solongonews
Баатруудынхаа нэрийн өмнөөс эх орныхоо газар нутгийг хамгаалсугай
2025-10-27 11:04
Баатруудынхаа нэрийн өмнөөс эх орныхоо газар нутгийг хамгаалсугай

Бээжингийн Жан Зижүнгийн зам, Тун Линьге зам, Жао Дэнюйгийн зам зэрэг баатруудын нэрэмжит гудамж замууд нийслэл хотын амин судас болон лугшиж байна. Хармөрөн мужийн Харбин хотын  Иман гудамжинд баатруудын эр зориг шингэн шуугиж байдагсан. Сычуаны  Лушаны Лэ Ийчинь зам нь "Тэнгэрийн Жао Зилун" хэмээх хатан зоригт баатрын домгийг өгүүлжээ. Шаньси мужийн Зуочюань шяньд наймдугаар замын цэргийн ахлах командлагчдын чин үнэнч баатар зоригийг дурсан санагалзсаар байна. Баатруудын алдар суугаар гялалзсан эдгээр нэрс эх орны өргөн уудам газар нутагт түгэн тархаж, хотын гудамжуудад сийлэгдэн, хүмүүсийн амьдралд уусан шингэсэн байдаг.

Сүүлийн өдрүүдэд би Бээжингийн гудамжаар аялж, Жан Зижүнгийн сүр жавхлант хөшөөнөөс эхлээд түүхэн ой санамжийн бэлгэдэл болсон Тун Линьгегийн халаасны цагийн хүрэл баримал хүртэл баатруудын мөрөөр аялж түүхийн ул мөрийг эрэлхийллээ.

Үнэнч баатрууд зам гудамжийг мөнхлөв

"Далай ширгэж, хад чулуу хагарсан ч эх орон, үндэстнийхээ төлөө үхэхээс буцахгүй хүсэл зориг хэзээ ч ганхахгүй!" Энэ бол Жан Зижүнгийн өргөсөн хатуу тангараг. Он жилүүд улиран одсон ч олон жилийн турш эдгээр үгс гудамжаар нэг цуурайтаж, хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон хэвээр.

Би Бээжингийн метроны 5-р шугамаар Жан Зижун замын өртөө хүртэл явсан. Тавцан дотор Жан Зижуны цээж баримал байдаг.  Цэргийн дүрэмт хувцас өмссөн түүний царай шийдэмгий төв ихэмсэг. 1891-1940 гэж түүний төрсөн болон нас барсан он жилүүдийг сийлсэн байна. Жан Зижун нь Шюйжоугийн тулалдаан, Үхань хотын тулалдаан зэрэг тулалдаанд оролцож, Зао-Ийгийн тулалдаанд баатарлагаар алтан амиа алдсан. Тэрээр дэлхийн 2-р дайны үед фашизмын эсрэг дайны фронтод амиа алдсан хамгийн өндөр тушаалтай генерал байв.

Метроны хаалгаар гарахад Жан Зижун зам бидний өмнө харагдана. Зүүнээс баруун тийш 700 гаруй метр. Урьд нь "Төмөр арслангийн гудамж" гэгддэг энэ зам нь Жан Зижүнгийн алба хааж байсан Үндэсний хувьсгалт армийн 29-р армийн гарнизон байв. Бүгд Найрамдах Хятад Ард​ Улс байгуулагдсаны дараа тус замыг гурван удаа өргөтгөж, шинэчилсэн. Өнөөдөр энэ нь цэвэр цэмцгэр, хөл хөдөлгөөн ихтэй Пин-Ань өргөн чөлөөний нэг хэсэг болсон байна.

Гудамжны кафены мухлагаас намуухан хөгжим эгшиглэнэ. Ахмад буурлууд модны дор сандал авчран тухалж, хууч хөөрөлдөж байхад хүүхдүүд гудамжинд тоглоно. Баатар жанжин Жан Зижуны алдраар зорин ирсэн  жуулчид түүний сүрлэг хөшөөг сонирхон түүнийг дурсан сангалзана.

- Та Жан Зижүн гэж хэн болохыг мэдэх үү? гэж нэгэн жуулчин гудамж дахь самбар дээрх нэрийг нь заан асуув.

- Үндэсний баатар! Багш маань бидэнтэй түүний түүхийг ярилцаж байсан гэж ойролцоох нэгэн сурагч хэлэв. Манай багш басхүү:

- Өнөөдрийн бидний сайн сайхан амьдралыг үрэгдсэн баатруудын алтан амиар сольж авчирсан. Бид бат санах ёстой гэж сургасан гэж хэллээ.

Ойролцоох нэгэн оршин суугч надад:

- Энэ зам маш их түүхтэй гэж хэлэв. “Тэмдэглэлт баярын өдөр болох болгонд хүмүүс Жан Зижүнгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Энэ замаар алхахад бид дахин хүндэтгэлийн мэдрэмжийг мэдэрдэг. Баатрын нэрээр нэрлэгдсэн энэ зам бидэнд Японыг эсэргүүцэх дайны сүр жавхааг санагдуулдаг."

Баатруудын нэрээр зам гудамжаа нэрлэн, тэдний үлгэр түүх тэнд үлдэж, энгийн амьдралд уусан эрч хүчээ өгсөөр байна. Жан Зижүний зам бол хотын зам төдийгүй өнгөрсөн ба одоог холбогч, эндсэн хүмүүсийн эр зоригийг тээж, хотын хөгжлийг гэрчлэх зам болж байгаа юм.

Халаасны цагт сийлэгдсэн баатарлаг түүх

08-р сарын амралтын өдрийн өглөө хүмүүс өглөөний цайгаа ууж байх зуур гудамжны хажуугийн Чинфэнгийн буузны дэлгүүрээс халуун уур савсаж байлаа. Холгүйхэн хэдэн хөгшчүүл хөөрөлдөж, амгалан тайван сууна. Энэ нь Тун Линьге зам дээрх жирийн нэгэн өглөө байсан боловч энэ зам ер бусын түүхийг тэмдэглэн уламжилсаар буй юм.

Би Шюань Вүмэний баруун гудамжнаас эхэлж, хойшоо Фу Шинмэнь хаалганы доторх өмнөд гудамж руу явахад нийт урт нь ойролцоогоор 1500 метр байдаг. Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн эхэлснээс хойш эх орныхоо төлөө амиа алдсан анхны дээд тушаалын генерал Тун Линьгэгийн нэрэмжит энэ зам баатрын нэрийн өмнөөс өнөөдрийн амгалан тайван амьдралыг чимээгүйхэн өгүүлсээр байна.

"Японы арми довтлох болгонд бид тууштай эсэргүүцэх ёстой. Бид Лугоучяо гүүртэй хамт үхэх сэхэхээ үзэлцэж, нэг ч алхам ухрахгүй ёсгүй!" 1937 оны 07-р сарын 07-нд улс даяар эсэргүүцлийн дайн эхлэх үеэр тухайн үед Хятадын хувьсгалт армийн 29-р армийн орлогч командлагч байсан Тун Линьге цэргийн штабын нэрэмжит тушаалыг бүх офицер, цэргүүдэд өгч, үхэн үхтлээ эсэргүүцэх тангараг өргөсөн байдаг.

Тэр өргөсөн тангарагтаа үнэнч байсан. 1937 оны 07-р сарын 28-нд Тун Линьгэ Бээжингийн Наньюаньд их буугаар  буудалцаж, Японы түрэмгийлэгчидтэй ширүүн тулалдсан байдаг. Хөл нь шархадсан ч тулааны талбарт үлдсэн. Эцсийн мөч хүртэл эрэлхэгээр тулалдаж, тэрээр 45 насандаа толгойндоо буудуулж баатарлагаар нас барсан юм.

 1937 оны 07-р сарын 28-ны өдрийн 14:30 цаг бол Тун Линьгэ баатрын нас барсан цаг. Тун Линьгэ замын хойд үүдэнд халаасны цагны хүрэл баримал үүрд мөнхөд үлдсэн юм. Халаасны цагны хажууд номын хуудас шиг хэлбэртэй хүрэл баримал Тун Лингэгийн эсэргүүцлийн дайнд тууштай байлдсан түүхийг сийлсэн байдаг.

Оршин суугчид өглөөний дасгалынхаа үеэр хурдаа сааруулж:

- Би энэ замаар байнга гүйж, уран баримал дээрх түүхийг уншин зогсдог. Эдгээр үгийг уншаад би баатруудын үзэл баримтлал энэ танил гудамжийг гэрэлтүүлсээр байгааг үргэлж мэдэрдэг гэж хэлцгээнэ. Баатрын нэрээр нэрлэгдсэн Тун Линьге зам нь хотын дурсгалт газар болжээ. Нутгийнхан бага, дунд ангийн сурагчид, алс холоос ирсэн жуулчид гээд л үүгээр зөрөн өнгөрөх хүн бүр дайны он жилүүдийн баатарлаг үйлсийг чимээгүйхэн ширтэж ухамсарлана.

Дайны утаа арилж, Тун Линьге зам  одоо шинэ түүхийг бичиж байна. Номын дэлгүүр зэрэг соёлын шинэ дурсгалт газрууд гудамжинд эгнэж, тэдний олон талт соёлын орон зай залуучуудын амарч, ном уншиж, салонд оролцоход татдаг боллоо. Хэдхэн алхмын зайд нам гүм, дэгжин кафе өрөө, дизайны дэлгүүрүүд шинээр бий болж, хуучин гудамжинд шинэ эрч хүч шингэжээ.

- Тун Линьге замын гудамжны өнгө үзэмж хэд хэдэн удаа өөрчлөгдөж байна, харсаар байтал үс минь бууралтаж эхэллээ дээ гэж Тун Линьге замд бараг 60 жил амьдарсан Ван Энь хэлэв. Тэрээр:

- Японы эсрэг дайны баатруудын амь насаа золиосолсон сайхан амьдралыг нандигнаж яваарай гэж би үр хүүхэддээ үргэлж захидаг гэж ярилаа.

Тун Линьгегийн зам нь ногоон байгууламжаар бүрхэгдэж, Тун Линьгэ дунд сургуулиас номын дуу хангинаж, Шяншань уулын бэл дэх Тун Линьгэ дурсгалын ордны өмнө өргөөстөй цэцгийн багц нь хүмүүсийн дурсамжийг илэрхийлж байна. Эх орныхоо өргөн уудам газар нутагт баатрын нэр тодоос тод гэрэлтэж, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж, улс орны хөгжил цэцэглэлтийн гэрч болж байна.

Баатарлаг нэр алдар Хятад даяар түгжээ

Тун Линге замаас хойшоо 7-р номерын автобусанд сууж, Жао Дэнюйгийн замд хүртэл үзэсгэлэнт байгаль үргэлжилнэ. Гудамжаар урагшаа алхахад олон барималууд харагдана. Энэ бол генерал Жао Дэнюйгийн амьдралын чухал мөчүүдийг тэмдэглэсэн гудамж юм. Ши Фэнкоугийн тулалдааны үеэр Жанжин Жао Дэнюй нарын удирдлага дор Үндэсний хувьсгалт армийн 29-р армийн нэгдүгээр хэсэг шөнийн цагаар  Япончуудыг довтолж, эцэст нь Шифэнкоугийн байрлалыг эргүүлэн авчээ. Өргөн сэлэмний корпусын баатарлаг үйлсээр сэдэвлэсэн " Өргөн сэлэмний марш" дуу орон даяар тархаж, цэргийн болон энгийн иргэдийн Японыг эсэргүүцэх сэтгэлийг хөвчилдөг юм. 1937 оны 07-р сарын 07-ны үйл явдлын үеэр Жао Дэнюй 39 насандаа тулалдаанд баатарлагаар нас барсан юм. Тус сийлбэр дээрх "Улс орныхоо төлөө шударга ёсыг сахин хамгаалсан нь" гэсэн үг өгүүлбэрүүд нь товч бөгөөд хүчтэй, гүн гүнзгий утга учиртай.

Ийм гудамжнууд зөвхөн Бээжинд байдаг биш, улс орны хот, замд болгонд байдаг.  Японыг эсэргүүцэх дайны баатруудын нэрс эх орны өнцөг булан бүрд байдаг.

Хармөрөн мужийн Харбин хотын Жинюй гудамж, Шанжи гудамж, Иман гудамжууд дайны жилүүдийн баатарлаг түүхийг чимээгүйхэн өгүүлнэ; Хубэй мужийн Ухань хотын Чень Хуайминь зам нь эх орныхоо төлөө амиа өгсөн агаарын цэргийн нисэх хүчний баатруудын үнэнч сэтгэлийг шингээсэн байдаг; Аньхуй мужийн Хэфэй хотын Бинянь зам нь Цай Биняны "Дайны талбарт үхэх сэхэхээ хамтатгасан" тангараг өргөснийг гэрчилж байгаа газар. 2023 онд Цай Биньяны ач хүү Цай Вэньгэ живж буй хүнийг аврахаар Бинянь замын хажуугийн гол руу үсрэн орж аварсан юм. Баатруудын нэрс гудамжинд амилж, тэдний оюун санаа ард түмний зүрх сэтгэлд үлдэж, үеийн үед уламжлагдаж байна.

Эдгээр замууд бол зөвхөн хотын тээврийн нэг хэсэг төдийгүй, мөн баатарлаг оюун санааг уламжилдаг дурсгалт газрууд юм. Сычуань мужийн Я-Ань хотын Лушань шяний Лэ Ичинь зам нэртэй зам бий. 1937 оны 12-р сарын 03-нд дайсны олон арван нисэх онгоцтой тулалдаж, "Тэнгэрийн Жао Зилун" гэгдсэн нисгэгч Лэ Ийчинь онгоцоо сүйртэл Японы түрэмгийлэгчидтэй баатарлагаар тулалдаж, эх орныхоо төлөө амиа алдсан юм. Түүний дараа нутгийн иргэд түүний дурсгалд зориулж энэ замыг түүний нэрээр нэрлэв.

Өдгөө баатруудын нэрэмжит замууд хотын бүтээн байгуулалтад гүн шингэж, иргэдийн өдөр тутмын амьдралд шингэсэн байдаг. Энэ оны эхээр Ухань хот баатруудын нэрэмжит замаар алхах ажиллагаа зохион байгуулж, гудамжны өнгө үзэмжийн өөрчлөлтийг баримтжуулан, замаар алхах дунд  баатруудад хүндэтгэл үзүүлж, шинэ арга барилаар цаг хугацаа өнгөрснийг мэдрэв. Ухань дахь Жан Зижун замаар яваа нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд бичихдээ Баатрын нэрэмжит замын тэмдгийг харах болгонд эх орон, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг баатруудаа дурсан санагалздаг гэж дурсжээ.

Хот болгонд, зам болгонд баатруудын нэр тодоос тод дурайн гялалзаж, өнөөдрийн амар амгалан амьдралын үнэ цэнийг бидэнд мэдрүүлнэ. Тэднийг уул устай нь хамт үүрд дурсаж, баатарлаг яруу алдарыг нь мөнхөд дурсгах болно. Баатрууд алга болоогүй. Тэд тэнгэрт гялалзах одод мичид шиг бидний аяллыг мөнхөд гийгүүлсээр. Тэд хайртай нутгаа үүрд сахин хамгаалсаар байна.

Зураг 1: Жао Дэнюйгийн зам

Зураг 2: Жан Зижүнгийн замын метроны буудал дээрх Жан Зижуны цээж баримал

Зураг 3: Тун Линьге замын хойд хаалган дээрх халаасны цагны баримал

Зураг 4: Хармөрөн мужийн Харбин хотын Иман гудамжаар явж буй хүмүүс

Гэрэл зургийг: Шиньхуа агентлагийн сурвалжлагч ШЕ ЖЯНЬФЭЙ

Энэ нийтлэлд нэр хадсан гэрэл зургаас бусад бүх зургийг сурвалжлагч ЯНЬ БИН хангаж,  ПАНЬ ШЮЙТАО график хийв

 

Зохиогч: ЯНЬ БИН, МЭЙ ДИАНЬЗИ, АО ЮЙ
Найруулагч: Редактор: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл