solongonews
Хөх цэцэгт шаазан
2015-05-13 15:53
Шаазангийн их бие дээр хээ хуар зураад гадаргууг шилэн будгаар давхарлан бүрхэж, өндөр даралтаар шатаадаг.

Хөх цэцэгт шаазанг цагаан суурьтай хөх цэцэгт шаазан гэж нэрлэдэг ч товчоор хөх цэцэгт гэнэ. Хятадын шаазангийн голлох төрөл зүйлийн нэг, шилэн будагт өнгөт шаазангийн төрөлд хамрагдана. Кобальтын ислийн агууламжтай, кобальт бол хөх цэцэгт шаазангийн гол түүхий эд. Шаазангийн их бие дээр хээ хуар зураад гадаргууг шилэн будгаар давхарлан бүрхэж, өндөр даралтаар шатаадаг. Шаазан дээрх цэцэгс хөх хээтэй байх агаад өнгө үзэмж нь тансаг сайхан, хийц нь цэвэр тунгалаг уран нарийн, будаг нь тогтоцтой, удаан эдэлгээтэй.

Эхэн үеийн хөх цэцэгт шаазангийн ул мөр Тан улсын үед тэмдэглэгдэх бол Юань гүрний Жиньдэжэньд нэлээд боловсронгуй хэлбэрийн хөх цэцэгт шаазан үйлдвэрлэх болсон юм. Ялангуяа Мин улсын үед хөх цэцэгт шаазан үйлдвэрлэлийн голлох бүтээгдэхүүн болж, Манжийн Энх-Амгалангийн үед хөгжлийн оргилдоо хүрсэн. Өдгөө хөх цэцэгт шаазан гадаад дотоодод алдаршиж, Хятадын шаазангийн бэлгэдэл, нэгэн төлөөлөл болж чадсан билээ. Хөх цэцэгт шаазанг шатааж хийх боловсронгуй технологи нь Хятадын шилэн будагт өнгөт шаазангийн түүхэн дэх нүд гялбам амжилтын нэг юм.

Дундад улсын Жянши мужийн зүүн хойтод Жяннань хэмээх жижиг суурин байдаг. Эртний нэршил нь Шиньпин гэх энэ суурин Шар мөрний өмнөд эрэг дагуу оршдог. Усан ба хуурай зам тээвэр сайтар хөгжсөн, ашигт малтмалын баялаг ихтэй. Газрын гүнд нь асар их хэмжээний каолинит, шаазангийн чулуу, галд тэсвэртэй шороо зэрэг сайн чанарын шаазан хийх түүхий эд хадгалагддаг. Энэ нутаг өтгөн шигүү ой модтой тул шаазан шатаахад их хэмжээний нарс модон түлш нийлүүлж чаддаг. Сүн улсын Жиньдэ-гийн он тооллын үед дэлхий даяар алдаршсан ордны шаазан эдлэл хэрэглэлийг энд шатааж хийдэг байсан тул нэрийг нь Жиньдэжэнь болгон өөрчилсөн гэдэг. Юань гүрний үед Жиньдэжэнь үргэлжлэн хөгжсөөр улмаар их эзэн Хубилайн Жиюань арван тавдугаар он буюу 1278 онд хаан төр энэ нутгийн байгаль, газарзүйн онцгой нөхцөлийг олж хараад Их Юань гүрний цорын ганц албан ёсны шаазан үйлдвэрийн бүтэц болох Фүлян шаазангийн хэлтсийг байгуулсан ба тэр цагаас хойш Жиньдэжэнь эд материал хийгээд хүн хүчний асар том базтай болсон тул үйлдвэрлэлийн өртгийг тооцолгүй, уран нарийн шинэлэг загвар хийцийг л эрэлхийлэх болсноор Юань улсын хамгийн боловсронгуй хөх цэцэгт шаазангууд төрөн гарч эхэлсэн юм.

Юань гүрний үеийн хөх цэцэгт шаазан нь болор мэт тунгалаг гэрэлтсэн шилэн гадаргуутайгаас гадна нарийн тансаг хөх өнгөтэй хээ хуартай. Түүнийг амжилттай гаргаж авсан нь Хятадын газар газрын уналтад орсон шаазангийн үйлдвэрлэлийг сэргээн хурдатгаж, Жиньдэжэньгийн шаазангийн үйлдвэрийн суурийг тавьж, улмаар Хятадын шаазан эдлэлд хоёр мянга гаруй жилийн туршид дангаар зонхилж байсан хашийн цагаан өнгийг халсан. Тэр цагаас хойш Хятадын шаазан эдлэлийн цэцэгсийн хүрээлэнд хөх цэцэгт л ганцаар ховор сайхан үзэмжээрээ хаврын өнгийг булаах мэт, хөх шаазан, цагаан шаазан, бүр өөр өнгийн шилэн гадаргуут шаазан эсвэл шилэн будагт өнгөт шаазан, аль нь ч хөх цэцэгтийн дэргэд өнгө нь дарагдан гундах болсон юм.

Хөх цэцэгт шаазан Мин улсын үед Жиньдэжэний гол бүтээгдэхүүн болсон байв. Хээ хуар зурахад ашиглах кобальт, зургийн сэдэв, бийрийн зурлагын онцлог зэргээс хамааран Мин гүрний бүх цаг үед хөх цэцэгт түмэн янз мянган байдлаараа ямагт хамгийн содон нь байжээ. Хөх цэцэгт Мин улсын эхэн үед хурц тод гэрэлтсэн өнгөтэй байсан бол дунд үед бүдэг зөөлөн өнгөтэй болж, хожуу үерүү гялтганасан хөх дундаа ягаавтар өнгө оруулж, сүүл үедээ тод өнгө, хурц гэрэлтсэн гэхээсээ илүү бүдэг өнгө, зөөлөн ярууг эрхэмлэх болсон юм. Мин улсын үед хөх цэцэгт шаазан хэдий унаж бөхсөн урт түүхийг туулсан ч Юн лэ, Шүэн дэгийн онуудад хөгжлийн оргилдоо хүрч, тэр үеийн бүтээлүүд хөх цэцэгт шаазангийн манлайд тооцогдон өнөө ч үнэ цэнээ алдаагүй, эрдэнийн хаш мэт гэрэлтэн байна. Мин улсын Юн лэ-гийн үеэс Жиньдэжэний хөх цэцэгт шаазангийн үйлдвэрлэл асар хүчтэй хөгжиж,Шүэн Дэ-гийн үеэс хөгжлийн оргил үедээ хүрчээ. Юн лэ-гийн үеэс эхлэн хөх цэцэгтийн гоёл чимэглэлийн хэлбэр хийц нь аажмаар Хятадын уламжлалт энгийн даруу хэв шинжийг агуулах болж, улмаар Жиньдэжэний шаазангийн үйлдвэрлэлийн голлох бүтээгдэхүүн болсон юм. Юн лэ, Шүэний дэгийн оны үеүдэд загвар хийц нь улам боловсронгуй болж, Мин улсын үед нэр алдар нь түгэн дэлгэрчээ.

Чин гүрний үеийн хараа булаам, гэрэлтсэн өнгөт хөх цэцэгт нь шаазан үйлдвэрлэлд зонхилох байр суурь эзэлж, хаан эзнээс эхлээд харц ардын дунд ч өргөн дэлгэрээд зогсохгүй нэр алдар нь дэлхий дахинаа дуурсагдах болсон ба гар урлалын технологи, зураг урлагийн түвшин, үйлдвэрлэлийн гарц гээд бүхий л талаараа дэлхийд дахин шинэ амжилтыг тогтоосон юм. Гэсэн ч Чин гүрний үед хөх цэцэгтийн соёлын хөгжил бууралт, өөрчлөлт хувьслын зөрүү хамгийн хүчтэй байсан юм. Энх-Амгалангийн үед хөх цэцэгт шаазан урлагийн өндөр түвшинд хүрч, байюү /цагаан шилэн будагт/, жянтай /цардсан гадарт/, яньжизы /улаан хүрэн будагт/ зэрэг шинэ төрлийн хөх цэцэгт шаазангууд бий болсон. Тэнгэр тэтгэгчийн үеэс хойш пастель буюу зөөлөн бүдэг өнгө улам зонхилох болсноор хөх цэцэгт голлох бүтээгдэхүүн хэвээр байсан ч үйлдвэрлэлийн гарц, чанарын хувьд өмнөх үеийг гүйцэхгүй байв.

Хөх цэцэгт шаазан хүний сэтгэлийг татах увдисаараа Хятадын “Улсын шаазан”, “Орчлонгийн үнэт эрдэнэ” хэмээн өргөмжлөгддөг агаад Хятадын уламжлалт усан бэхийн зурагтай адил хүнд тайтгарал таатай мэдрэмж төрүүлэхийн хамт мэлмий баясган сэтгэл хөгжөөдөг юм. Үндэсний онцлогийг гүн нарийн шингээсэн урлагийн энэхүү бүтээлийн нэр алдар нь дотоод гадаадад хэдийнээ цуурайтсан билээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл