьдаг хүүхдүүд юм байна. Үүнд нэг зүйлийг хэлэхэд хятад хэл сураагүйдээ би баахан харамсдаг. Би чинь орос, англи, бичгийн төвд, ойр зуурын япон хэлтэй хүн шүү. Тиймээс миний бие оюутнууддаа хандаж дандаа хэлдэг үг бол үндэстний үг хэлээ амин зүрх шигээ санаж яваарай, эх хэлээ сайн сурсны сууринд нэмж өөр нэг гадаад хэл сурвал хол явах нэг сайн морьтой боллоо гэж захидаг юм.

Өвөр Монгол оюутнуудын кирилл бичиг бичих сурахын гол бэрхшээл нь хэлний үндэс суурь нь байдаг хэрнээ аялгаараа их зөрөөд байгаа. Манайхны яаж хэлнэ тэгж бичдэг нь бас ихээхэн төвөгтэй. Мөн дүрэм нь ч адилгүй юм чинь. Тийм нэг үндэстэн хойно Өвөр монголчууд маань сурч мэдэхдээ их л хурдан юм аа.

- Олон жил багшиллаа. Монгол хэл заах тусгай аргатай болсон байх аа. Туршлагаасаа хуваалцана уу ?

- Заах аргачлал гэж нэг их системтэй болоогүй хэдий ч өөрийн гэсэн дандаа хэрэглэдэг, баримталдаг нэг арга байгаа. Даруй ном их уншуулдаг, үг хуулан бичүүлдэг, өөрсдөөр нь ажиллуулж, алдаан дээр нь засдаг, босоо монгол бичиг, кирилл бичгийн ялгааг сайн тайлбарладаг. Нутгийн аялгууны зөрөөнүүдээр жишээ татдаг. Хамгийн хурдан сурч бататган, системтэй эзэмшээд, тууштай хэрэглэхэд нь тус болохыг хичээдэг.

- Мэдээж, та хэлний судалгаа хийдэг хүн. Олон олон бүтээлтэй байх аа. Таны хойшдын ажлын төлөвлөгөөний тухайд?

- Бүтээл судалгаа гэж нэг хүний ажил, сурлага, мэргэжлийн дагуу хийгдэх зохистой юм гэж бодно. Хэдий үлэмж бүтээл туурвиагүй ч гэлээ эрдмийн хэрд өөрийгөө үнэлэх, ард түмнээрээ үнэлүүлэх зохиол бүтээлийг бас оролдон зохиож, судлан үзлээ. Ингээд бусадтай хамтарсан, өөрийн найруулсантайгаа бодвол ерөнхийдөө “Монгол ярианы ном”, “Төвдөөр гийсэн монгол мэргэд”, “Нүүдэлчин Монголчуудын бичиг үсгийн соёл”, “Монгол бичгийн нийгмийн үүрэг” зэрэг хориод ном хэвлүүлж, бусад улс орноор тавь гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байгаа.

Эрдэм шинжилгээний ба ном бүтээлийн гээд хэтийн болон ойрын төлөвлөгөө их юм бий. Энэ хоёр жилийн хувьд өгүүллийн эмхтгэлийн номоо дэглэж дуусгана. Монгол, Япон өвөрмөц хэлний толь найруулна. Бас Хятад, Монгол, Англи ярианы хэлний ном бүтээх, дээр нь Өвөр Монголын тухай ном хийх юмсан гэж зүтгэж байгаа. Цаг зайгаа шавхаж л таараа даа.

- За, ярилцсан танд баярлалаа

Зохиогч: Ариухан,
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл