"Интернет сүлжээ+гадаад худалдаа"-ны хослол Дундад улсад эрчтэй хөгжиж буй хил дамнасан цахим худалдааг буй болгосон юм. Дундад улсын цахим худалдааны судалгааны төвийн бүртгэлээр, 2014 онд Дундад улсын хил дамнасан цахим худалдааны хэмжээ 4.2 триллион юань болсон нь өмнөх оныхоос 33.3 хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 85.4 хувийг, B2B буюу аж ахуйн нэгж хоорондын солилцоо 93.5 хувийг эзэлжээ. Хил дамнасан цахим худалдаа нийлүүлэлтийн холбоосыг богиносгож, эрчимжсэн үр нөлөөний дагуу үндсэн өртгийг мэдэгдэхүйц бууруулж, үйлдвэр, жижиглэнгийн худалдааны ашиг орлогыг зохих хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Хил дамнасан цахим худалдаа нь гадаад худалдааны хөгжлийн хэлбэрийг өөрчлөх, олон улсын зах зээл дэх Дундад улсын худалдааны шинэ өрсөлдөх чадварыг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж мэргэжилтэн үзэж байна.
Сүүлийн үед, Дундад улсын томоохон цахим худалдааны салбарынхан гадаад дахь ажлын ахицыг түргэтгэсэн байна. Энэ долоо хоногийн хоёр дахь өдөр Дундад улсын цахим худалдааны тэргүүлэх салбар Алибабааг үүсгэн байгуулагч Ма-Юнь Нью-Йоркт лекц унших үедээ Алибабагийн хил дамнасан цахим худалдааны стратегид тайлбар хийсэн байна. Тэрээр хэлэхдээ: - Бидний стратеги бол Америкийн жижиг дунд аж ахуйн нэгжид тусалж, Дундад улсад ирж, бүтээгдэхүүнээ Дундад улсад худалдах боломжийг нээх болно" гэжээ. Мэргэжилтний үзэж байгаагаар хил дамнасан цахим худалдаа бол гадаад худалдааны зах зээлийг нээх шинэ арга зам юм. Энэ нь олон улсын зах зээлийн хэмжээг нээх, гадаад худалдааны өрсөлдөөний шинэ давуу талыг бий болгож, Дундад улсын аж үйлдвэрт ахиц гаргахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
Жэжян мужийн цахим худалдааны компанийн нэгэн ТУЗ-ийн дарга Лү Хунчян, хил дамнасан цахим худалдаагаар дамжуулж, бүх дэлхийн өрсөлдөөнд орж болохоор барахгүй бас гадаад худалдааны явцад үнийн хөнгөлөлттэй болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: - Дундад улсын худалдан авах хэмжээ дэлхийн хэмжээнд маш ихэд орно. Гэвч үнийн хувьд бид тийм их хэмжээний үнийн хөнгөлөлт авч чадаагүй байна. Бид хэмжээг төвлөрүүлсний дараа олон улсын зах зээлд үнэ хаялцах хүчин чадалтай болж бидний өөрийн өртөг буурах болно гэжээ.
Аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, зах зээлийн эрэлт хэрэгцээ ихтэй байсан ч хил дамнасан цахим бизнесийн хөгжилд төвөг бэрхшээл тулгарсаар байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Дундад улс олон талын арга хэмжээ авах болно. Үүнд голдуу хилээр нэвтрүүлэх үйл явц, хил дамнасан цахим бизнесийн жижиглэн худалдааны экспортын барааны татварын бодлого, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хууль бус ажиллагаанд цохилт өгөх зэрэг талаар бодит арга хэмжээ авах, тэрчлэн цахим худалдааны аж ахуйн нэгжүүдийг өөрийн брэнд, индэртэй болохыг урамшуулах зэрэг агуулга багтаж байна.
Дундад улс хил дамнасан цахим бизнесийн хөгжлийг урагшлуулах нь Дундад улсын аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд ашигтай бөгөөд хилийн чанад дахь зах зээл ч үүнээс ашиг тус хүртэж болох юм. Францын дижитал технологийн яамны сайд Лемайр хэлэхдээ: - Цахим худалдааны хөгжлөөс болж, уламжлалт худалдааны нөөц хүчин тасралтгүй өргөжин, цахим худалдааны салбартай хийх хамтын ажиллагаа ч улам нягтарч байна. Энэ нь цахим худалдааны хэтийн төлөвийг төлөвлөж буй Хятад Франц хоёр оронд сайхан ирээдүйтэй болголоо гэв.
Үндэстэн дамнасан цахим худалдаанд эдийн засагтай нэгдэхийг чухалчилж, эцсийн эцэст эдийн засагт үйлчлэх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дундад улсын цахим худалдааны нийгэмлэгийн дэд дарга Ван Нин: - Бодит эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх нь гол юм. Энэ индрээр дамжуулж дэлхийн зах зээлд орохыг дэмжих ёстой гэв.

