solongonews
Дэлгэр соёлын өвөө дэлхийд гайхуулсан “Хонжин”
2015-08-04 12:45
“Хонжин” гэдэг нь Ордос хуримын ерөөлч хэлмэрчийг хэлдэг. Энэ хүн маш уран яриатай, ухаан цэлмэг, баялаг аргатай, бэлэн үгтэй байхыг шаарддаг.

Магнаг торгон монгол дээлээр гоёж, мэндийн цагаан хадаг юугаа дэлгэн, хутагтай сайхан ерөөл юугаа уншсаар, хурсан олны зүгт нэгэн ерөөлч айсуй. Ерөөлчийн араас ес есийн наян нэгэн бэлэг өргөсөн монголчуудын баг дагалдана. Хүмүүсийн сэтгэлийг хөгжөөсөн энэхүү гайхамшигт хором бол Шанхай дахь дэлхийн үзэсгэлэнгийн “Өвөр Монголын долоо хоног” эхлэх агшин болно. Энэхүү өнгө гэрэлт эгнээний өмнө нь алхаж яваа ерөөлч бол Ордос хотын Отог хошуугаар нутагтай “Дархан хонжин” Оюундалай болно.

Биологийн багшаас ардын уран бүтээлч

Оюундалай гуайн нэрийн хуудаснаас харахад ажил үйлс, амьдрал тэмцэл нь бүгд л ардын урлагтай холбоотой байсан бол харин биологийн мэргэжлээр их сургуулиа төгсгөсөн гэдгийг сонсоод бид дуу алтан гайхаж билээ. Тэрээр 1991 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн биологийн салбараас төгссөн бөгөөд ажил мэргэжлийн дунд сургуульд биологийн багшаар 12 жил ажиллаж, дөрвөн анги төгсгөжээ.

Ардын багшаасаа ардын уран бүтээлч болж хувирсан нь Оюундалайн хувьд үнэндээ саахалт суурины л зайтай байсан ажээ.

Оюундалайгийн аав нь шүлэг их бичдэг, дуу сайхан дуулдаг, найрын салхийг хагалж, дуу эхлүүлдэг хүн байжээ. Аав нь ерөөл заахад эхэндээ сурах дургүй, шүлэг цээжлүүллээ гэж их л дургүйцдэг байв.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 30 жилийн ойгоор Отог хошуу их наадам зохион байгуулахад Оюундалай “Сүмт сумны сайхан халтар” гэдэг хурдан морийг унаж аман хүзүүнд иржээ. Ерөөлчөөс морины цол дуудахад их л бахархаж, аавынхаа зааж байсан юмны учир утгыг олсон бөгөөд түүнээс хойш ерөөлд дуртай болсон гэдэг.

Багш болоод сургуулийнхаа биологийн хичээлийг ганцаараа заадаг байсан Оюундалай сургуульдаа их л хүндэтгэлтэй багшийн нэг байжээ. Хичээлийг маш амьд, хөгжөөнтэй ордог байсан болохоор нэг долоо хоногт нэг л удаа тохиодог биологийн хичээлээ хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг байв. Тэр л үеэс түүний бэлэн үгийн авьяас цаанаас нь цухалзаж хожмын өдөр хурим найрын хөтлөгч болоход нь зөн болжээ.

Нэгэн удаа хошууны зочлох газрын дарга дуудаж уулзаад шүүсний ерөөл уншуулснаас түүний авьяас танигдаж, их найрын ширээн дээр шүүсний ерөөл уншдаг болов. Хэрэг болбол Бээжин мэтийн их хотоор хүртэл дагуулж явдаг байснаас багшийн ажилтай нь зөрчилдөж, хошууны удирдлагаас түүний ажлыг шилжүүлэх санал тавьжээ. Тайзны урлаг ойлгохгүй болохоор Улаанмөчирт шилжүүлэх гэсэн удирдлагынхаа саналыг тэвчиж, “эртний соёлыг уудлан, ардын урлагтай нэгдэж чаддаг” гэсэн найзынхаа үнэлэлтээр утга урлагийнхны холбоонд очих хүсэлтээ дэвшүүлжээ. Ийнхүү 2003 оны 6 дугаар сард тэрээр Отог хошууны утга урлагийнхны холбооны орлогч даргын тушаал авч, ардын урлагт улам ойртсон билээ.

Соёлоо гэсэн урлагийн замнал

Оюундалай бол Отгийн цөөн хэдэн “Дархан хонжин”-ны нэг юм. Тэднийхийг удмын ерөөлч, хонжин гэж хэлэхэд илүүдэхгүй. Учир нь Оюундалайн аав нь ерөөлч байснаар барахгүй өвөө нь ч алдартай хонжин байжээ. Энэ тухай “Домогт довны товчоон” номд ийнхүү тэмдэглэсэн байдаг: - Довжид хужирт нутгийн дов арваны хүн. Цагааншувуутын зүүн хөвөөнд сууж байжээ. Уулын басууд харьяаны Шороогол сумын өрх. Хурим найрын хонжин хийдгээс хонжин Довжид гэгддэг.

Оюундалайг анх олонд танигдаж, найрын ширээн дээр ерөөл хэлдэг байхад Хангин, Үүшин, Отгийн өмнөд хошуу зэрэг газрууд ч ерөөлчөөр урьдаг байжээ. Тийнхүү олон удирдлага томчуулд танигдаж, үүнийхээ улмаар XI удаагийн Ази тивийн урлагийн наадамд ерөөлчөөр сонгогджээ. Тийм том үйл ажиллагаанд оролцох болсон нь түүний хувьд урлагийн алтан харгуй нь дардан замаа өлгөсөн гэж хэлж болно. Үүнээс залган маш олон том найр цуглаануудаар хонжин Оюундалайн хоолой хүнгэнэн цуурайтах боллоо.

Ордос хуримын зан үйлээ уламжлан, орон нутгийн нэр төрөө өргөж ухуулахын тулд Ордос хотын талаас Бао Шишүний хуримыг Чингисийн онгоны жуулчны газар хийхээр болов. Ордос хуримын уламжлалт ёс заншлаар хийвэл хуримын хөтлөгч, хонжин шаардагдах болохоор олон хонжин дундаас Оюундалай нэр дэвшин шалгарчээ. Ингээд л Оюундалай дэлхийн хамгийн өндөр хүн Бао Шишүний хуримын хөтлөгч хийх аз завшааныг оллоо.

Оюундалайн амжилт үүгээр зогсоогүй. Дараа нь их аз тохиож, Шанхайд болсон дэлхийн үзэсгэлэнгийн ерөөлчөөр шалгарчээ. “Ерөөлөө хэлж дуусаад тайзнаас буух болгон маш олон хүмүүс ирж надтай хамт зургаа авахуулахаар овоордог. Нэг удаа монгол гоёлоо өмсөөгүйгээр наадмын талбайгаар явсан чинь хэн ч намайг тоож хараагүй. Ингээд л би чинь тэр олон хүмүүс надад биш монгол дээлд минь татагдан ирж байсан гэдгийг ойлгосон. Монгол дээл гоёлын минь ид хүчин ямар аугаа юм бэ” гэж Оюундалай их л догдлон ярьж байлаа.

Ингэж олон улсын олон олон том үйл ажиллагаануудад оролцож явахдаа Оюундалай үндэстнийхээ соёл урлагт нэмэр хандивтай гэж өөртөө олзуурхдаг. 2013 онд Өвөр Монголын утга урлагийн холбооноос Оюундалайг “Ардын содон уран бүтээлч”-ээр өргөмжилсөн байна.

Оюундалай зөвхөн ингэж үзүүлж, баясгаж, өргөмжлүүлж л явдаг бус, харин үндэстний соёл урлагийн үйлсэд маш дуртай, хариуцлагатай нэгэн. “Монгол хүний хувьд монгол соёлоо хайрлан хамгаалж, уламжлан хөгжүүлж явах хэрэгтэй. Мөнгө байвал хийж чадна, хүн байвал хийж чадна, завшаан байвал хийж чадна гэж ярьдаг хүмүүс бий. Гэхдээ зөвхөн яриад л сууж болохгүй, харин монгол бичиг сурч, монгол ээжийн сүүг уусны хариуд монгол үндэстэндээ чадлынхаа хэрээр юм хийх хэрэгтэй” гэж бодож явдаг.

Хэлэх, хийх, сэтгэх нь тэнцэхгүй байх түгээмэл орших болсон өнөөгийн нийгэмд өөрийн хүсэж тэмүүлж явдаг зүйлээ ийнхүү чадлынхаа хэрээр хийж биелүүлж явна гэдэг нэг ёсондоо амжилт билээ. “Хүний нийгэм хартай цагаантай байдаг болохоор заримдаа бас муу муухай зүйл орших нь мэдээж. Залуучуудын дунд ерөөл магтаалаа назгай агуулгатай хөгжүүлж байх тал оршиж байна. Жишээлбэл, шалиг завхай агуулга оруулах, хятад монгол хэл холих зэргээр өөрчлөх явдал. Одоо зарим уралдаан тэмцээн дээр бас өөрийн зохиосон ерөөлөө уншихыг дэмжиж байна. Би үүнийг зөвшөөрөхгүй. Хамгийн уугуул зүйл бол олон хүний түүхэн шалгалтыг дамжин тунгаагдаж, охь шилдэг энергитэй болсон байдаг. Үүнийгээ тэр л хэвээр нь уламжлан залгамжлах хэрэгтэй” гэж ярьж байлаа.

Жирийн л нэг ардын багшаас жишээч содон уран бүтээлч болсон Оюундалайн хувиршгүй нандин хүсэл мөрөөдөл, хязгааргүй хатан итгэл зориг нь дэмжин тулгуурласан байх учиртай. Үндэстнийхээ урлаг соёлоо гэсэн түүний үйлсийн харгуй алхах тутам өргөжиж, явах тутам саруул болно гэдэгт бид итгэл дүүрэн байна.

Зохиогч: Урьхан, Урантана
Эх сурвалж : "Солонго"
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл