solongonews
Үс сайхан бол зүс сайхан
2015-06-09 11:21
Азийн 100 мастер үсчний нэг, гоо сайханч, “Cione shining” салоны захирал Хавартай ярилцлаа. Хавар Улаанбаатар хотод үсчин, гоо сайханчаар 7 жил гаруй ажиллаж байна. Монголын төдийгүй Америк, Дундадын олон үйлчлүүлэгч түүнийг зорин ирж үйлчлүүлдэг нь бахархмаар

-Ажил ихтэй байхад нь хүрээд ирсэн бололтой. Уучлаарай. Өдөр бүр ийм их үйлчлүүлэгчтэй  байдаг уу?

-Тийм ээ, надад завтай байх үе ховор. Нутгийн хүнтэй уулзаагүй удсан болохоор их дотно санагдаж байна шүү.

-Баярлалаа. Таныг Азийн 100 мастер үсчний нэг боллоо гэж сонслоо. Та аль нутгийн хүн бэ?

- Би ӨвөрМонголын Улаанхад хотын Баарин Баруун хошууны Шармөрөн сумных. 2004 онд Бээжингийн Бизнесийн институтэд гоо сайхны дизайнер мэргэжлээр элсэн орж амжилттай суралцан бакалавр зэрэгтэй төгссөн. Үүндээ сэтгэл хангалуун явдаг. Би Дундад улсын "Шилдэг стилист" цолтой. Миний ажил мэргэжлийн түүх гэвэл 2007 онд анх жаахан охин байхдаа Монгол Улсыг ганцаараа зорьсон тэр цагаас эхэлнэ. 2009 оны намар Бээжинд болсон олон улсын үсчин, гоо сайханчдын тэмцээнд өрсөлдөж, алтан медаль авсан. Энэхүү амжилт хожим нь өөрийн бизнесээ эхлүүлэхэд ихэд тус болсон. Шагнал дагаж нэр хүнд ирдэг юм байна. Тэгээд Монгол Улсын үсчин, гоо сайханчидтай холбогдож  холбогдох гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн дээ. Ганц онолоор сайн мэргэжилтэн болно гэж байхгүй болохоор Монголд ирэхээс өмнө Өвөр Монголын Эрээн хотод мэргэжлээрээ гурван жил гаруй ажилласан. Өөрийн салонаа нээж жил гаруй ажиллууллаа. Эрээнд монголчууд ихтэй  болохоор үйлчлүүлэгчид олонтой байлаа.  Тэгээд л үйлчлүүлэгчид маань Улаанбаатарт салон нээхийг зөвлөсөн юм. Би ч өөрөө Улаанбаатарт очиж ажиллаж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан болохоор Монголд ирсэн дээ. Энд ирээд 7 дахь жилдээ ажиллаж байна. Анх 26 настайдаа энд ирж байлаа.

- Та “Cione shining” салонаа  хэзээ нээсэн бэ, одоо бүр өргөжсөн гэл үү?

- Миний хувьд 2008 онд анх "Shining" нэртэйгээр үсчин, гоо сайхны үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж тулах түшигтэй болсон гэх үү дээ.  Хожим нь олон үйлчлүүлэгчтэй болж охин дүү Чимэгээрээ туслуулсан. Одоо хоёулаа хамтран ажиллаж байна. Манай салон  одоо нийт 5 салбартай. Улаанбаатарт 2, “Нарны” хороололд нэг, “Оргил” худалдааны төвд нэг нь байрладаг. Хөдөө орон нутагт 3 салбартай,  Сайншанд, Өвөрхангай, Өмнөговьд байдаг. Үс арчилгаа, нүүр, гар, хөл, биеийн гээд олон төрлийн массаж, бусад салонуудад хийгддэг үсний будаг, гоо сайхны эмчилгээ зэрэг хийгддэг.

-Бүтээгдэхүүн гэснээс таны салонд ямар брэндийн бүтээгдэхүүнийг илүүтэй хэрэглэдэг вэ. Монголчуудад таардаг бүтээгдэхүүн гэж тусдаа байдаг уу?

-Манай салон байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр Японы дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн “Cione”, Германы "MD" брэндийн шампунь, тэжээлийн тосыг хэрэглэдэг.

Ази, Европ гээд л олон орны хүмүүсийн үсний онцлогууд өөр өөр байдаг. Тэгэхээр тэдний үсний онцлог чанарыг сайн мэдэж, судлах хэрэгтэй. Мөн онцлог байдалд нь тохируулж зөв засаж, будах нь чухал. Тиймээс тусгайлан монгол хүнд тохирох бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр орон орны хүмүүсийн үсэнд тааруулж ажиллаж чаддаг байх хэрэгтэй.

-Үйлчлүүлэгчдийн хувьд голчлон ямар хүмүүс байдаг вэ. Та байнгын үйлчлүүлэгчтэй болсон биз дээ?

-Тийм ээ, хамгийн удаан нь 5-6 жил үсээ засуулсан үйлчлүүлэгч бий. Үйлчлүүлэгчдийн хувьд бол Монголд амьдардаг Дундадын иргэд, Өвөр Монголчууд байдаг. Бас Америк, Германы болон гадаад хүмүүс ч манай салонд ирж үйлчлүүлж байсан. Ер нь монгол хүмүүс дийлэнх нь, одууд ч олон үйлчлүүлдэг. Гол нь салонд минь ирээд сэтгэл хангалуун гарч байгааг нь харах үнэхээр сайхан байдаг шүү.

- Гэнэт л 2000 онд үсчин болохоор шийдсэн үү, хүүхэд насны мөрөөдөл тань байв уу?

- Үнэнийг хэлэхэд хүүхэд наснаасаа үсчин болно гэж нэг их мөрөөдөж байгаагүй ээ. Харин үс гэзгээ засаж янзлах хоббитой. Нэг богинохон түүх ярья л даа. Би жаахан байхаасаа л том том салонуудаар очиж үсээ засуулдаг мөртлөө долоо хоногт, хагас сард нэг удаа засуулдаг байсан. Миний үсийг засдаг ахад миний нүүрний төрх ийм болохоор би ямар засалт хийлгэмээр байна, ямар үйлчилгээ авмаар байна гээд л өөрийнхөө санааг хэлдэг. Тэгэхээр үсчин ах намайг бүр их гайхдаг байсан. Хожим нь тэр үсчин ах намайг чи өөрөө их олон янзаар үсээ засаж янзалж чаддаг байж үсчин болохгүй яасан юм бэ? Үсчин болооч ээ, чи мэдрэмж сайн үсчин болж чадна гэж байнга зөвлөдөг. Би ч өөрөө үсээ засуулахаар хүлээж байхдаа үсчин ах, эгч нарын ажиллахыг ажиглан, их сонирхолтой ажил юм байна гэдгийг мэдэрсэн. Ингэж л үсчин болох хүсэлтэй болсон доо.

- Улаанбаатар хотод мэргэжлийн үсчин, гоо сайхны салон олон байдаг. “Shining” салоны бусдаас ялгарах давуу тал болон онцлог чанараасаа энд дурдахгүй юу? Мэргэжлийн өрсөлдөгчид ихтэй байх, тийм үү?

-Улаанбаатарт олон үсчин, гоо сайхны салон ажиллаж байгаа. Тэгэхээр өрсөлдөгч олон байх нь гарцаагүй.Мэдээж бие даан үйл ажиллагаа эрхлээд ирэхээр хариуцлага маш өндөр болдог. Цаг их давчуу болж, үргэлж цагтай уралдаж явдаг болчихдог юм билээ. Харин манай салон бол цагийг, хариуцлагыг нэн их эрхэмлэдэг. Ямар ч баяр наадам, амралтын өдөр байлаа гэсэн манай салон байнга ажилладаг. Үйлчлүүлэгч цаг аваагүй бол хэдэн цаг ч хүлээгээд сууж болно. Тэр хэрээрээ зөв, аюулгүй үйлчилгээг үзүүлж чаддаг. Манай салоны давуу тал гэвэл мэргэжлийн бараа бүтээгдэхүүнээр мэргэжлийн түвшинд, үндсэн технологийнх нь дагуу үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Салоны бүтээгдэхүүний хувьд цэвэр байгалийн гаралтай, эмчилгээний зориулалттай брэндийн бүтээгдэхүүн хэрэглэдэг төдийгүй Монголд анх удаа хуурай угаалга /10-15 минут массаж хэлбэрээр хийгддэг үйлчилгээ хийж, хуурай угаалгын дараа цэвэр усаар үсийг зайлна/ гэж нэрлэгдэх үйлчилгээг нэвтрүүлж байсан. Энэ нь бусад салонд байдаггүй үйлчилгээ. Нэг ёсондоо манай салон зөвхөн мөнгөний төлөө бус мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ бусад салонтой харьцуулахад давуу талтай. Гэхдээ залуу хүн байна бусадтайгаа өрсөлдөж, юм бүхнийг хийж үзсэн нь дээр л дээ.

- Хүний нутагт, ийм их өрсөлдөөнтэй зах зээлд таныг мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаад бахархаж байна. Анх эхлэхэд хүндрэлтэй санагдаж байв уу?

- Тийм ээ. Анх Монголд ирэхэд чинь бүх зүйлийг ойлгохгүй, мэдэхгүй байсан. Хамгийн наад зах нь үг хэлийг нь бүрэн ойлгодоггүй байлаа. Мэдээж амар хялбар ажил гэж байхгүй, шантрах үе надад гарч байсан. Гэвч амьдралынхаа төлөө тэмцэх ёстой, мөрөөдлийнхөө төлөө эдгээр бэрхшээлийг давах ёстой гэж өөрийгөө хурцалж байдаг. Хүндрэл бэрхшээл хэн хүнд л тохиолддог. Хамгийн гол нь би ажилдаа маш дуртай байсан нь өдий хүртэл хөдөлмөрлөхөд нөлөөлсөн байх аа. Өөрийн мэргэжилдээ дуртай болоод зүтгэлтэй хүн л амжилтад хүрч байгаа харагддаг. Хүн өөрөө хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ийм хүн л сайн явж чаддаг гэж би хувьдаа боддог. Энэ бодолдоо автаж, эдгээр жилүүдэд тохиолдсон бүх хэцүү бэрх зүйлийг тэвчиж, туулж ирсэн дээ. Уйлж, шантрах үе байсан ч тэсвэрлээд л гардаг байлаа. Яваандаа мэргэжлийнхээ амтанд орж, бэрхшээлүүдийг ажрахаа больсон доо.

- Энэ онд хийхээр төлөвлөсөн ажил бий юу?

- Өнөөдөр манай салон 5 салбартай болон өргөжөөд байна. Гэхдээ бас л хангалтгүй юм шиг санагдаад байгаа. Салоныхоо салбарыг цаашид дахин өргөжүүлэх хүсэлтэй байна. Мэргэжлийн хувьд нэгэнт хүрсэн түвшнээхадгалах, цаашид ахиулахын тулд би гадаадын бусад орнуудаар очиж, ажиллаж суралцах хүсэлтэй байгаа.

- Энэ дашрамд манай уншигчдад үсний арчилгааны талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Монголын агаар маш хүнд байдаг болохоор хүмүүсийн үс, гоо сайханд ихээр нөлөөлж байна. Наад зах нь хөдөө явчихаад ирэхэд нүүр царай борлочихсон, үс бүр авах юмгүй болдог. Замын тоос шороонд үс маш их хатуурч, хуурайшдаг. Үсний хувьд хамгийн их аюул нь салхи л даа. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Үс гэдэг яг л ургамал шиг усалж, тордвол гялалзаж, өнгөө сэргээдэг. Үсээ зөв угаан арчилж байвал эрүүл үстэй байна гэсэн үг. Бас өөрт тохирсон шампунь хэрэглэж байх хэрэгтэй гэж зөвлөе.

- За Цаг зав гарган манай уншигч бүсгүйчүүдэд хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

 

Зохиогч: Шинэцэцэг
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл