Тэтгэврийн насны уян хатан бодлого хэрэгжүүлэв
"Хуулиар тогтоосон тэтгэврийн насыг аажмаар хойшлуулах тухай Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны шийдвэр"-ийн дагуу 2025 оны 01-р сарын 01-нээс эхлэн хуучнаар 60 настай тэтгэвэрт гардаг эрэгтэй ажилтан болон хуучнаар 55 настайдаа тэтгэвэрт гардаг байсан эмэгтэй ажилтнуудын тэтгэврийн насыг дөрвөн сар тутамд нэг сараар хойшлуулж, аажмаар тус тус эрэгтэй ажилтны тэтгэвэрт гарах насыг 63, эмэгтэй ажилтны тэтгэвэрт гарах насыг 58 нас хүртэл сунгаж хойшлуулахаар болсон; хуучнаар 50 настайдаа тэтгэвэрт гарах эмэгтэй ажилтнуудын тэтгэврийн насыг хоёр сар тутамд нэг сараар хойшлуулж, аажмаар 55 нас хүртэл сунгана. Ийнхүү Хятад улс " Тэтгэврийн насны уян хатан тогтолцоог хэрэгжүүлэх түр арга хэмжээ" хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ажилтнуудад эрт тэтгэвэрт гарах, эсвэл тэтгэвэрт гарах насаа хойшлуулахыг бие даан сонгох боломжийг олгож, тэтгэвэрт гарах уян хатан журмыг тодорхой болгож, тэтгэвэрт гарагсдын эрхийг хамгаалах журмыг тодорхой болгосон.
Жинлүүр ашиглан хэрэглэгчдийг залилах ажиллагааг таслан зогсоов
01-р сард "жинг багасгах, хэмжээг багасгах" болон жинлүүр ашиглан хэрэглэгчдийг залилах асуудалд чиглүүлж Хятадын Зах зээлийн зохицуулалтын газар цахим үнийн тооцооллын жинлүүрийн зах зээлийг цогцоор нь засах компанит ажил эхлүүлж, "Цахим үнийн тооцооллын жинлүүрийн төрлийг үнэлэх хөтөлбөр" болон "Цахим үнийн тооцооллын жинлүүрийн баталгаажуулалтын журам"-ыг гаргасан.
Цахим үнийн тооцооллын жинлүүр нь зах зээлийн гүйлгээний чухал хэмжилзүйн хэрэгсэл бөгөөд тэдгээрийн нарийвчлал нь гүйлгээний шударга байдал болон хэрэглэгчийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд цахим жинлүүрийн чипийн тохиргоог өөрчлөх, залилан мэхлэх төхөөрөмж суурилуулах замаар хэмжилтийн үр дүнг өөрчлөх нь зах зээлийн дэг журмыг ноцтойгоор алдагдуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байна.
Шинэ технологи нь цахим жинлүүрийн залилангаас сэргийлэх болон барааны мэдээллийг шалгах чадварыг нэмэгдүүлж, жинлүүр ашиглан залилан хийх ажиллагааг эх үүсвэрээр нь хориглож, жинлүүрийн оновчтой байдлыг баталгаажуулж, ард иргэдийн ашиг сонирхол болон зах зээлийн шударга байдлыг хамгаалж чадсан байна.
Хөдөө орон нутагт цэнэглэх станцуудыг угсрав
Өнгөрсөн оны 02-р сард хөдөө орон нутагт нийтийн цэнэглэх, батерей солих байгууламжийг сайжруулах ажлыг хурдасгах, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хэрэглээний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "2025 оны шяний түвшний цэнэглэх, батерей солих байгууламжийг сайжруулах туршилтын хөтөлбөрийн тухай мэдэгдэл" гаргаж, 2025 онд 75 туршилтын шяньд цэнэглэх дэд бүтцийг дэмжиж сайжруулах тухайд санал дэвшүүллээ.
Туршилтын хөтөлбөрийн хамрах цар хүрээг өргөжүүлэх, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зорилгоор хамтран өргөдөл гаргаж, нөөц бололцоогоо хуваалцаж байна.
Өдгөө Түвд, Хөхнуураас бусад Хятадын бүх мужуудын шянь болгонд цэнэглэх станцуудыг бүрэн хамруулсан бөгөөд 10 гаруй муж, хот суурин бүрд цэнэглэх станцуудыг бүрэн угсарсан байна. Энэ нь мужуудын хэрэглээний боломжийг үр дүнтэй нээж, хөдөө тосгоны сэргэн мандалт, ногоон хөгжлийг гүнзгий уялдуулж, хөдөө орон нутагт ногоон аялал жуулчлал, хэрэглээний шинэчлэлд түлхэц боллоо.
Хувийн мэдээллийн хамгаалах шинэ дүрэм журмууд хэрэгжив
Нүүр царай таних стандартаас эхлээд олон нийтийн камерын менежмент, харилцаа холбооны дугаарын хамгаалалт хүртэл Хятад улс хувийн мэдээллийг хамгаалах салбар 2025 онд хэд хэдэн журам баталсан.
2025 оны 03-р сард Хятад "Нүүр царай таних технологийн хэрэглээний аюулгүй байдлын менежментийн арга"-ыг гаргаж, нүүр царайны мэдээллийг боловсруулах үндсэн дүрэм, аюулгүй байдлын стандартыг тодорхой болгож, албадан нүүр царай таниулах, хувийн мэдээлэл алдагдах зэрэг чухал асуудлуудыг шийдсэн. 2025 оны 04-р сард "Олон нийтийн аюулгүй байдлын видео дүрс мэдээллийн системийг удирдах журам" хэрэгжиж эхэлсэн. Олон нийтийн камерын эмх замбараагүй байдалд чиглүүлэн, дүрс авах тоног төхөөрөмжид анхааруулах тэмдэг тод байхыг шаардах болж, барилга байгууламж, менежментийн хариуцлагыг тодорхой болгон, бусдын мэдээллийг дур мэдэн цуглуулах, хувийн мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлсэн; 2025 оны 07-р сард "Дугаар хамгаалах үйлчилгээний туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх тухай мэдэгдэл"-ийг гаргасан. Хоол хүнс хүргэх, илгээмж хүргэлт, унаа дуудах зэрэг нөхцөл байдалд түр зуурын "нууцлалын дугаар" олгож, харилцаа холбооны эх үүсвэрээс хувийн дугаар алдагдахаас сэргийлсэн.
Настайчуудад ээлтэй гэрийн тавилгын шинэ стандартууд
2025 оны 07-р сард "Ахмад настны асрамжийн газрын ухаалаг бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлага" хүчин төгөлдөр үйлчилж, техникийн нэгдсэн стандартаар дамжуулан ахмад настнуудад ээлтэй, ухаалаг гэрийн бүтээгдэхүүнийг сурталчилсан.
Ахмад настны асрамжийн газрын ухаалаг бүтээгдэхүүн гэдэг нь ахмад настны өдөр тутмын амьдралд ухаалаг технологи ашигладаг гэр ахуйн бараа юм. Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд голчлон ахмад настнуудад ээлтэй цахилгаан хэрэгсэл, тавилга, гэрэлтүүлэг, угаалгын хэрэгсэл, жорлон, гал тогооны хэрэгсэл, түүнчлэн зарим өмсдөг төхөөрөмж, зөөврийн хяналтын төхөөрөмж, ахмад настны асрамжийн ухаалаг хяналтын төхөөрөмж багтдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ахмад настануудад амьдрах таатай орчин бүрдүүлэх, ахмад настны асрамжийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хүүхэд харах тэтгэмж олгох болсон
2025 оны 07-р сард Хятад улс "Хүүхэд харах тэтгэмжийн төлөвлөгөө" гаргасан бөгөөд 2025 оноос эхлэн хууль тогтоомжийн дагуу төрсөн гурван нас хүрээгүй нярай хүүхдэд тэтгэмж олгохоор болсон. Үндэсний үндсэн стандартын дагуу хүүхэд бүрд жилд 3600 юань олгодог болсон бөгөөд гурван нас хүртэл нь жил бүр олгодог болсон. 2025 оноос өмнө төрсөн гурван нас хүрээгүй хүүхдүүдэд насыг нь сараар тооцож буцаан олгох тэтгэмж авах боломжтой. Энэ нь төрөөс хэрэгжүүлж буй гурван хүүхдийн бодлогын дагуу бүх гэр бүлийг бүрэн хамруулжээ. Энэ тэтгэмжийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлдөг бөгөөд амьжиргааны доод хэмжээний тэтгэмж авдаг хүмүүс, нэн ядуу хүмүүс, эсвэл бусад төрлийн тэтгэмж авдаг гэр бүлүүдийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлсөн. 2025 оны 09-р сарын 08-наас эхлэн хүүхэд харах тэтгэмжийн өргөдлийг албан ёсоор хүлээн авч эхэллээ. Өргөдлийг Alipay, WeChat болон мужийн захиргааны үйлчилгээний платформуудаар онлайн хэлбэрээр, эсвэл нярайн өрхийн бүртгэл байрладаг шян, суурингийн захиргаа, эсвэл хорооллын оффис дээр очиж биечлэн авч болно.
Хүүхэд асрах тэтгэмж нь Хятадын оршин суугчдад олгодог анхны бүх нийтийн бэлэн мөнгөний тэтгэмж бөгөөд хүүхэдтэй гэр бүлийн нэг удаагийн орлогыг шууд нэмэгдүүлж, тэдэнд хүртээмжтэй бодлого болж буй юм.
Орон сууц түрээслэх ажил төрөл хуульчлагдлаа
2025 оны 09-р сарын 15-наас хойш Хятадын орон сууц түрээслэх салбарын анхны захиргааны журам болох "Орон сууц түрээслэх журам" албан ёсоор хэрэгжиж эхэлсэн нь орон сууц түрээслэх зах зээлийг хуульчлах, стандартчилах үе шатыг нээлээ.
Өдгөө Хятадын хотын түрээсийн орон сууцанд амьдарч буй хүн ам 200 саяас давсан. Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хотуудад түрээслэгчдийн эзлэх хувь байнгын оршин суугчдын 40 хувиас давсан байна.
Энэхүү нийтлэгдсэн шинэ дүрэмд түрээслүүлэгч, түрээслэгч, орон сууц түрээслэгч компаниуд, зуучлалын агентлагууд болон онлайн мэдээллийн платформуудад зориулсан хэд хэдэн институцийн зохицуулалтыг тодорхой болгосон: орон сууцны баталгаажуулалтын механизмыг бий болгох, орон сууцны аюулгүй байдлын стандартыг чанд мөрдөх, орон сууцны түрээсийн гэрээнд онлайн гарын үсэг зурах, бүртгүүлэхийг дэмжих, түрээс болон барьцааны хяналт шалгалтын шаардлагыг тогтоосон. Ингэснээр түрээслэгчдийн эрх үүрэг, ашиг сонирхлыг хамгаалах болсон. Дүрмийг хэрэгжүүлснээр орон сууцны түрээсийн үйл ажиллагааг цаашид стандартжуулж, орон сууцны түрээсийн зах зээлийн чансаатай хөгжлийг дэмжлээ.
Төрийн албан хаагч элсэх насны хязгаарыг сулруулсан
2025 оны 10-р сард Үндэсний төрийн албан хаагчийг удирдах газрын нийтэлсэн “Төвийн төрийн албан байгууллага болон түүний шууд харьяа байгууллагын 2026 оны төрийн албан хаагч ажилд авах албан мэдээ”-нд үндэслэн, 35-с доош насны хүмүүсийг төрийн албан хаагчаар ажилд авдаг байсныг 38 нас болгон өөрчилж, харин магистр, докторын дипломтой хүмүүсийн төрийн албан хаагчаар ажилд авах насыг 40-43 нас болгон өөрчилсөн билээ.
Энэ он гарснаас хойш төрийн албаны улсын шалгалтаас гадна орон нутгийн засаг захиргааны байгууллагаас төрийн албан хаагчийг ажилд авах журамд өөрчлөлт оруулж, жирийн албан хаагч болон мэргэжил, техникийн албан хаагчийг ажилд орох насны хязгаарыг 45 нас хүртэл нэмэгдүүллээ.
Шинэ автомашин бүртгүүлэхэд тээврийн хэрэгслийн удирдлагын албанд очих шаардлагагүй болсон
2025 оны 11-р сард илүү үр ашигтай, тохиромжтой шинэ тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхийн тулд үндэсний хэмжээнд суудлын автомашиныг бүртгэх “нэг цэгийн” үйлчилгээг бүрэн хэрэгжүүлж, олон нийтийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын удирдлагын үйлчилгээг "Нэг цэгийн онлайн боловсруулалт"-ын зургаан шинэ арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Нийгмийг аюулаас хамгаалах яам 30 гаруй автомашины компанитай хамтран "Шинэ тээврийн хэрэгслийн урьдчилсан үзлэг"-ийг хэрэгжүүлж, шинэ тээврийн хэрэгслийн мэдээллийг онлайнаар хуваалцах ажлыг өрнүүлж байна. Дотооддоо үйлдвэрлэсэн суудлын автомашин худалдан авсан тохиолдолд тээврийн хэрэгслийн удирдлагын албанд очиж бүртгүүлэх шаардлагагүй болсон.
Сүүлийн 5 жилд Хятадад жилд дунджаар 20 сая гаруй шинэ суудлын автомашин бүртгүүлсэн. Иргэд гэрээсээ гаралгүйгээр "Замын хөдөлгөөний удирдлагын 12123" APP-ийн "Нэг цонхны үйлчилгээ"-гээр шинэ тээврийн хэрэгслээ бүртгүүлэх боломжтой болжээ.
HPV вакциныг Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт оруулсан
2025 оны 11-р сарын 10-наас эхлэн Үндэсний халдвараас сэргийлэх газар, Үндэсний эрүүл мэндийн хороо, Боловсролын яам зэрэг долоон яам хороод хамтран “HPV вакциныг үндэсний дархлааны хөтөлбөрт хамруулах мэдэгдэл” нийтэлж, HPV вакциныг үндэсний дархлааны хөтөлбөрт албан ёсоор хамруулж, 2011 оны 11-р 10-наас хойш төрсөн 13 нас хүрсэн эмэгтэй хүүхдийг HPV вакцинд хоёр удаа үнэ төлбөргүй хамруулах болсон юм.
Умайн хүзүүний хорт хавдар бол эмэгтэйчүүдэд байнга тохиолддог. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсаар ирсэн. HPV вакцинд хамрагдсанаар энэ төрлийн өвчнөөс үнэ төлбөр багатайгаар, эрсдэл багатайгаар, урт хугацаагаар урьдчилан сэргийлэх боломжтой болж буй юм. 2023 онд Хятад улс “Умайн хүзүүний хорт хавдрыг арилгах 2023-2030 хөтөлбөр” хэрэгжүүлж, HPV вакцинд хамруулах ажлыг түргэсгэхийг шаардаж, олон арга замаар нөхцөл боломж бүрдүүлэн, зохих насны эмэгтэй хүүхдүүдийг вакцин хамруулах арга хэмжээ авсан. 2025 оны 10-р сарын байдлаар Хятадын 18 муж иргэдийн амьжиргааны төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр, эмэгтэй хүүхдүүдийн HPV вакцинд хамрагдахад тэтгэмж олгож, HPV вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулахад баттай үндэс суурь тавьж өглөө.

Бээжин хотын Фэнтай дүүргийн Дүнгаоди гудамжинд тэтгэвэрт гарсан ахмад дайчин Намын гишүүд ганцаараа амьдардаг ахмад настнуудыг эргэн үзэх сайн дурын үйлчилгээний баг байгуулжээ Зургийг: ЛИ ШИНЬ

Чиндао хотын Лицан дүүргийн Тайлю зам дахь хорооллын зах зээлийн хяналтын ажилтнууд иргэдэд цахим жинлүүрийн хэмжилтийн мэдлэгийг сурталчилж байгаа нь Зургийг: ЖАН ИН

Жянши мужийн Фужөү хотын Наньфэн шяний Чинчэн суурингийн машины зогсоол дээр шинэ эрчим хүчний нийтийн автобус цэнэглэж байгаа нь Зургийг: ЖУ ХАЙПЭН

Ажилтнууд Хятадын Мобайл Харилцаа Холбооны Групп Хэбэй ХХК-ийн Зунхуа салбарын оршин суугчдад хувийн мэдээлэл хамгаалах мэдлэгийг тайлбарлаж байгаа нь Зургийг: ЛЮ МАНЬЦАН

Зочид гурав дахь удаагийн Ши Ань хотын олон улсын ахмад настны асрамжийн салбарын үзэсгэлэн дээр ахмад настны асрамжийн тоног төхөөрөмжтэй танилцаж байгаа нь Зургийг: ЖАН ЧЭН

Жэжян мужийн Хужөү хотын Лончуань хорооны Шибай Юйтань хорооллын оршин суугчид хүүхэд асрах тэтгэмж авах хүсэлт гаргав Зургийг: И ФАН

Яргай хотын Жиньфэн дүүрэгт байрлах Иньфэнгийн хямд үнэтэй түрээсийн орон сууцны төсөл Зургийг: ЮАНЬ ХУНЯНЬ

2026 оны Төрийн албаны улсын шалгалтад оролцохоор дугаарлаж байгаа нь
Зургийг: ЛЮ ЖЯНЬХУА

Өрөмч хотод болсон Шинжааны "12.12" өвлийн автомашины үзэсгэлэнд зочид шинэ машинуудыг сонгож байгаа нь Зургийг: СУНЬ ЖЭНЬСУН

Аньхуй мужийн Фуян хотын Фунань Мяожи суурингийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ажилтнууд HPV вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа нь Зургийг: ЛЮ НАЙМИН
