
Хар ус самардаггүй
Хаалга алдалж зогсдоггүй
Хайч ангайлгаж тавьдаггүй
Хайлган Монгол ухаан
Сав хоосон буцаадаггүй
Санаснаа биелсэнд тооцдоггүй
Сар өдрийг товлодоггүй
Саруул Монгол ухаан
Уурган дээгүүр алхдаггүй
Усанд ам гардаггүй
Утас зангидаж өгдөггүй
Уужим Монгол ухаан
Суваргын сүүдэр дээр гишгэдэггүй
Суухдаа ташуур тулдаггүй
Суниахдаа сугаа тэнийлгэдэггүй
Суут Монгол ухаан
Зөөхий сүүгээ дээжилдэг
Зөн совинд итгэдэг
Зөв эргэж тойрдог
Зөөлөн Монгол ухаан
Газар хөндөхдөө аргаддаг
Гал голомтоо тахидаг
Гар сунгаж золгодог
Гайхам Монгол ухаан
Найр хийвэл ерөөдөг
Наадам болбол уралддаг
Нас ахивал томоождог
Нандин Монгол ухаан
Чамлавал нэмж өгдөг
Час гаригаа домнодог
Чагтага голомтоо өвлүүлдэг
Чадалтай Монгол ухаан
Мэргэдийн үгийг тунгаадаг
Мэдлэг боловсролыг дээдэлдэг
Монгол соёлоо уламжлуулдаг
Мэргэн Монгол Ухаан
