Ч.Алс / Оюунбилэг /

Надад дорно дахины нүдээр
Өрнө дахиныг харах алба бий юу
Надад Азийн торгон мэдрэмжээр
Европын соёлыг бишрэх шалтгаан бий юу
Хажууд Монголын шүтээн Ногоон дар эх минь байхад
Харь холын Моно Лизаг шагшрах хэрэгтэй гэж үү
Дэргэд Халхын өндөр гэгээн Занабазар минь байхад
Тэртээ холын Да Винчиг бишрэх ёстой хэрэг үү
Гэр, гэрийг гэрэлтүүлсэн ухаант хатад
Гэзгээ шидэлсэн саальчин охид эргэлдэж байхад
Жоготой инээмсэглэлт, европ авхай
Жаазтай Моно Лизаг би таашаах ёсон бий юу
Алдарт бүтээлийг таних билгийн нүдгүйдээ бус
Адбиш би хэнээс ч ичихгүй хэлдгээ хэлнэ
Ариун үнэнч эр сэтгэлийн минь тэнгэр болсон
Амраг монгол бүсгүйг би Моно Лизатай хэзээ ч зүйрлэхгүй
Надад Моно Лиза гоё харагддаггүй
