
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 9-р сарын 25-нд Нью-Йоркт Америкийн найрсаг бүлгийн төлөөлөгчидтэй симпозиум хийжээ. Энэхүү симпозиум Америк-Хятадын үндэсний худалдааны хороо, Америк-Хятадын харилцааны үндэсний хороо, АНУ-ын Худалдааны танхим, Гадаад харилцааны зөвлөлийн төлөөлөгчид, судлаачид, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцжээ.
Ли Чян хэлэхдээ, Хятад, Америкийн харилцаа нь дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа бөгөөд хоёр орон түнш, найрсаг харилцаатай байх нь зүйтэй. Хятад Америк нь том гүрнүүдийн хувьд бие биенээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Эдийн засаг, худалдааны салбарт харилцан ашигтай, хамтдаа хожиж, хамтдаа цэцэглэн хөгжих нь зүйтэй гэжээ. Тэрээр онцлохдоо, Хятад улс үргэлжлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд илүү их боломжийг бий болгоно. Тухайлбал, нэгт, эдийн засаг худалдааны харилцааны тогтвортой хөгжлийг ахиулах бүтээлч, хариуцлагатай байр суурийг баримтална. Хоёрт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, зах зээлийн асар их боломжийг олгоно. Гуравт, нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал хандуулж буй асуудлыг харгалзан үзэж, аж ахуйн нэгжийн саадгүй ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ.
Ли Чян цааш нь хэлэхдээ, Хятад, Америкийн харилцааны үндэс нь ард түмэнд оршдог бөгөөд эрүүл хөгжлөө хадгалахын тулд хоёр тал иргэний хүчийг дайчлах ёстой. АНУ-ын тал идэхтэй үйл ажиллагаа явуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд эерэг арга хэмжээ авахыг хүсэж байна.
Америкийн талын төлөөлөгчид хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг сайнаар төсөөлж байна, бид Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хоёр орны эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
