
Энэ оны 06-р сарын 01-с Хятад улс Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвай зэрэг орны энгийн паспорт эзэмшигчдэд визгүй зорчих бодлогыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү санаачилга нь Хятадтай танилцах хүсэлтэй Латин Америкийн иргэдэд бодит тав тухыг хангаад зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой идэвхтэй дохио өгч байна. Үүнд дэлхийн ээдрээтэй тогтворгүй нөхцөл байдалд Хятад улс илүү идэвхтэй, итгэлтэй байр суурь барьж, дээд түвшний, илүү гүнзгий нээлттэй байдлыг гуйвшгүй эрэлхийлж байгаа юм.
Удаан хугацаанд асар хол зай болон визний харьцангуй хатуу журам нь Латин Америк, Хятадын ард түмний солилцоонд тодорхой хэмжээгээр саад болж ирсэн. Визгүй зорчих бодлого нь үл үзэгдэх гүүр мэт Латин Америкийн улам олон иргэдийг өнө эртний, эрч хүчтэй дорно дахины нутагт татаж, жинхэнэ, олон талт, иж бүрэн Хятадыг өөрийн биеэр мэдрэх боломжийг олгож байна. Чили болон Латин Америк даяарх аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн хувьд энэ нь бизнесээ өргөжүүлэх сайн боломж юм. Визгүй болгох бодлогын эерэг үр нөлөө нь аялал жуулчлалаас гадна худалдаа, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбар зэрэг өргөн хүрээг хамарна гэж үзэж байна. Хоёр талын боловсон хүчний солилцоог хөнгөвчлөх нь бизнесийн хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулна. Латин Америкийн худалдааны төлөөлөгчид Хятадын зах зээлийг гүнзгийрүүлэн судалж, төрөл бүрийн мэргэжлийн үзэсгэлэнд оролцож, үр ашигтай ажил хэрэгч хэлэлцээ хийж, төсөл зохиож, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын чадавхийг улам ахиулах боломжтой. Мөн хоёр талын өндөр технологи, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг аж үйлдвэрийг харилцан нөхөх хүчтэй салбар болон хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч, илүү бодитой үр дүнд хүрэх болно.
Визгүй зорчих бодлого хэрэгжиж эхэлсэн нь Хятад улс үүд хаалга улам их нээж буйг дахин харуулж байна. Боловсон хүчний солилцоо нь иргэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх чухал гүүр мөртөө энэ нь эргээд бодит хамтын ажиллагааг ахиулах бат бөх үндэс суурь болдог. Хятад улс бодит үйл ажиллагаагаар Латин Америкт үүд хаалгаа улам их нээж, дэлхийг холбох стратегийн алсын хараа, нээлттэй, хүртээмжтэй байх идэвхтэй хандлагаа харууллаа.
Визгүй зорчих бодлого нь Латин Америкийн орнуудад Хятадыг ойлгож, үнэлэх шинэ цонхыг нээж өгсөн юм. Хятад улстай хоёр талын чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Латин Америкийн анхны орон болсны хувьд Чили, Хятад хоёр орон урт удаан хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг хадгалсаар ирсэн юм. Энэхүү визгүй зорчих шинэ бодлогыг хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг улам бэхжүүлж, хоёр орны ард түмнийг ойртуулж, Латин Америк, Хятадын харилцаанд шинэ эрч хүч сэлбэх болно.
Хятад улс визгүй зорчих боломжийг ашиглан, алс холын Латин Америк тивийн ард түмэндтэй улам нягт харилцаж, найрамдалаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр тал харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх шинэ боломжийг бий болгож байна. Визгүй зорчих бодлогыг тууштай ахиулж, гүнзгийрүүлэн хэрэгжүүлснээр Латин Америк Хятад хоёр талын эдийн засаг худалдаа, соёлын солилцоо улам нягт болж, харилцан ашигтай хамтын ажиллагааны түүх улам тод, улам үр дүнтэй болох нь дамжиггүй. Латин Америк Хятад хоёр тал улам нээлттэй, хүртээмжтэй ертөнцийг байгуулахад мэргэн ухаан, хүч чадлаа нэмэрлэх болно гэдэгт би итгэж байна.
(Зохиогч нь Чилийн хоршооллын радиогийн "Хятадын үзэгдэл" булангийн захирал)
