solongonews
Хятад, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж 10 зүйлийн тохиролцоонд хүрчээ
2025-08-20 16:21
Хятад, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж 10 зүйлийн тохиролцоонд хүрчээ

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар нар даваа гарагт уулзалт хийлээ. Хоёр тал харилцан сонирхож байгаа хоёр талын, бүс нутгийн болон олон улсын асуудлаар эерэг, бүтээлч, ирээдүйд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, дараах ойлголт, тохиролцоонд хүрэв.

1. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага нь Хятад-Энэтхэгийн харилцааны хөгжилд онцгой, орлуулшгүй ач холбогдолтой гэдгийг онцлов. Тогтвортой, хамтран ажилласан, ирээдүйгээ харсан харилцаа нь харилцан ашигтай бөгөөд хөгжлийн боломжоо бүрэн ашиглах нөхцөл бүрдүүлнэ гэж хоёр тал үзсэн байна. Энэ хүрээнд хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг үнэнчээр хэрэгжүүлж, Хятад-Энэтхэгийн харилцааг тогтвортой, эрүүл хөгжүүлэхийг дэмжинэ гэж тохиролцов.

2. Удахгүй Тяньжин хотноо болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди оролцохыг Хятадын тал талархан хүлээн авах болно. Энэтхэгийн тал Хятадын ШХАБ-ын даргалагчийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж, тус уулзалт амжилттай болж, үр өгөөжтэй байхыг хүслээ.

3. Хоёр тал дипломат арга хэмжээ зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцов. 2026 онд Энэтхэг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Хятад улс дэмжинэ. Харин 2027 онд БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ зохион байгуулахыг Энэтхэгийн тал дэмжихээ илэрхийлэв.

4. Хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тал талын анхаарал хандуулж байгаа асуудлыг харгалзан үзэж, санал зөрөлдөөнөө хяналтдаа авах зорилгоор хоёр талын засгийн газар хоорондын яриа хэлцэл, солилцооны механизмыг сэргээхээр хэлэлцэв. Мөн 2026 онд Энэтхэг улс “Хятад-Энэтхэгийн хүмүүнлэгийн солилцооны өндөр түвшний механизм”-ын гуравдугаар уулзалтыг зохион байгуулахыг зөвшөөрлөө.

5. Хоёр тал харилцан дэмжилцэж, 2025 онд тохиох Хятад, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг сайтар зохион байгуулахаар болов.

6. Хоёр орны хооронд шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээж, шинэчилсэн агаарын тээврийн хэлэлцээрийг батлах, мөн жуулчин, бизнес, хэвлэл мэдээлэл болон бусад зорчигчдын визийг харилцан хөнгөвчлөхөөр тохиролцов.

7. 2026 онд Энэтхэгийн сүсэгтэн олон Хятадын Төвөдийн Өөртөө Засах Орны ариун уул, ариун нууранд хүрч мөргөл хийх аяллыг өргөжүүлэн дэмжихээр тохирлоо.

8. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болов.

9. Хоёр тал найрсаг зөвшилцлөөр хилийн бүсийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран сахин хамгаалахаар тохиролцов.

10. Хоёр тал олон талт үзлийг дэмжиж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар хэлхээ холбоогоо бэхжүүлэн, ДХБ-аар төв болгосон дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг сахин хамгаалан, олон туйлт дэлхийг хамтдаа дэмжихээ илэрхийллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл