Дундад улсын хамгийн дур булаам бүсгүйгээр удаа дараалан шалгарч, кино ертөнцийн хатан хаан гэгдэж явсан Жао Вэй нөхөр Хуан Яа Лоныхоо дэмжлэгтэйгээр хувийн телевиз байгуулсан билээ. Энэхүү телевиз нь асар богино хугацаанд амжилтад хүрч, тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг эзэндээ “Атгуулж” чадсан байна. Ингэснээр алдарт жүжигчин бүсгүй Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од болж байгаа юм.

Түүнчлэн тэрээр дарсны зах зээлд хүч үзэхээс гадна, эрүүл мэнд, гоо сайхны хэрэгслээр тэргүүлэх борлуулалт хийж, Mercedes-Benz, Versace, Zegna, Dior, Motorola гэх мэт барууны 120 гаруй брэндийн нүүр царай болж, сая саяар үнэлэгдэх хөрөнгө хурааж амжсан билээ. Салбартаа гэлтгүй бизнесийн талбарт амжилттай яваа тэрбээр Сингапурт үнэт эдлэлийн хэд хэдэн дэлгүүртэй аж.

Түүгээр ч зогсохгүй, алдарт жүжигчин бүсгүй 2014 оны 12 дугаар сард өөрийн найз, тэрбумтан Жэк Магийн “Алибаба” компанид хөрөнгө оруулж, “ALIBABA Pictures Group” хэмээх энтертайнмент группийг үүсгэн байгуулсан байна. Энэхүү групп нь эхлэлээ тийм ч сайн тавьж чадаагүй боловч “China Vision” төсөл хэрэгжvvлснээр даруй 400 сая ам.долларын ашиг олжээ. Ингэснээр энэхүү группийн охин компани болох “Gold Ocean Media”-г Жао Вэй дангаараа эзэмших болсон байна. Улмаар“Gold Ocean Media” компанид жүжигчин бvсгvйн нөхөр Хуан хөрөнгө оруулснаас зургаан сарын дараа Хонконгийн бирж дээр ALIBABA Pictures-ийн хувьцаа үлэмж өсч, 9.6 тэрбум ам.долларын ашгийг хосуудад авч иржээ. Өдгөө уг компанийн зах зээлийн үнэлгээ тогтмол өссөөр байгаа бөгөөд зөвхөн 4 дүгээр сард гэхэд л 762 сая ам.долларын ашиг олсон талаар Дундад улсын төвийн хэвлэлүүдээр шуугиж байна.

Ташрамд сонирхуулахад, эх орныхоо хойд хөрш болох манай улсад хэд хэдэн удаа айлчлаад буцсан тэрбээр дэлгэцэнд дахин дүр бүтээхгүй хэмээн мэдэгджээ. Учир нь тэрээр “Миний анхны дүрүүд л vзэсгэлэн төгс, сайхан байсан. Магадгүй тэр хэвээрээ дурсамж болон үлдсэн нь дээр” хэмээн ярьсан байна.

