
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн "Органик ногоон бүтээгдэхүүн, Аялал жуулчлал - 2015" үзэсгэлэн, Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотын "Мишээл Экспо" төвд 14-ний өдөр нээгдлээ.

Энэ үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих холбоо, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Хоол Рестораны Холбоо, Хянган аймгийн захиргаа, МУ-ын Дорнод аймаг, МУ-ын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, МУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Хянган аймгийн Худалдааны Товчоо гүйцэтгэж байгаа юм. Хянган аймгийн "Органик ногоон бүтээгдэхүүн, Аялал жуулчлал" үзэсгэлэн өнгөрсөн онд анх удаа Улаанбаатарт амжилттай болж, хотын оршин суугчдын талархалыг хүлээсэн юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нар оролцсон бөгөөд Хянган аймгийн дарга Дү Шүэжүнь, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хамтын ажиллагааны холбогдох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Сүүлийн жилүүдэд Хянган аймаг, Дорнод аймгийн эдийн засаг худалдаа, соёл боловсрол зэрэг талын солилцоо хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа юм.

