
Улс орон, бүс нутаг хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа бол олон түмнийг эвсэн нэгдүүлж, улмаар хүн төрөлхтний оршин тогтнох, цэцэглэн хөгжих суурь нөхцөлийг хангагч хүчин зүйл нь мөнөөс мөн. Түүний нэгэн жишээ нь, олон төрөл салбараар зохион байгуулагддаг экспо үзэсгэлэн худалдаанууд. Сэтгүүлч миний бие 07-р сард Бээжин хотноо болсон Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих гурав дахь яармагт оролцон хамтын ажиллагааны утга учрыг илүү ойлгосон гэхэд болно.
Дэлхийн хүчирхэг 500 компани, салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж нь 65 гаруй хувийг эзэлж, шинээр оролцож байгаа бүтээгдэхүүний төрөл 100-г давсан гэж бахархах Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих гурав дахь яармагт 75 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 651 компани, байгууллага оролцож, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг хүмүүсийн нүдэн дээр гайхуулав.
Энгийн худалдан авалтыг зохицуулахаас авахуулаад барилга, зам гүүрийн бүтээн байгуулалт, мөн сар, ангараг руу аялах тооцоолол зэргийг дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээ, ухаалаг машины сүлжээ, ногоон хөдөө аж ахуйн сүлжээ, цэвэр эрчим хүчний сүлжээ, дижитал технологийн сүлжээ, эрүүл амьдралын сүлжээ зэрэг зургаан томоохон сүлжээ, ханган нийлүүлэлтийн үйлчилгээний нэг үзэсгэлэнгээр хүргэж буй нь илт байлаа.

Надад анхаарал татсан онцлох үзүүлбэр гэвэл хот хоорондын аялал одоо газраар хэрнээ сэнсэн хөдөлгүүрт хөнгөн онгоцны хурдаар хийгддэг болж буй нь гайхалтай. Эдгээр онгоц хөх тэнгэрт олшрохоор нэг нэгнээ мөргөчих вий гэх болчимгүй бодол толгойд зурсхийхээр инээд ч хүрэх шиг. Энэ л “гайхлууд”-ын нислэгээр өнөө яриад байдаг агаарын богино орон зайн эдийн засгийг хөгжүүлэх байх даа. Гэрэл, лазерын шоунд умбасан үзмэрүүд нь бүхэлдээ технологийн хөгжил гэдэг нь эрсдэлээсээ илүү боломжуудыг хүн төрөлхтөнд авч ирж буй гэх итгэлийг төрүүлэв.
Цэвэр эрчим хүчний сүлжээний хэсгээр зочилбол үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, мөн хэмнэх шинэлэг хандлагууд, шинэ эх үүсвэрүүд, шинэ материал нь энэ павильоны гол “мессеж” байлаа.
Одоогийн байдлаар ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжил нь дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөх, шинэчлэх гол чиг хандлага болж байгаа нь энэ павильоноос илт харагдана. Нүүрстөрөгчийн давхар ислийн систем, нөөцөд суурилсан эрчим хүч хувиргах загвар нь Өмнөд Африкийн цахилгаан эрчим хүчний компанийн тэргүүний анхаарлыг татаад амжив. Хятадын цэвэр эрчим хүчний салбарт технологийн хүчирхэг чадавхи нь улам олон түнштэй хамтран ажиллах хэтийн төлөвийг энэ яармаг нээж байна. Германы Wacker компани мөн анх удаа оролцож, дөрвөн шинэ өндөр хүчин чадалтай силикон материалыг дэлгэн үзүүлсэн нь "Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн сүлжээний бүрэн бүтэн байдал"-ыг онцолсон юм. Нээрээ л толгойгоо ажиллуулбал энэ дэлхий тэр чигээрээ энергийн агуулах шүү дээ.

Дэлхий газрын нөөц баялаг нүүрснээс өөр эх үүсвэрүүд рүү эргэлт буцалтгүй явсаар л. Сүүлийн жилүүдэд дэлхийн ногоон эдийн засгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Хятад улсын хувьд фотоволтайк, салхины эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт тэргүүлэгч байр суурийг эзэлж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 2 тэрбум 170 сая киловатт хүрч, шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт арван жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Цаашаа үндсэн технологи, үйлдвэржилтийн түвшний сайжруулалтыг түргэсгэж, ногоон технологийн судалгаа, хөгжүүлэлт, сурталчилгааг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг гол салбаруудад нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь хөгжлийн загваруудын ногоон өөрчлөлтийг хурдасгаж, цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд Хятадын хүч чадлыг нэмэгдүүлээд байна.
Дараа нь технологийн илбэ мэт үзүүлбэрүүдээр үргэлжлэх дижитал технологийн сүлжээний танхимд хүрлээ. Энд улс орнууд Хятадын томоохон компаниуд өөр өөрийн бүтээгдэхүүн, хүчин чадлаараа өрсөлдөнө. Яг л энэ удаагийн яармагийн уриа болох "Дэлхий ертөнцийг холбож, ирээдүйг хамтдаа бүтээцгээе" гэж байх шиг улс орон хоорондын эерэг өрсөлдөөн энд чимээгүйхэн өрнөнө.

Эндээс инновацын илүү хүчтэй мэдрэмж, олон улсын оролцоо, өндөр түвшний холболтоор бахархаж байна. Тусгай зориулалтын инновацын сүлжээ бүс анх удаа шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Үзэсгэлэнд аж үйлдвэрийн боловсронгуй загвараас авахуулаад авхаалж самбаатай "Wall-Robot" болон эвхэгддэг дэлгэцтэй зөөврийн компьютер зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдлээ. Дэлхийн аж үйлдвэрийн сүлжээг хамарсан хамтын инновацын ачаар технологийн шинэчлэл нь аж үйлдвэрийн гүн гүнзгий өөрчлөлтийг хөдөлгөж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоод зогсохгүй, ухаалаг амьдралын бодит алсын харааг бий болгож байна.
Өнөөдөр Хятад улс технологи, аж үйлдвэрийн инновацыг гүн гүнзгий нэгтгэж, шинэ бүтээмжийг эрчимтэй хөгжүүлэн бэхжүүлж, инновацын хөгжил, үр өгөөжтэй үр дүнд хүчтэй түлхэц үзүүлж байна. Хятад улс дэлхийн хамгийн том R&D ажиллах хүч, дэлхийн шилдэг 100 технологийн инновацын кластер, 460,000 гаруй өндөр технологийн аж ахуйн нэгжтэй. Цаашид уламжлалт аж үйлдвэрийг дижитал технологиор өөрчлөх, шинэчлэх, эсвэл хиймэл оюун ухаан, агаарын богино орон зайн эдийн засаг, синтетик биологи зэрэг стратегийн хөгжиж буй салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих яармаг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн компаниудад технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих өргөн боломж олгосоор байх болно.
“Олны хүч оломгүй далай” гэдэгчлэн ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих экспо нь олон улсын шинжлэх ухаан, технологийн солилцооны чухал гүүр болж, илүү хүчтэй, илүү ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрэлт ирээдүйг бий болгох нь дамжиггүй.
