Улс орны нөхөрлөл нь ард иргэдийн харилцаан дээр тулгуурладаг. “Харилцан итгэлцэж, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөөтэй, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэн, хамтын хөгжлийг эрэлхийлэх” уриатай “Шанхайн үзэл баримтлал”-ын дагуу олон үндэстэн ястан, адил бус соёл иргэншил бүхий ШХАБ-ын гишүүн орнууд нь ахан дүүс мэт дотносож, соёл иргэншлээрээ холбогдох түүхийн шинэ хуудсыг эхлүүлсэн.
“Соёлын солилцоо нь дипломат харилцааны гүн гүнзгий хэлбэр юм”
Беларусийн Үндэсний урлагийн музейгээс Хятадын ардын хөгжим “Мэлрэг цэцэг”-ийн хөнгөн аялгуу сонордоно. Беларусийн Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд үндэстний язгуур урлагийн “цимбалы” хэмээх хөгжмийн зэмсгээр “Мэлрэг цэцэг”-ийг Беларусийн өвөрмөц “үнэр”-ээр анхилуулан, сонссон түмний сэтгэлийн чавхдасыг хөглөж байлаа. Тэдний хөгжмөөс уянгалах содон аялгуу Хятад, Беларусийн хилийн дээсийг уусган хайлуулж, соёл иргэншлийн харилцаа холбоог бататган, сайхан бүхэн нэгдсэн сайны дээд хөг аялгууг амилуулан бүтээжээ.
Энэ бол Беларусийн Үндэсний урлагийн музейгээс зохион байгуулдаг “Музейн үдэш” арга хэмжээний энэ жилийн хөтөлбөрийн нэгэн агуулга болно. Арга хэмжээний хүрээнд тус музей нь шир будагтай эдлэл, ваар шаазан, модон сийлбэр, хатгамал, уран бичлэг, шинэ жилийн зураг зэрэг Хятадын өвөрмөц онцлог бүхий урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн бөгөөд уран бичлэг, цаасан хайчилбар, Хятадын уламжлалт хувцас гоёл зэрэг соёлын сэдэвтэй хичээлүүдийг олон нийтэд толилуулсан байна.
Музейн захирлын туслах Дарья Марченко энэ тухай ярихдаа: - Сүүлийн жилүүдэд манай музей нь Хятад улстай хамтын ажиллагаагаа явах тусам гүнзгийрүүлж, Хятадын соёлын сэдэвтэй үзэсгэлэнг олон удаа зохион байгуулсан. Беларусийн иргэд ч Хятадын соёлыг маш их сонирхдог боллоо. Ирээдүйд илүү олон Хятад зочдыг хүлээн авч, Беларусийн урлаг, соёлын өв уламжлалыг ойлгуулж танилцуулахыг хүсэж байна гэлээ.
Хятад, Беларусийн соёлын солилцоо, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр өргөжсөөр байна. Жишээ нь, Беларусь улсад зохион байгуулдаг “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ, Беларусийн Үндэсний номын санд нутагшуулсан Хятад номын төв, Минскийн 30 дахь удаагийн олон улсын кино наадмын хүрээнд зохион байгуулсан “Хятадын киноны өдөр” арга хэмжээ, мөн Хятадын “Чан-Ань Чан-Ань” кино нь Минскийн олон улсын кино наадмын дээд шагналыг хүртсэн үйл явдал гэх мэт. Үүнээс гадна Беларусийн үндэсний театр нь жил бүр Хятадад аялан тоглодог бөгөөд Беларусийн эрдэмтэн судлаачид, залуучууд Хятадад айлчилж, соёлын солилцоо явуулдаг болжээ.
Хятад, Беларусийн соёлын солилцоо эрчимтэй хөгжиж байгаа нь “ШХАБ-ын том гэр бүл”-ийн гишүүд илүү ойр дотно болж буйн товч загвар юм. Хятад улс нь ШХАБ-ын гишүүн орнуудтай “Соёлын жил”, “Аялал жуулчлалын жил” зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг болсон. Кино наадам, уран зургийн үзэсгэлэн, соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэн, соёлын салбарын форумууд зулай зулайгаа гишгэн төрж, түүхэн дурсгалт газруудыг хамгаалж, сэргээн засварлах, хамтран кино бүтээх, сонгодог уран бүтээлүүдийг харилцан орчуулах зэрэг төслүүд ч ар араасаа хэрэгжин, ард иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх талд илүү их хувь нэмрийг оруулсаар байна.
Исламабад дахь Пакистаны тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх талбайд тус орны дуучин Наташа Байг Хятад хэлээр “Хятад улс” дууг дуулсан байдаг. Наташа Байг энэ тухайгаа ярихдаа: - Соёлын солилцоо бол дипломат харилцааны гүн гүнзгий хэлбэр юм. ШХАБ нь хүмүүнлэгийн харилцааны чухал гүүр бөгөөд тэр нь ард иргэдийн зүрх сэтгэлийг илүү ойр дотно болгодог гэжээ.
“Итгэлцлийн хамгийн бат бөх суурийг бүтээнэм”
Хичээлийн танхимд хятад хүүхэлдэйн кино тавьж, багш самбар дээр “Ни Хао /сайн байна уу/” гэх хятад үсгийг цэвэр тод бичлээ. Сурагчид хааяа багшийг даган чангаар уншиж, хааяа цаасан дээр ханз бичиж дадлагажна. Хичээлийн танхимын булан дахь номын тавиур хятад хэвлэлээр дүүрч, бийр бэхсийн анхилуун үнэр агаараар нэг ханхална. Цонхоор нарны гэрэл тусч, ханан дээрх хятад зангилаа, хүүхдүүдийн цоглог царайг гэрэлтүүлнэ.
Энэ бол Казахстан улсын Аль-Фарабийн нэрэмжит их сургуулийн Күнзийн институтийн хятад хэлний хичээлийн танхим болно. Хятадын талын захирал Дэн Хун хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд, ялангуяа Хятад, Казахстаны хооронд харилцан визгүй зорчих бодлого хэрэгжсэнээс хойш Хятад хэл сурах оюутнууд улам бүр нэмэгдсэн бөгөөд Хятадад суралцах хүсэлтэй хүмүүс ч олширсон гэжээ.
- Аль-Фарабийн нэрэмжит их сургуульд суралцагч Хятад оюутнуудын эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байна. Тэд хэл сурч, мэргэжил дээшлүүлээд зогсохгүй Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх элч болдог гэж Казахстаны хятад судлаач, Аль-Фарабийн нэрэмжит их сургуулийн Хятад судлалын профессор Фатима Даулет ярилаа.
Казахстан, Хятадын соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа талаар Даулет хэлэхдээ: - Хоёр орон нь хэлний боловсрол, соёлын солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа зэрэг салбарыг идэвхтэй өргөжүүлж, ард иргэдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх хүмүүнлэгийн солилцооны замыг бүтээж байна. Миний бодлоор ард түмэнд тулгуурласан эдгээр харилцаа, хамтын ажиллагаа нь итгэлцлийн хамгийн бат бөх суурийг бүтээдэг гэжээ.
Өнгөрсөн 24 жилийн хугацаанд ШХАБ-ын “нөхөрлөлийн цар хүрээ” илүү өргөжиж, олон улсын боловсролын хамтын ажиллагаа эрчимжсээр байна. Күнзийн институтийн албан ёсны вэб сайтаас гаргасан мэдээллээс харахад, Хятад улс өнөөг хүртэл ШХАБ-ын гишүүн орнууд болон орон нутагтай хамтран нийт 50 орчим Күнзийн институтийг хамтран байгуулжээ. Үүний зэрэгцээ их, дээд сургуулиудын орос хэлний мэргэжилд элсэх Хятад оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Тяньжиний гадаад хэлний их сургууль нь Хятадад анх удаа Беларусь хэлний бакалаврын хөтөлбөрийг ажиллуулсан бол Хятадын олон тооны их дээд сургуулиуд мөн Перс, Урду зэрэг хэлний мэргэжлүүдийг ажиллуулах болжээ. Хэл, соёлын гүүрээр дамжин ШХАБ-ын гишүүн орнуудын итгэлцэл улам бэхэжсээр байна.
Залуучуудын мөрөөдлөө биелүүлэх аянд тусламж үзүүлнэ
Пакистаны Пенжаб мужийн төв Лахор хотод байрлах Лүбань цехийн 20 настай шавь ажилтан Ахмед Мужис автомат үйлдвэрлэлийн шугамд сурмаг ажиллаж байлаа. Тэрээр үйлдвэрлэлийн автоматжуулалт, робот техникийн чиглэлээр зургаан сарын турш суралцаж байгаа аж.
- Бид онол сургаад зогсохгүй Хятадаас нийлүүлсэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглан практик сургалт явуулдаг. Магадгүй эдгээр дэвшилтэт мэдлэг, мэргэжил нь Пакистаны ирээдүйн аж үйлдвэржилт, орчин үеийн шинэчлэлд хувь нэмрээ оруулах боломжийг бидэнд олгосон гэж Ахмед олзуурхан ярилаа.
Ахмедын ажилладаг Лүбань цехийг Тяньжинь хотын орчин үеийн мэргэжлийн коллеж болон Пакистаны Пенжаб мужийн Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын газраас 2018 онд хамтран байгуулсан бөгөөд мехатроник, цахилгаан автоматжуулалт зэрэг олон мэргэжлээр сургалт явуулдаг байна.
Пенжаб мужийн Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын газрын дарга Мохаммад Саид Хокхар хэлэхдээ: - Одоогийн байдлаар есөн ээлжийн нийт 210 пакистан ажилтан Лүбань цехийн сургалтыг дүүргээд байгаа бөгөөд карьераа амжилттай хөгжүүлж эхэлсэн. Лүбаний цех нь Хятад, Пакистаны найрамдлын тод жишээ болсон төдийгүй Пакистаны залуу үеийнхэнд орчин үеийн аж үйлдвэрийн салбар дахь ажил үйлсээ бүтээхэд нь үр шимээ өгч байна гэлээ.
“Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг үг бий. Хятад улс нь одоогоор ШХАБ-ын орнуудтай Лүбаний 10 цех байгуулж, аж үйлдвэр, боловсролоор дамжуулан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломж хангаж байна. Мөн Хятад-ШХАБ-ын хамтын ажиллагааны дата төвийг ажиллуулж, “ШХАБ-ын Дижитал эдийн засгийн их сургуулиудын холбоо”-г байгуулсан. Залуучуудын солилцооны зуслан, Залуучуудын хөгжлийн форум, Залуучуудын шинжлэх ухаан, технологийн инновацын форум зэрэг брэнд арга хэмжээг бүтээж, өсвөр залуучуудын спорт, соёлын наадам, соёлын солилцооны суурин зэрэг өвөрмөц онцлогтой соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Энэ мэтчилэн ШХАБ-ын хүрээнд Хятад улс нь бусад улс орнуудтай боловсон хүчин бэлтгэх илүү олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр байна.
- Хятад улс нь ШХАБ-ын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг чухалчилсаар ирсэн. Улс төр, эдийн засгийн түншлэлийн харилцаанд хүмүүнлэгийн нийтлэг ойлголт ихээхэн нөлөөлдөг. “Шанхайн үзэл баримтлал” нь ард түмний зүрх сэтгэлд хоногшиж, ШХАБ-ын орнуудын эв нэгдэл, харилцан итгэлцэл ба хувь заяаны цогц нэгдлийн талаарх нийтлэг ойлголт нь ШХАБ-ын хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Казахстаны ГХЯ-ны Гадаад бодлогын хүрээлэнгийн захирал, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Нургалиев Болат хэлсэн байдаг.
