Хятадын Төв радио телевиз болон Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны захиргаа хамтран зохион байгуулсан 2025 оны "АСЕАН-ны Түнш" медиа хамтын ажиллагааны долоо хоног Нань Нин хотноо нээлтээ хийлээ.
Лаосын Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын гишүүн бөгөөд Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Кампан Пеяфон видеогоор үг хэллээ. ХТРТ-ийн дэд ерөнхий редактор, CGTN-ийн ерөнхий редактор Фань Юнь, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны намын хорооны байнгын гишүүн, суртал ухуулах хэлтсийн дарга Чэнь Ижюнь, Камбожийн Мэдээллийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Кен Гунава, Мьянмарын Суртал ухуулах газрын дэд дарга Е Тин, Тайландын Хэвлэл мэдээллийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал Танакорн Сиссусай нар оролцож үг хэлсэн байна. Мөн Камбожийн Хэвлэл мэдээллийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Прак Су Амида, Апсара радио, телевизийн захирал Ковач Аттия арга хэмжээнд оролцжээ.
Уг арга хэмжээ нь “Нээлттэй байдал, соёл, гэр орон” сэдвийн дор зохион байгуулагдаж, Хятад болон АСЕАН-ны орнуудаас 200 орчим төрийн албан хаагч, Хятадад суугаа элчин сайд нар, хэвлэлийнхэн, мэргэжилтэн судлаачид нэг дор цуглан, гүнзгий яриа хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлж, Хятад-АСЕАН-ны хувь заяаны улам нягт хамтын цогц бүрдүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын хүчийг нэгтгэхийг зорьжээ.
Фань Юнь хэлсэн үгэндээ, ХТРТ нь АСЕАН-ны түншүүдтэйгээ хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг шинэ технологийг хэвлэл мэдээллийн салбарт ашиглах талаар цаашид судалж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны үр дүнг бүс нутгийн ард түмэнд илүү сайн түгээх болно. АСЕАН-ны түншүүдтэйгээ хүмүүсийн сэтгэлд хүрсэн, бодит амьдралтай ойрхон, халуун дулаан уур амьсгалтай хүмүүнлэгийн солилцооны арга хэмжнүүд зохион байгуулах болно. Мөн ХТРТ-ийн олон хэлээр нэвтрүүлэх давуу тал, CGTN-ийн олон платформ, гадаад дахь 192 салбар студи зэрэг олон улсын мэдээллийн давуу талыг ашиглан Хятад-АСЕАН-ны харилцан ашигтай хамтын ажиллагааны түүхийг сайтар өгүүлэх болно гэж онцолжээ.
