solongonews
Залуусын “ухаалаг” сонголтууд
2025-09-28 10:50
Хиймэл оюун ухаан, дата мэдээлэл, эд зүйлсийн интернэт /буюу IoT/ зэрэг технологи хүмүүсийн амьдралд түгээмэл ашиглагдах болсноор гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийн салбар ч ухаалаг аянд ганзага нийлүүлж эхэллээ.

Олон улсын мэдээллийн агентлагийн тайлангаас харахад, Хятадын ухаалаг гэр гэр ахуйн хэрэгслийн зах зээл 2025 онд 281 сая ширхэг бүтээгдэхүүн борлуулах төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр борлуулалтын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өсөх аж. Ялангуяа орчин үеийн залуучуудын амьдралд ухаалаг цахилгаан хэрэгсэл нь “эрдэнэ” болж байна.

Залуусын шинэ сонголт: ухаалаг “гэр орон”

Бээжин хотын Чао-Ян дүүрэгт байрлах гэрийн цахилгаан хэрэгсэл худалдаалдаг нэгэн төвөөр зочилж явсан залуу хосын анхаарлыг гэр цэвэрлэгч ухаалаг робот өөртөө татлаа.

Тус цэвэрлэгч робот нь үг яриагаар удирдагдах боломжтой, цэвэрлэгээний чанар сайтай хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд улмаар цэвэрлэх замаа зөв төлөвлөж, бүх гэрийг маш хурдтай цэвэрлэж дуусгадаг төдийгүй саад тотгороос зайлсхийх 3D олон хэмжээст технологийг ашигласан учраас “бүдэрч” унахгүй гэдгийг худалдагч бүсгүй тэдэнд танилцуулав.

- Энэхүү цэвэрлэгч робот надад их таалагдаж байна. Хүний хэл яриаг ойлгодог нь хөөрхөн юм. Ирээдүйд бидэнд туслан олон ч цэвэрлэгээний ажлыг амжуулах боломжтой юм гэж хосууд их л олзуурхаж байлаа.

Интернэтэд холбох, урьдчилан цаг товлох, алсаас эзэмдэх гэх мэт олон чадавхтай ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд борлуулалт сайтай байдаг бөгөөд ялангуяа залуу хэрэглэгчдийн тэргүүн сонголт болдог тухай дэлгүүрийн худалдагч сэтгүүлчид ярилаа. “iiMedia” дата төвөөс явуулсан судалгааны үр дүнгээс харахад Хятадын гэр ахуйн жижиг оврын ухаалаг цахилгаан хэрэгсэл хэрэглэгчдийн 90-ээс илүү хувийг 40-өөс доош насныхан эзэлж байдаг аж.
29 настай Ван овогт бүсгүй ноднин худалдаж авсан шинэ байраа ухаалаг цахилгаан хэрэгслээр бүрэн тохируулж, өөрийн “ухаалаг гэр орон”-оо цогцлоожээ. Тэрээр энэ тухай ярихдаа: - Би гэрийнхээ агааржуулагч, агаар цэвэршүүлэгч, ус халаагч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг гар утсаараа алсаас ажиллуулж чаддаг. Ажлаа тараад гэртээ ирмэгц “Би хариад ирлээ” гэж хэлэхэд ухаалаг хайрцаг маань маш хурдан зочны өрөөний гэрлийг асааж, хөгжим тавьж өгдөг. Эдгээр ухаалаг цахилгаан хэрэгслүүд надад маш их цаг хэмнэж, амьдралыг минь илүү тав тухтай, үр ашигтай болгосон гэлээ.
2024 оны “618” цахим худалдааны хямдралтай арга хэмжээний үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалт нь ухаалаг, тансаг, эко талд илүү чиглэгдсэн байв.

Худалдааны яамны дэргэдэх Судалгааны хүрээлэнгийн Цахим худалдааны институтийн дэд судлаач Хун Юүн хэлэхдээ: - Хэрэглэгчдийн дийлэнх хувийг эзлэгч залуучууд ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Эргүүлээд хэлэхэд ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл залуучуудын сайн сайхан амьдралыг бүтээхэд нь ашиг тусаа хүргэж байна гэжээ.

Амьдралын шинэ загвар: ухаалаг үйлдвэрлэлийн ташуур

Залуучууд яагаад ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг илүүд үздэг вэ?

Юуны түрүүнд ухаалаг цахилгаан хэрэгсэл нь залуучуудын тав тухтай, үр ашигтай амьдралыг бүтээхэд ач холбогдлоо өгдөг.
Амталсан тахианы далавчаа шарагч хайрцагт хийж, цэсээс шарсан тахианы далавч хэмээх сонголтыг дараад хэсэг хугацаа хүлээхэд л үнэр амт нь тэнцсэн амттай хоол бэлэн болно. Жэжян мужийн Вэньжөү хотод амьдардаг Чэнь овогтой залуу халаах, шарах, жигнэх бүрэн чадавхтай энэхүү машиныг ашиглан оройн хоолоо бэлдээд нэгэнт заншжээ. Тэрээр хоол хийх цаг зав гардаггүй ажил ихтэй нэгэн аж. Харин энэхүү машиныг худалдаж авснаас хойш хоол хийхэд хялбар, хурдан болсон байлаа.
Хүний хоёр гарыг чөлөөлдөг цэвэрлэгч робот, ухаалаг аяга угаагч, ухаалаг гал тогооны хэрэгсэл зэрэг нь хүмүүсийг гэрийн ажлаас чөлөөлж, илүүчилсэн цагаа гэр бүлдээ зориулах, сонирхолтой ажлаа хийх боломж олгодог учраас залуучуудад таалагддаг байна. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбарын тоймч Лян Жэньпэн хэлэхдээ: - Өнөө цагт “Залхуу эдийн засаг” давамгайлж, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн төрөл загвар олшрон, үнэ нь ч боломжийн болж байна. Улмаар олон тооны залуус дэвшилтэт технологид түшиглэн гэрийн ажил хийх цагаа хэмнэх болжээ гэлээ.
Өнөөдөр болоход ухаалаг цахилгаан хэрэгсэл нь ердийн л гэр ахуйн хэрэгсэл байхаа больж, үүрэг чадавх нь өргөжин тэлсээр байна. Ухаалаг хөргөгчөөр жишээлэн ярихад хүнсний материалын төрлөөс шалтгаалан хамгийн зөв хадгалах нөхцөлийг ухаалгаар тохируулах боломжтой бөгөөд орчны байдлыг цаг ямагт хянан, элдэв үнэрийг цэвэршүүлж, муудахаас урьдчилан сэргийлдэг байна. Үүнээс гадна хөргөгчид байгаа хүнсний материалд суурилан хамгийн эрүүл хоолны жорыг автоматаар боловсруулж чаддаг.
Залуучууд шинэ технологи, шинжлэх ухааныг хүлээн авах дуртай учраас ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгоход ч бэлэн байдаг. Ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн нарийвчилсан үйлдлүүд нь мөн тэдний амьдралын чансааг сайжруулахад тусалдаг. Ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах шинж чанарууд нь мөн залуучуудын ногоон хэрэглээний үзэл баримтлалтай нийцдэг байна.
Ухаалаг цахилгаан хэрэгсэл нь өнөөдөр болоход зөвхөн “ухаалаг” болоод зогсохгүй ногоон, эко, эрчим хүч хэмнэх чадвартай болсон. “Миний гэрийн ухаалаг хөргөгч хүнсийг хамгийн тохиромжтой байдлаар хадгалж чаддаг төдийгүй бодит эрэлт хэрэгцээндээ тохируулан шаардлагагүй эрчим хүчний зарцуулалтыг багасгадаг” гэж Хүбэй мужийн Үхань хотын хэрэглэгч Яньзи хэллээ.

Ухаалаг цахилгаан хэрэгсэл нь залуучуудын амьдралын шинэ хэв загварын бэлгэдэл болж, тэдний амьдралд тав тухыг бэлэглээд зогсохгүй дэвшилтэт технологийг дэмжих, өвөрмөц байдлаа хадгалах, ногоон амьдралын төлөөх овор хандлагыг нь тодруулж байдаг.

Ирээдүйн шинэ хандлага: “Бүрэн” ухаалаг хэрэглээ

Хэрэглэгчдийн шинэ эрэлт хэрэгцээ ба технологийн хөгжил нь уламжлалт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн ухаалаг чиглэл рүү хөгжихөд нь түлхэц үзүүлсэн. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийн салбар залуучуудын хүсэл сонирхлыг зөв “тусган” авч, бүтээгдэхүүний бодлогоо өөрчлөн, залуучуудын хэв маяг, амьдралын хэмнэлд илүү нийцсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг бүтээсээр байна.

Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн брэнд, үйлдвэрүүд ухаалаг технологи, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх, загварлаг байдлыг нэгтгэхэд илүү анхаарах болжээ. Жишээ нь, Panpan брэнд Z үеийнхний амьдралын хэв маягт тохируулахын тулд үг яригаар команд өгч болдог “Y26Y” загварын ухаалаг хувцас хатаагч машиныг үйлдвэрлэн, зах зээлд гаргажээ.
Бараа бүтээгдэхүүний маркетингийн хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгслийн брэндүүд нь залуу хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилгоор онлайн платформуудад дижитал маркетингийн бодлогыг хэрэгжүүлж, шинэлэг, сонирхолтой маркетингийн үйл ажиллагаагаар үйлчлүүлэгч татаж байна.
Ухаалаг агаар цэвэршүүлэгчээ сурталчлахын тулд “Ми” брэнд нь “Цэвэр орон зайгаа хуваалцах” цахим үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өдөр бүрийн оролцоогоор дамжин хонжворт сугалаанд оролцох боломжийг хангаж, улмаар үйл ажиллагааны хугацаанд маш их хандалт авсан байна.

Үүний зэрэгцээ гэр ахуйн цахилгаан хэрэгслийн брэндүүд залуучуудын ухаалаг эрэлт хэрэгцээнд чиглүүлэн, “Бүрэн” ухаалаг хэрэглээний орчныг идэвхтэйгээр бүтээж байна.

Ухаалаг орон сууцын нэг хэсэг болсны хувьд ухаалаг цахилгаан хэрэгслүүд нь гэр доторх бусад тоног төхөөрөмжүүдтэй холбогдож, ухаалаг орон сууцыг бүтээхэд тусалж болно. Жишээ нь, гэртээ “HarmonyOS” экосистем бүхий цэвэрлэгч робот, агааржуулагч, агаар цэвэршүүлэгч зэргийг байршуулсан тохиолдолд ганцхан “HUAWEI” гар утастай байхад л гэр ахуйн хэрэгслүүд бүх нөхцөлд хоорондоо холбогдох боломжтой. Энэ нь гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийг эко хөгжил рүү урагшлуулахад түлхэц болоод зогсохгүй залуу хэрэглэгчдэд ухаалаг технологид тулгуурласан цоо шинэ амьдралын хэв маягийг эдлэх боломжийг олгодог.

- Ирээдүйд гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл нь хиймэл оюун ухаан, эд зүйлсийн интернэт, эко технологийг гүнзгий ашиглахаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ илүү ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй зохиохын зэрэгцээ “Бүрэн” ухаалаг экосистемийг бүтээж, хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ хангах болно гэж Хун Юүн хэлсэн юм.

Зохиогч: Е ЗИ, ЧЯНЬ ИВЭЙ, ГҮН ЮЙШЮАНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл