Тоглолтод Монгол Улсын "Үүрийн од" компанийн 50 жүжигчин Чингис хааны бага нас болон идэр нас, хаанд өргөмжлөгдсөн түүхийг харуулсан тоглолт үзүүлэв. Тэд өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монголын их хаадын түүх, байлдан дагуулалт, соёл урлаг, зан заншлыг морин урлаг үзүүлбэрээр БНСУ-ын Чежү арал болон Монгол Улсдаа тоглож олны хүртээл болгожээ.
Харин энэ удаа Өвөр Монголын "Од" соёл, аялал жуулчлалын компанитай хамтран ажиллаж, Өвөр Монголд анхны тоглолтоо хийж байгаа юм байна. Тэдний энэ тоглолт гурван сар үргэлжилж, өдөрт гурван тоглолт зохион байгуулах болно.

"Мөнхийн богд Чингис" хэмээх морин урлаг үзүүлбэрийн 50 гаруй жүжигчний дийлэнх нь арван жилийн сурагчид, оюутнууд юм байна. - Тэд багаасаа морь унадаг, спортын мастер, саадтай морин харайлтын тамирчин зэрэг мэргэжлийн хүүхдүүд юм гэж Монгол Улсын "Үүрийн од" компанийн захирал н.Үүрцайх танилцуулж байв.

Мөн энэ удаагийн тоглолтод Монгол Улсын дуучин А.Мөнхбат, МУСТА Б.Мөнхбаяр зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.
Дуучин А.Мөнхбат: - Энэхүү сайхан үзүүлбэрийг үзээд сэтгэл дүүрэн байна. Монгол эр хүн монгол морьтойгоо дэлхийн талыг эзэлж байсан. Монгол хүн монгол морьтойгоо ойрхон байх нь эрхэм чухал үүрэг учир морин эрдэнээ магтан дуулсан "Манай адуу" дуугаа дуулж хүргэсэндээ сэтгэл маш өндөр байна гэв.




