Төмөр хүлгээр нягтарсан чин сэтгэлийн нөхөрлөл
■ Жан Пэн /Менежер/
Би багаасаа л автомашин сонирхдог байсан болохоор их сургуульд ороод зам тээврийн мэргэжлийг эргэлзэлгүйгээр сонгосон. Ирээдүйн ажлын байрны сонголтдоо илүү өргөн боломж бий болгохын тулд нэгдүгээр курсээсээ эхлэн мэргэжлийн хичээлүүдээ суралцахаас гадна, англи хэл шаргуу сурдаг байлаа. Хичээл зүтгэлийнхээ хариуд би сургуулиа төгсмөгц Юй Түн компанид элсэж, улмаар хилийн чанадад ажиллах томилолт аваад Пакистанд ирсэн юм.
Пакистан улсын хувьд автомашины үйлдвэрлэл нь гадаадын хөрөнгө оруулалттай брэндээр дагнадаг байсан. Үүний дээр бусад орны автобусны брэндүүд аль хэдийнээ хөлжөөд байсан учраас орон нутгийн иргэд Хятадын автобусны талаар мэдээлэл багатай, итгэл муутай байв.
Энэхүү нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх вэ? Орон нутгийн замын нөхцөл байдал болон үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бүтэн жил судалсны эцэст бид бодит нөхцөл байдалд нийцсэн цоо шинэ автобусыг бүтээж, үнэ төлбөргүй туршин ашиглах боломжийг үйлчлүүлэгчдээ олгосон. Хоёр сарын дараа үйлчлүүлэгч маань инээмсэглэсээр ирж, манай үйлдвэрийн машин зорчигчдод таалагдаж, бас зардал хэмнэх зэрэг тал дээр олон улсын бусад брэндүүдээс илүү сайн байсан гэж үнэлсэн. Энэхүү эерэг үнэлгээ нь бидэнд Пакистаны зах зээлд хөл улаа олох замыг нээж өгсөн юм.
Сүүлийн жилүүдэд хүний газар хөндлөнгийн нутагт би найз нөхөдтэй болж, өөрийгөө хөгжүүлэн өсөж төлөвшсөн. Ирээдүйд илүү олон шинэ эрчим хүчний бүтээгдэхүүнийг орон нутгийн зах зээлд нэвтрүүлж, нийтийн зам тээврийн орчныг сайжруулах ажилд туслан, Хятад-Пакистаны найрамдалд хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллах болно.
“Тэнгисийн солонго”-оос түүсэн эрхэм туршлага
■ Шян Сүн /Инженер/
Өмнөд Азийн арлын улс болох Мальдивт далайн ёроолын шүрэн хаданд суурилан бүтээсэн Хятад-Мальдивын нөхөрлөлийн нэгэн том гүүр байдаг. “Тэнгисийн солонго” хэмээгдэх энэхүү гүүр нь Хятад, Мальдивын “Бүс ба Зам” санаачлагын хүрээн дэх хамтын ажиллагааны чухал төсөл юм. Тус гүүрний засвар үйлчилгээний техникийн багийн удирдагчаар миний бие ажилладаг.
Өнгөрсөн жилийн 03-р сард Хятад, Мальдив хоёр орон гэрээ байгуулж, гэрээний дагуу гүүрний оношилгоо, засварын ажлыг манай компани хариуцах бөгөөд Мальдивын талд орон нутгийн засварын багийг бэлдэж өгөхөөр хэлэлцэж тохирсон.
Өдөр тутмын шалгалт, байнгын шинжилгээ, тогтмол оношилгоо, тусгай зориулалттай шалгалт, байршил шилжсэн эсэхийг хэмжих, бетоны бат бөх байдлыг хянах мэт олон хяналт шалгалт хийх шаардлагатай учраас би бараг өдөр бүр тус гүүрээр эргэлддэг болсон.
Өдөр тутмын засвар үйлчилгээнд Мальдивын техникчид мөн оролцдог. Гүүрний оношилгоо шинжилгээнд ямар ажлууд багтах, эдгээр ажил үүргийг хэрхэн гүйцэтгэх, ямар шалгуур баримтлах зэрэг мэдлэгүүдийг бид орон нутгийн техникчдэд нуулгүй уламжилдаг. Энэ явцдаа бие биетэйгээ танилцан дасалцаж, анд найзууд бололцсон байдаг.
Дэлхийг зорих төрийн бодлогын аянд нэгдэж, хилийн чанад дахь томоохон төслүүдэд оролцсон нь миний хувьд залуу насаа нандин туршлагаар чимсэн эрхэм үйлс юм.
“Дижитал газар тариалан”-гийн ирээдүй гэгээн саруул
■ Жян Хаохань /Хөдөө аж ахуйн мэргэжилтэн/
Би тариан толгой найгаж, жимс ногооны үнэр ханхалсан тариачин айлд өссөн. Балчир бага насаа тариалангийн талбайд тоглож үдсэн би нэгэн цагт гадаадад гараад хөдөө аж ахуйн техник технологийг ашиглан тухайн нутгийн ард түмэнд үйлчилнэ ч гэж төсөөлж байсангүй.
2014 онд миний ажиллаж байсан групп “Бүс ба Зам”-д ганзага нийлүүлэн үйл ажиллагаагаа хилийн чанадад тэлсэн. Ингээд 27 настай миний бие анх удаа харийн нутагт хөл тавьсан юм. Зүүн Европын нэгэн орны эзгүй зэлүүд 6400 га тариалангийн талбайд томилолт авсан. Бид хүндрэл бэрхшээлээс айгаагүй, шантарч хойшоо суугаагүй. Бид хөдөө аж ахуйн орчин үеийн машин техник, тоног төхөөрөмжийг ашиглан, Хятадын чанар сайтай ургамлын үрээр тухайн нутгийн үр тарианы ургацыг нэмэгдүүлсэн.
2023 онд Тажикстанд ирээд би бүр ч хатуу сорилтуудтай тулгарсан. Тус улсын хөвөн тариалагчид га бүрээс 1 тонн орчим л ургац авдаг байсан. Тариаланчид “Тэнгэрийн царай харж” амьдардаг байдлаасаа гараагүй байсан үе. Бид өөрсдийн судлан боловсруулсан “Нөхөрлөл 1 тоот” хөвөнгийн үр болон дэвшилтэт технологийг тус улсад нэвтрүүлж, тухайн нутгийн техникийн багийг бэлдэж эхэлсэн. Хятадын технологийг ашиглан тариалсан анхны хөвөнгийн тариалан га тутмаас 6 тонн ургац авахад хөвөн тариалагчдын магнай тэнийж, нүүрэндээ инээмсэглэл дүүрэн байлаа.
Сүүлийн жилүүдэд би жил бүр дунджаар 11 сарыг гадаадад өнгөрөөх болсон. Харийн нутгаас Хятад орныг бараалах бүрдээ би нэгэн зүйлийг бодож их л олзуурхдаг. Өвөө маань хүрз, зээтүү ашиглаж газар хагалдаг байсан бол аавын маань үед комбайн ашигладаг болсон. Харин би өнөөдөр “Дижитал газар тариалан”-г ашиглан хөдөө аж ахуйн шинэ маргаашийг бүтээж байна.
Алтан шар замаас ах, дүүгийн найрамдал
■ Чянь Жяли /Орчуулагч/
Хятадын Барилгын группийн Тавдугаар инженерийн компанийн Конго улс дахь компанид орчуулагч хийж байсан миний бие 2023 онд Жүн Нань Их Сургуулийг франц хэлний мэргэжлээр дүүргээд ажилд орсон. “Франц хэлтэй хүмүүсийн эцсийн өртөө Африкт байдаг” гэж зарим хүмүүс тоглоом шоглоомоор хэлдэг байсан юм. Тэд аргагүйн эрхэд Африкт очиж ажилладаг гэж ярьцгаадаг. Харин би энэ замыг сайн дураараа сонгож, тэдгээр хүмүүсийн хэвшмэл ойлголтыг няцаахын тулд энэ нутагт ирсэн юм.
Ажлынхаа хажуугаар энэ нутгийн найрсаг, эгэл жирийн хүмүүстэй харилцах явцдаа бидний тавьж байгаа зам хоёр газрыг холбоод зогсохгүй өнгө өнгийн арьстай хүмүүсийн зүрх сэтгэлд үл үзэгдэх гүүр болж байдаг гэдгийг аажмаар ойлгосон. Надад хэзээ ч мартагддаггүй нэгэн сайхан дурсамж бий. Конго дахь Пойнт Нуар захаар өнгөрөх болгонд дэлгүүрийн эзэн Алисса үргэлж инээмсэглэн, намайг “охин минь” гэж дууддаг байв. Нэг өдөр түүний зарж байсан цэцгэн хээтэй даавууг гоё байна гэж амны аяар магтсанд тэр даруй надад юбка урлаж өгсөн төдийгүй үсийг минь сүлжээд, гарт минь чихэр атгуулж билээ.
Африкт амьдрах хэцүү байна уу? гэж хүмүүс надаас асуудаг. Үнэнийг хэлэхэд миний орчуулсан техникийн төсөл авто зам болон зурайж, орон нутгийн ажилчид муухан хятад хэлээр “Баярлалаа” гэж хэлэхэд урсгасан хөлсний дусал болгон залуу насанд минь тодоос тод чимэг болж шингэж байгааг би мэдэрдэг.
Гадны нутгийг чимэх галт хурдан тэрэгнүүд
■ Ван Шяо /Зах зээл хөгжүүлэлтийн менежер/
Би 2014 онд гадаадад суралцаад буцаж ирмэгц Хятадын автомашины CRRC группээс ажлын гараагаа эхлүүлсэн юм. Тун удалгүй хилийн чанад дахь зах зээл хөгжүүлэлт, төслийн менежмент зэрэг ажлыг хариуцах болсон.
Энэ жил миний хувьд хилийн чанадад ажилласан 10 дахь жилээ угтаж байна. Тухайн нутгийн иргэд манай үйлдвэрийн галт тэргэнд сууж, тав тухтай аялахыг харах бүр миний сэтгэл баяр бахдалаар дүүрдэг.
Галт тэрэг маань Өмнөд Америкийн нутгаар довтлох болсноор манай техникийн үйлчилгээ ч илүү олон улс оронд нэвтэрч эхэлсэн. Өнөөдөр манай бүтээгдэхүүн Бразил, Аргентин зэрэг “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны олон орнуудад экспортлогдож байна.
Арав гаруй жилийн өмнө намайг Австралид сурч байхад сургуулийн хажуугийн төмөр зам миний хөл залгуулах гол унаа болдог байлаа. Хятадад буцаж ирээд би миний тухайн үед Австралид таван жил гаруй сууж явсан тэр галт тэргийг Хятадад үйлдвэрлэсэн болохыг мэдсэн. Тухайн жил галт тэргэнд суугаад сургуулиа зорьдог байсан оюутан өдгөө хилийн чанад дахь “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох болсон. Ирээдүйд Хятад үйлдвэрийн илүү олон галт тэрэгнүүд харийн нутгаар хурдлах болно гэдэгт би итгэдэг.
Сэтгэлд сүндэрлэн боссон соёлын алтан гүүр
■ Ван Бинжан /Хятад хэлний багш/
Хэбэй мужийн Багшийн Их Сургуулийг 2019 онд дүүргэсэн миний бие “Хятадын дуу хоолойг дэлхий нийтэд дуулгах” мөрөөдөлтэйгөөр Бразил улсыг зорьж, Күнзийн институтэд сайн дурын багшаар ажиллаж эхэлсэн.
Багшлахаас гадна би мөн соёлын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах ажилд идэвхтэй оролцдог байлаа. Жишээ нь: Риогийн олон улсын номын үзэсгэлэнгийн үеэр Хятад номын үзэсгэлэнг хариуцан ажиллуулж, Бразилын ард түмэнд хятад номын гайхамшгийг толилуулан, Хятадын соёлын үнэт өвийг үсэг бичгээр дамжуулан мэдрүүлсэн.
Үүнээс гадна, би Бразилын дунд сургуулийн сурагчдыг дагуулан Хятадад ирж, “Хятад хэлний гүүр” наадамд оролцож байв. Наадмын үеэр сурагчид маань итгэл дүүрэн тайзнаа гарч, хятад хэлээр өөрийгөө илэрхийлж байгааг хараад би өөрөө шагнал авснаас илүү догдолж билээ.
Сүүлийн жилүүдэд би мөн хятад хэлний сургалт, соёлын солилцооны салбарт өөрийгөө хөгжүүлсээр байна. 2024 онд Сан Паулогийн Их Сургуульд Хэл ба орчуулгын чиглэлээр магистрын зэрэг амжилттай хамгааллаа. Ирээдүйд мэргэжлийн ур чадвар, ажлын баялаг туршлага, бүтээлч үзэл бодлоороо Хятад, Бразилын соёлын солилцооны гүүрийг бэхжүүлэх үйлсэд хүчин чадлаа нэмэрлэсээр байх болно.
