solongonews
Хятад улс нэг пуужингаар долоон хиймэл дагуул хөөргөв
2025-08-20 16:02
Хятад улс нэг пуужингаар долоон хиймэл дагуул хөөрөв

Бээжингийн цагаар 2025 оны 08 дугаар сарын 19-ний 15 цаг 33 минутад Хятад улс Дүнфэн арилжааны сансрын хөөргөлт, инновацын туршилтын бүс болон Жөүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хоёр чухал хиймэл дагуул хөөргөх даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Үүний нэг нь “Лижян-1 Ё-10” зөөгч пуужин нэг пуужингаар долоон хиймэл дагуулыг хамтад нь хөөргөж, урьдчилан төлөвлөсөн тойрог замд оруулсан бол, нөгөө нь “AIRSAT-05/Далайн харуул-2” хиймэл дагуул амжилттайгаар хөөрч, тойрог замдаа орсон явдал юм.

Энэ удаагийн “Лижян-1 Ё-10”-ын хөөргөх даалгавраар Хятадын Шинжлэх ухааны академийн хиймэл дагуул-05, Олон зориулалттай туршилтын хиймэл дагуулын 01, 02, 03 (Тяньто-6), Тяньянь-26 болон олон улсын хамтын ажиллагааны ThumbSat-1, ThumbSat-2 зэрэг нийт 7 хиймэл дагуулыг амжилттайгаар тойрог замд хүргэжээ. Энэ нь тус пуужингийн найм дахь хөөргөлтийн даалгавар бөгөөд бүрэн дүүрэн амжилтаар хэрэгжлээ.

Үүнтэй зэрэгцэн, Жөүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Хятад улсын “Далайн харуул-2” хиймэл дагуул амжилттай хөөргөв. Энэхүү хиймэл дагуул нь AIRSAT хиймэл дагуулын бүлгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятадын Шинжлэх ухааны академийн сансар–агаарын мэдээллийн инновацын хүрээлэн, Жүнкэ хиймэл дагуулын технологийн групп, ШУА-ийн бичил хиймэл дагуулын инновацын хүрээлэн, Чилү сансар–агаарын мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран бүтээж, улсын томоохон төслийн дэмжлэгийг авч хэрэгжүүлсэн юм.

“Далайн харуул-2” хиймэл дагуул нь Х-диапазоны олон туйлт хиймэл нүхний радар төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд олон төрлийн горимд ажиллах боломжтой, зураглалын хамгийн өндөр нарийвчлал 1 метрээс илүү сайжруулсан, хамгийн өргөн ажиглалтын зурвас 300 километрээс давсан хүчин чадалтай. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан тойрог зам дахь боловсруулалтын модулийг нэгтгэсэн нь өндөр чанартай радарын дүрслэл хийх, мөс, тэнгисийн мэдээллийг ухаалаг байдлаар боловсруулах боломжийг бүрдүүлж байна. Үүнээс гадна, хиймэл дагуул нь газрын хөдөлгөөнт төхөөрөмжүүдтэй хоёр талын мэдээллийн шууд харилцаа тогтоох чадвартай тул алсын зайнаас тандалтын үйлчилгээний шуурхай байдлыг ихээхэн нэмэгдүүлнэ.

Ирээдүйд тус хиймэл дагуул далайн орчин, аюулгүй байдал, туйлын бүсийн шинжилгээ ба тээвэр, эх газрын нөөцийн судалгаа, гамшгийн үеийн яаралтай тусламж зэрэг олон салбарт өргөн хэрэглэгдэж, үндэсний стратегийн хэрэгцээ, салбарын хөгжилд чухал дэмжлэг үзүүлэх юм.

Эдгээр хоёр томоохон даалгаврын амжилт нь Хятад улсын арилжааны сансар судлал, алсын зайнаас тандалтын технологийн салбарт тасралтгүй ахиц дэвшил гаргаж буйг бүрэн харуулж, ирээдүйн хиймэл дагуулын оддын бүлэг байгуулах болон өргөн хүрээтэй хэрэглээний бат бөх суурийг тавьж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл