ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад хэргийн сайд Ван И 07-р сарын 13-нд Бээжинд Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.
Ван И Лавровыг Хятадад айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралд оролцохоор ирсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, “Хятад Оросын харилцаа бол өнөөгийн дэлхийн хамгийн тогтвортой, төлөвшсөн, стратегийн үнэ цэнэтэй томоохон гүрний харилцаа юм. Хоёр тал хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг түүхэн, стратегийн, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, дэмжсээр ирсэн. Хоёр улсын гадаад хэргийн сайд нар нягт харилцаатай байгаа нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг цаг тухайд нь хэрэгжүүлэхэд тустай юм. Өнөөгийн гол зорилго бол дээд түвшний солилцооны дараагийн шатанд хамтдаа бэлтгэж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бие биенийхээ хөгжил, сэргэн мандалтыг ахиулж, донсолгоо өөрчлөлт ихтэй дэлхийн сорилтыг хамтдаа давах туулахад чиглэж байна” гэжээ.
Мөн тэрээр“ШХАБ нь иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх, олон талт үзлийг сурталчлах, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн өмнөдийн улс орнуудын эв нэгдлийг нэмэгдүүлэх чухал талбар юм. Одоогоор Хятад улс энэхүү хурлыг даргалж байгаа юм. Бид Орос болон бусад гишүүн орнуудтай Тяньжиний дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх, олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Энэ жил Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр тал дэлхийн 2-р дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн 2-р дайны түүхийн үнэ зөвийг хамгаалах ёстой”гэв.
Сергей Лавров“Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Орос Хятадын харилцааны шинэ ололт амжилтыг ахиулахад Орос улс бэлэн байна. Орос улс Хятад улсын ШХАБ-ыг даргалахыг үргэлжлэн бүх талаар дэмжиж, ШХАБ болон бусад байгууллагын хүрээнд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Тяньжиний дээд хэмжээний уулзалтыг бүрэн дүүрэн амжилтад хүргэх болно”гэжээ.
