Дэлхийн сээр хэмээгдсэн БНХАУ-ын баруун бүсийн Хөхнуур Төвдийн өндөрлөгт олон зууны хатуу бэрх цаг үед өөрийн өв соёлоо өвлөн дээдэлсээр ирсэн Дээд монголчууд маань аж төрдөг. “Дээд Монгол” хэмээх нэрийдэл нь иймэрхүү өвөрмөц онцлогтой орон нутагт амьдарч байгаа монголчууд бусад газар оронд амьдарч байгаа монголчуудаасаа ялгагдах нэгэн онцгой нэрийдэл. Хөхнуур Төвдийн өндөрлөгт оршин амьдарч байгаа дээд монголчуудын ихэнх нь дөрвөн Ойрдын чухал нэг бүрэлдүүн болох хошууд монгол болно. Үүнээс гадна Торгууд, Цорос, Хойд, Халх зэрэг бүх аймаг ястны цөөн тооны монголчууд ч бий.
Дээд Монголын соёлыг уламжлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Хөхнуур мужийн Хайши жөүгийн Засгийн газраас санаачлан, тус жөүгийн Соёл урлагийн холбоо, Соёл, Спорт, Радио телевизийн товчоо, “Дээд Монгол” соёл судлалын төвөөс хамтран зохион байгуулсан “Дээд Монгол”-ын соёлын өдрүүд 7 дугаар сарын сүүлээс 8 дугаар сарын эхний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Богинохон хэд хоногийн хугацаанд 10 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн цэгээс ойр Дээд монголчуудын түүх соёлын гайхамшгийг харуулж, тэнд амьдран суугаа хүн ардынх нь зан заншлыг түмэн олонд таниулж чадсан байна.
Найргийн хур буусан үүдэш
VII удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж буй “Мөнх арц” яруу найргийн наадмын эцсийн шатны шалгаруулалт 7 дугаар сарын 28-ны орой Хөхнуур мужийн Хайши жөүгийн Дэлхий хотноо амжилт төгөлдөр болж өндөрлөжээ.
Энэ удаагийн эцсийн шатны тэмцээнд 10 яруу найрагч найргийн хүлгээ уралдуулснаас Хөхнуур нутгийн уугуул Э.Хөдөө “Мөнх арц” наадмын эзнээр тодорч, Өвөр Монголын Ар Хорчин хошууны уугуул Сайнзаяа, Сөнид баруун хошууны уугуул Б.Тогтомж нар тус тус удаалсан аж. Мөн 3 дугаар байранд тус нутгийн уугуул М.Асга, Д.Хатуу, Д.Гомбожав нар тус тус тодорч, Дэлхий хотыг найргийн хураар аргаджээ.
Наадмын анхан шатны шалгаруулалтад 141 уран бүтээл оролцсоноос хоёр дахь удаагийн шалгаруулалтаар 10 яруу найрагчийн бүтээл эцсийн шатанд тунан үлдсэн аж.
Хөхнуурын Монголчууд буюу “Дээд Монгол”-ын “Мөнх арц” яруу найргийн наадам 1992 онд анх зохион байгуулагдаж байсан бол өнөөг хүрэхэд нийт монголчуудын наадам болон өргөжин тэлсэн байна.
Урлаг соёлоо гайхуулсан өдрүүд
“Дээд Монгол”-ын соёлын өдрүүдийн томоохон арга хэмжээний нэг болох “Дээд Монгол”-ын сурвалж бичгийн төвийн самбарыг нээх ёслол 7 дугаар сарын 29-ний үдээс өмнө Хөхнуур мужийн Хайши жөүгийн Дэлхий хотноо болов. Ингээд “Дээд Монгол”-ын сурвалж бичгийн төв нь олон нийтэд хандан нээлттэйгээр ажиллаж эхэлсэн бөгөөд түүхэн сурвалж бичгүүдийг нэгэн дороос унших боломжтой болж байгаа юм.
“Дээд Монгол”-ын уран зураг, уран бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэн болон “Дээд Монгол”-ын соёлыг нээлттэй үзүүлж таниулах төвийг нээх ёслол зэрэг арга хэмжээ Дэлхий хотод болов.
Уран зургийн үзэсгэлэнд Хөхнуурын монголчууд хөрөг, дээл хувцас, зан заншил, ахуй амьдралыг харуулсан уран зураг, фото зураг болон тухайн орон нутгийн уран бичээчдийн уран бичлэгийг дэлгэж, хүрэлцэн ирсэн хол ойрын зочид төлөөлөгчдийн харааг мялаажээ.
Мөн “Дээд Монгол”-ын соёлыг нээлттэй үзүүлэх төв нь ашиглалтад орсныг албан ёсоор зарласан бөгөөд арга хэмжээнд оролцож буй зочид төлөөлөгчид уг төвийн үзмэрүүдтэй танилцжээ. Уг төв Монголчуудын үүсэл гарлын тухай танилцуулга, бусад төрлийн үзмэрүүдээс гадна Хөхнуурын Монголчууд буюу Дээд монголчуудын тухай түүх соёл, ахуй амьдралын хэрэглээний эд зүйл, хувцас чимэглэл зэргийг дэлгэж, бусад үндэстний иргэдэд сурталчлах, таниулах эрхэм зорилготой аж.
Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дээд монгол”-ын соёл түүхийн эрдэм шинжилгээний хурал амжилттай хуралдав. Хөхнуурын Хайши жөүгийн утга урлагийн холбоо, Хайши жөүгийн Дээд монголын соёл судлалын төвөөс зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний бага хуралд 60 гаруй эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид оролцжээ.
“Дээд монгол”-ын тухай судалгааны нэрт судлаач Цэнгэл, Сарангэрэл, Цэцэнбат нарын 40 шахам эрдэмтэн судлаачид Хөхнуурын монголчуудын тухай түүх соёл, өв уламжлал, хэл шинжлэлийн хүрээнд сонирхолтой сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьж, харилцан үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Дээд монгол нь XVII дугаар зуунаас хойш Хөхнуур Төвдийн өндөрлөгт нүүж ирсэн Монголчуудыг хэлж байгаа бөгөөд ихэвчлэн Хөхнуур дахь монголчууд болон Гансү мужийн Сүбэйгийн Монголчуудыг ийн хэлдэг. Дээд монгол гэдгийн учир нь Говийн ар, Говийн өмнө монголчууд дэлхийн сээр нуруу хэмээгдсэн Хөхнуур Төвдийн өндөрлөгт байрладгаар өндөрлөгийн орны монгол гэсэн утга учиртай аж.
Дээд монголын соёлын өдрүүдийн томоохон арга хэмжээний нэг болох “ХАН ТЭНГЭРЛЭГ ДЭЭД МОНГОЛ” урлагийн үдэшлэг 7 дугаар сарын 29, 30-ны үдэш болсон бол “Дээд монгол” хамтлаг үүсгэн байгуулагдсан болон тайлан тоглолт 8 дугаар сарын 1-ний үдэш Хөхнуур мужийн Дэлхий хотын Соёлын Төв Өргөөнд болов. Өндөрлөг нутгийн өвөрмөц онцлогийг харуулсан Дээд монголын уртын дуу, богино дууны түрлэг шуранхай нь өөрийн гэсэн онцлогийг хадгаласан байдаг.
7 дугаар сарын 31-ны өдөр Дээд монголын нэрт зохиолч Баян агсны түүхэн роман “Гүүш хаан” болон залуу яруу найрагч Э.Хөдөөгийн “Голын загас голдоо цангана” шүлгийн номын хурим болов.
Зохиолч Баян агсан нь Дээд монголын уран зохиолын түүхэнд шүлэг найраглал, тууж, роман, жүжгийн олон бүтээлээ мөнхөлжээ. Баян агсны “Хар дарсан Хөхнуур” түүхэн роман нь Дундад улсын анхны Монгол сайтын уран зохиолын тэмцээний шагнал, хоёр дахь удаагийн “Дорно” уран зохиолын шагналыг тус тус хүртжээ. Тэрээр амьд сэрүүн байхдаа түүвэрлэн хэвлэж чадаагүй байсан “Гүүш хан” түүхэн роман нь түүний хоёр дахь роман болно.
Э.Хөдөө нь Дээд монголын шинэ үеийн залуу яруу найрагч юм. 2012 онд анхны яруу найргийн түүвэр “Өндөр газрын салхи” номоо хэвлүүлж байсан бол “Голын загас голдоо цангана” хоёр дахь номоо уншигч олондоо хүргэж байгаа билээ. Хоёр үеийг холбосон номын хурим нь нижгэр болж, номын цагаан буян хурайлжээ.
Үеийн үед уламжлагдсан үнэт өв
“Дээд Монгол”-ын соёлын өдрүүдийн томоохон арга хэмжээний нэг болох Хөхөгчин хонин жилийн Бүрэн цайллагын ёслол Дэлхий хотноо болов. “Бүрэн цайллага” гэдэг нь Дээд монголчуудын хүндэтгэлийн найрыг хэлж байгаа бөгөөд бусад монголчуудаас өвөрмөц онцлогтой байдаг. Бүрэн цайллагад гол хүндэтгэлийн идээ нь Цагаан идээ буюу шүмэр, Улаан идээ буюу бүхэл шүүс, бор идээ буюу түд болно. Энэ нь Дээд монголчуудын дунд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн ордон тайллагын ёсон билээ.
Цагаан идээний дээж болох суваргалан засаж тавьсан шүмрийг доод талаас дээш сүүн далай, сүмбэр уул, таван тив дөрвөн далайг төлөөлүүлэн хамгийн орой дээр нь наран сарыг сийлэн мандуулж, тэнгэр, газар, гал голомт, өвөг дээдсээ дахиж байгаа учир утгатай аж. Шүмрийг чимэхэд маш их хугацаа зарцуулдаг бөгөөд өнөөдөр гэхэд энэхүү хүндэтгэлийн идээг урлаж чадах хүн тун цөөн болоод байгаад аж. Тус бүрэн цайллагын шүмрийг урлахад бүтэн өдөр зарцуулсан бөгөөд лам нар урласан юм байна. Мөн бүхэл шүүс нь бусад монгол нутгийн адил хүндэтгэлийг илэрхийлдэг. Харин түд гэх бор идээг гурил, шар тос, цөрөм, үзэм, элсэн чихэр зэрэг 9 амттанг нийлүүлэн хийж тэвшинд хийж тавьдаг. Нутгийн хүмүүсийн хуучлахаар хуучины тачир цагт бор идээ нь бүхэл шүүсийг орлодог байсан гэнэ.
Хүндэтгэлийн идээгээ бүрэн болсны дараа найр эхэлснийг зочид гийчиндээ зарлан, дээжлэх үйл үйлдэн, айраг, бор идээг амсана. Дараа нь баян сөнгийн ерөөл хэлж, сайн сайхныг бэлгэддэг. Дээд монгол нутагт найрын эхэнд сөнгийн гурван ерөөл хэлдэг уламжлалтай. Мөн дараа нь төрийн гурван дуу, шашны гурван дууг дуулахын зэрэгцээ сөнчдөөс сөнгийн архи зочид гийчиндээ барьдаг. Ингэснээр шүүсээ хөндөн, гийчиндээ хандан “Чөлөө хайрлана уу” хэмээн айлдаж, шүүс дахин чанахаар авч явна. Гүйцэд болсон шүүсний махаа гаргаж, найраа үргэлжлүүлдэг. Найр өндөрлөхөө тоног тогтоно хэмээн зарлаж, тоногийн ерөөл хэлэн, найраа өндөрлүүлдэг.
Өвгөдийн сайхан зан үйлээ өнөөг хүртэл дээдлэн яваа Дээд монгол түмэн маань гайхалтай.
Мянган сарлагийн наадам
Дулаан шяний Баруун сумын монголчуудын дунд “Бэхийн хөтөл” хэмээгдсэн өндөр нуруу нь өнөөг хүртэл нүүдлийн жим болон сүндэрлэсээр... Далайн төвшнөөс дээш 5000 метрийн өндөрт байрлах Бэхийн хөтөл нь энэ нутгийн Монголчуудын өвөлжөө, зуслангийн зааг болдог. Найман сарын налгар наран Бэхийн хөтлийг даван алаг нуурын дэнж дэх зуслангийн айлуудад өглөөг авч ирнэ.
Баруун сумны Улиастай багийн малчин Ихбаярын хотол айлд их баяр болж, хол ойрын зочид гийчид, наадамчин олон хуран чуулна. Алаг нуурынхаа хөндийд 30 гаруй жил сарлаг маллаж, ашиг шимийг нь хүртэж ирсэн Ихбаяр гуай энэхүү буянтай малаа дээдлэн, сарлагийн соёлын наадмыг 8 дугаар сарын 5-ны өдөр хийх болжээ. Улиастай баг нь дунджаар 4500 метрийн өндөрлөгт байрладгаараа нутгийнхаа газар зүйн байршилд зохицуулан сарлаг малладаг, нийт сарлагийн тоо толгой нь 1500 гаруй хүрээд байна. Ихбаярын гэхэд одоогийн байдлаар 300 гаруй сарлаг малладаг. Тэрээр 1984 онд анх айл болохдоо 8 сарлагтай байсан гэдэг. Өнөөдөр ийм олон сарлагтай болсныг харахад хэр хөдөлмөрч хүн гэдэг нь харагдаж байна.
Ихбаяр гуай ойр саахалтын хэдэн айлын сарлаг болон өөрийн сарлагаа нийлүүлээд 1000 гаруй сарлаг гаднаа хураан, Дээд монгол дахь сарлагийн соёлын анхны наадмыг хийжээ.
Энэхүү наадмын үеэр сарлагаас сэдэвлэсэн яруу найргийн наадам, сарлагийн хялгасан болон ширээр хийсэн эдлэлийн шилдгийг шалгаруулж, сарлагийн уналга ачлага, эдлэл хэрэглэлийн шалгаруулалт, сарлаг цаламдах, сарлагийн хялгас хайчлах, сарлагт ачаа ачих, эмнэг сарлаг цаламдаж барин унах зэрэг сонирхолтой тэмцээн уралдаан явуулсан. Эдгээр монголчуудын маань өдөр тутмын амьдралд үргэлж болж байдаг үйл явдал гэдэг нь тодорхой.
Дэлхийн хамгийн өдөр цэгээс ойрхон Дээд Монголчуудын соёлын өдрүүдийн арга хэмжээ амжилттай сайхан өндөрлөв. Өв соёлоо үеийн үедээ дээдэлсэн, өвгөдийнхөө сургаалийг үгчлэн тогтоосон, өөрийн минь садан өндөрлөгийн монголчуудын маань хийморь сүлд, хишиг буян нь үргэлж өөдөө байх болтугай!
