- Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцана уу?
- За баярлалаа. “Солонго” сэтгүүлийн хамт олон болон бүх уншигчид маань сайхан хаваржиж байна уу? Манай компани 2014 оноос хоёр орны соёлын харилцаа, солилцоог улам гүнзгийрүүлэх үүднээс Дундад, Монгол хоёр орны аялал жуучлал, соёл урлаг, боловсрол, ном орчуулга зэрэг салбарт цар хүрээгээ улам тэлэн ажиллуулж, ажил ихтэй сууж байна даа.
- Компанийнхаа талаар товч танилцуулбал?
- ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн товчооны дэмжлэгээр Өвөр Монголын “Синьхуа” ном тараах групп компаний 100 хувийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад “Тагтаа” ХХК-ниа байгуулсан. Монголчууддаа ном бичгээр үйлчлэх, БНДАУ-ынхаа тухай ухуулж сурталчлах, Дундад, Монгол хоёр орны ард түмний соёлын харилцааг өргөжүүлэн дэлгэрүүлэх зорилготой. “Тагтаа” номын дэлгүүр нь 2005 онд үүдээ нээн өрхөө сөхсөн. Одоо монгол бичиг, хятад хэлээр хэвлэсэн түүх соёлын ном, тулгуур бичиг, хүүхдийн зурагт үлгэр, толь бичиг зэрэг 1700 гаруй төрлийн ном дэвтэр, дуу хөгжим, кино жүжгийн хуурцаг зэргийг борлуулж байна.
- Та Монголд анх хэдэн онд ирсэн бэ?
- Би анх Монголд 1990 онд ажлын шугамаар ирж байлаа. Орчуулагч хэлмэрчээр ажилладаг байсан.
- Та “Монгол ном бичиг”-ийн найруулагч, сэтгүүлч төдийгүй Өвөр Монгол дахь Синьхуа номын дэлгүүрт ажиллаж байсан. Бас таныг монгол ном түгээх ажлаар Дундадын найман мужаар явж байсан гэж дуулсан. Энэ гайхалтай ажил амьдралын замналаасаа ярина уу?
- 1980 онд би ажилд орсон. Синьхуа ном тараах группийн “Монгол ном бичиг” хэмээх сонинд сэтгүүлч орчуулагчаар ажилласан. 1986 онд Бээжингийн Соёл Урлагийн Дээд Сургуульд 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн суралцаж, 1994 он хүртэл монгол номын сангийн орлогч даргаар ажиллажээ. Энэ хугацаанд би Дундадын үндэстний цөөнхийн 8 мужаар монгол ном бичгийнхээ тараалтаар олон ч удаа явж байсан. 1994 оноос 2005 он хүртэл Дундад, Монгол сонины ерөнхий редактораар ажилласан. 2005 оноос Монгол Улс дахь “Тагтаа” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2014 онд тус компанийн зөвлөх захирал болсон.
- Монгол бичгийг Монголчууд хэр хүлээж авч байна?
- Их сайн хүлээн авч байна. Анхан шатны хятад хэл сурах ном, толь бичиг. Монгол түүх соёлын ном сайн борлогддог. Монгол түүх судлаач, Олон улсын монгол судлалын хүмүүс, эрдэмтэн профессор багш нар их ирж ном авдаг. Монгол судлал гэдэг бол дэлхий нийтийн судалгааны сэдэв. Ийм номууд Өвөр Монголд их олон хэвлэгдсэн. Монголд монгол түүхтэй холбоотой ном тун цөөн байснаа сүүлийн жилүүдэд монгол бичгээр их олон ном хэвлэгдсэн. Энэ тал дээр манай номын дэлгүүр гүүр болж, хоёр орны шууданч тагтаа болсон гэж бодож байна. Ном үнэтэй боловч цалин буух тоолонд манай номын дэлгүүрийг зорин ирэгсэд олон байдаг.
- Номын худалдааг хүмүүс эрсдэлтэй бизнес гэж хэлдэг. Ном худалдахын оронд архи зарж, алт ухаж болох л байсан шүү дээ. Энэ талаар?
- Би бизнесийн талд нэг их сонирхолгүй. Ажлын шаардлага байсан учраас номын дэлгүүрийг хүлээн авч ажиллууллаа. Хэрвээ өөр талын бизнес байсан бол би хүлээж авахгүй. Ном, Монгол соёлдоо хайртай болохоор хоёр орны соёлын үйлст өчүүхэн ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн юм. Номын дэлгүүрийг эхэлж ажиллуулахад олон хүн мэдэхгүй, монгол бичгээр унших хүн цөөн байсан болохоор мэдээж алдагдалтай байсан даа.
- Өнгөрсөн бүхэн үгүйлэгддэг. Та бас өөрийн бага нас, нутаг ус, аав ээжийнхээ талаар дурсана уу?
- Би бол Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошууны Суварга сумын Улааншорон хэмээх газарт төрсөн. Миний аав Баарин нутагт хамгийн анхны Байгалийн шинжлэх ухаанаар сурсан хүн. Аав минь аж үйлдвэрийн чиглэлээр сургуулиа төгсөж, 40-өөд оны үеэр хэдэн найзтайгаа Өвөр Монголын Залан-Айл хэмээх газарт аж үйлдвэрийн сургууль байгуулж байсан түүхтэй. Миний ээж дуучин байсан. Уртын дууг их сайхан дуулдаг хүн байлаа. Урлагийн багт ажиллаж байснаа дараа нь Залан-Айлын Синьхуа номын дэлгүүрт ажилладаг байсан. Манайхан номын дэлгүүртэй их холбоотой хүмүүс. Аав 91, ээж 81 насалсан юм. Би аав ээжээсээ ах дүү зургуулаа. Би 1978 онд арван жилээ төгсөөд их сургуульд орохоор шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Би бас их азтай хүн шүү. Их сургуульд сурах хувьгүй ч ажилчин элсүүлэх шалгалтад тэнцээд ажилд орсон.
- Гэрийн чимэг бүсгүй хүн гэдэг. Эхнэр тань таны ажлыг хэр дэмждэг вэ. Гэр бүлийнхээ талаар бас яриач?
- Хөгшин маань Синьхуа хэвлэх үйлдвэрээс тэтгэвэрт гарсан. Сонин болон хэвлэлийн үйлдвэр их холбоотой. Би сэтгүүлч байхдаа сонин ном хэвлэхээр хэвлэлийн үйлдвэрт очиж байгаад танилцсан юм. Миний ажлыг маш их дэмжиж надад урам хайрладаг. Сайн ханиараа би бахархдаг. Бид хоёр нэг хүүтэй. Хүү минь гэрлэсэн. Хүү, бэр хоёр Синьхуа номын дэлгүүрт ажилладаг.
- Сэтгүүлч, найруулагч байсан үеэ дурсана уу?
- Сэтгүүлчийн ажил сайхаан. Энэ ажил үйлсдээ би маш их хайртай. Би тэр үеэ маш их дурсан санагалздаг. Хамт ажиллаж байсан багш, найз нөхдөө их санадаг. Сурвалжлаганд явах бүрдээ ихэд баярлаж, унадаг дугуйгаараа хотын зээл гудамжаар “нисгэдэг” байлаа. Тэр үед А.Осор, Х.Дамбийжалцан, Нулмацэрэн, Ч.Мэргэн зэрэг том том эрдэмтэн багш нартай уулзаж ярилцлага авч, сурвалжлагаа гэрэл зурагтай нь сониндоо нийтэлдэг байсан. Сонины захиалга ч их сайн байсан шүү. Хийсэн бүтээсэн зүйлийг маань хүмүүс сайхнаар хүлээн авахад нь би маш их баярладаг. Сэтгүүлч байхдаа би их зоригтой, бас залуу хүний эрч хүчтэй ч байж өөрөө ихийг мэдэхгүй байж хүнээс их том юм асууж байж дээ. Сэтгүүлч явсан 20-иод жилийн хугацаанд би ихийг сурч мэдсэн. Хийсэн бүтээсэн зүйлээсээ би их урам авдаг. Зав чөлөө л гарвал сониноо эргүүлж үздэг.
- “Монгол ном бичиг” сонин хэвлэл зогссон уу?
- Тийм ээ. Сониныхоо төлөө би их харамсдаг. Тухайн үед би сониноосоо их салж ядсан. Гэвч ажлын шаардлага байсан учраас надад өөр арга олдсонгүй. Сонин маань миний гараар 300 гаруй дугаар хэвлэгдэн гарсан. Хуучин хэвлэл нь ч миний гэрт бий. Би түүнийгээ эргүүлж үзэхэд их дотно сайхан санагддаг шүү. Багш нарын маань нөр их хөдөлмөр шингэсэн, үнэтэй сонин юм даа. Сонингоо бодохоор би их сэтгэл эмзэглэдэг.
- Номын худалдаа бол хэзээд хамгийн буянтай бизнес байдаг тул Номын буяныг арвижуулж буй танд бүх хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Танд номын буян хурах болтугай!
- За, баярлалаа. Танд болон таны ажлын хамт олонд эрүүл энх, аз жаргалыг хүсье.
