solongonews
Сычуан мужийн Ян-Юань шяний Хуансао тосгоны монголчууд
2015-05-27 09:00
Саяхан ”Удмын алтан хэлхээ — Үүх түүх өв соёл” сурвалжилгын багынхан Сычуан мужийн Ян-Юань шяний Хуансао сууринг зорьж очив. Тус суурины Баг Хуансао тосгон бол монголчууд төвлөрөн суурьшиж буй монгол тосгон юм.

Одоогоор тус тосгонд нийт 400 гаруй монголчууд аж төрж байна. Шяний төвөөс 40 гаруй км зайтай энэ нутгийн ихэнх айл өрх цөөн тооны мал маллаж, тариалан эрхэлдэг. Энэ нутаг уулархаг болохоор хэдхэн жилийн өмнө ус цахилгаан, зам тээвэртэй болжээ. Урьд цагт энэ нутгийн монголчууд гадагш гарч ажил үйлс эрхлэх, сургууль соёлын мөр хөөх нь маш цөөн байжээ. Харин сүүлийн үед төв болон нутгийн захиргааны дэмжлэгээр ус, цахилгаанаар хангагдаж, зам тээвэр ч чөлөөтэй болжээ.

Сурвалжилгын багынхан Хуансао тосгонд очиход тосгоны нэг монгол айл хүүгийнхээ хуримын ёслолд бэлтгэж байгаатай таарав. Бэр буулгахад хурим найрын газрын дээврээ нарс модны салаа мөчрөөр чимж, хуримын ёслолын үеэр дун бүрээ үлээж, бөө бөөлүүлэх буюу лам залж ном уншуулдаг уламжлалтай аж. Тэд тал нутгаасаа холдоод хэдэн зуун жил болсон ч өнөө болтол өвөг дээдсээ шүтэн тахидаг, уул усаа хайрлан хамгаалдаг монгол зан үйлээ уламжлан хадгалж байна.

Зохиогч: "Талын Дуу Хоолой Радио" -гийн сэтгүүлч Хасмөчир, Нандир
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл