Бээжингийн Тянь Аньмэний талбайд болсон Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын дурсгалд зориулсан арга хэмжээнд 10 жилийн хугацаанд хоёр удаа уригдсан оролцогчдын сэтгэгдэл.
09-р сарын 03-ны өглөө АНУ-ын Луизиана мужийн Монро хотын хатагтай Нелл Каллоуэй Тянь Аньмэний талбай дахь үзвэрийн тавцангаас энхийн цэнхэр тагтаанууд дэгдэн нисэхийг хараад:
- Нагац өвөө, та харж байна уу? Таны хамгаалах гэж тэмцэж байсан улс орон өдгөө энх тайвныг хамгаалах хүчирхэг хүчийг эзэмшиж байна. Эндхийн ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны түүхийг цаг ямагт марталгүй санаж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны агуу их үзэл санаа, “Нисдэг бар” бүлгийн үзэл баримтлал энэ нутагт үеэс үед уламжлагдаж байна гэж сэтгэлдээ шивнэсэн.
Нелл Каллоуэйн юманд нямбай ханддаг төлөв байдал нь түүний нагац өвөө, Америкийн “Нисдэг бар” бүлгийн командлагч Клэр Ли Ченнаулд маш төстэй байдаг тухай олон хүн дурдаж байв. “Нисдэг бар” бүлэг нь 80 гаруй жилийн өмнө Хятадын Японыг эсэргүүцэх дайнд оролцож байсан агаарын цэргийн нисэх хүчний тусгай анги юм. Энэ ангийн нисгэгчдийн ихэнх нь АНУ-аас ирсэн. Тэд Клэр Ли Ченнаултын удирдлага дор Хятадын цэрэг арми, ард иргэдтэй мөр зэрэгцэн тулалцаж, Японы түрэмгийлэгчдэд удаа дараа хүнд цохилт өгч, Японы фашизмын эсрэг тэмцэлд агаарын чухал хүч болсон юм.
75 настай хатагтай Нелл Каллоуэй АНУ-ын Ченнаултын нисэх баг, цэргийн музейн захирлын хувиар Хятадад уригдан ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцож, цэргийн парадыг сонирхов. 2015 оноос хойш Нелл Каллоуэй хоёр дахь удаа парадад уригдаж буй нь энэ юм. Манай сэтгүүлч энэ тухай тусгай ярилцлага бэлтгэсэн.
Арван жилийн хугацаанд гарсан өөрчлөлт ба тогтмол байдал
Есдүгээр сарын 03-ны өглөөний 09:44 цагт Агаарын цэргийн далбаа хамгаалах баг жагсаалыг хошуучилж гарч ирснээр түрүүлж гарч, цэргийн парад эхэлсэн юм.
Нелл Каллоуэй Жя Ланхуй агаарт хөөрч буй туг хамгаалагчийг дээш харангаа сэтгүүлчдэд:
- Энэ туг далбаа харуул 2015 оных шиг гайхалтай байна. Ганц ялгаа нь тэнгэрийн фонт тэр үед "70" байсан бол энэ жил "80" болж хувирав. Цаг хугацаа урсан өнгөрч, 10 жил нүд ирмэхийн зуур өнгөрчээ гэж хэллээ.
Яг л 10 жилийн өмнөх шиг 2025 оны 09-сарын 03-ны өдөр нарлаг сайхан өдөр байлаа. Нелл Каллоуэй:
- Намайг анх 2015 онд Бээжинд ирэхэд өдөр бүр бороо орж байсан ч ёслолын өдөр бороо намжсан. Энэ жилийн парад ч мөн нартай сайхан өдөр боллоо. Магадгүй, энэ нь Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны баатруудын хойч үедээ өгсөн ерөөл юм болов уу гэж хэлсэн юм.
Хятадын Ардын Чөлөөлөх Арми Тянь Аньмэний хаалганы хажуугаар итгэлтэй, бахархалтайгаар алхаж гарав. Нелл Каллоуэй тэдний баатарлаг дүрийг хараад:
- Арван жил өнгөрсөн ч Хятад цэргүүдийн хатуу сахилга бат гайхалтай хэвээр байна гэж хэлэв. 2015 оны ёслолын үеэр АНУ-аас ирсэн нэгэн зочин Нелл Каллоуэйн хажууд суугаад түүнд:
- Эдгээр цэргүүд бүгд ижил өндөртэй байгааг та анзаарсан уу? Тэдний хөдөлгөөн төгс зохицсон байсан нь цэргийн гарамгай амжилт, багийн урам зоригийг харуулж байна гэж хэлж байлаа. Нелл Каллоуэй:
- Ийм амжилтыг зөвхөн бэлтгэл сургуулилтад асар их хүчин чармайлт гаргаж байж л биелүүлдэг. Би эдгээр залуусын гайхалтай үзүүлбэрийг маш их биширч байна. Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд оролцсон ахмад дайчид Тянь Аньмэний хаалганы цамхаг дээрээс мэндчилж байсныг том дэлгэцээр харсан. Хан уулыг цас дарж, хайран биеийг нас дардаг гэгчээр тэд бүгд насан өндөр болжээ. Зуун насыг зооглож яваа буурай хэд хэд байна билээ гэж бахархан хэллээ. Тэрээр басхүү:
- 2015 оны 09-р сарын 02-ны өдөр Ардын Их Хурлын ордонд нагац өвөөгийнх нь гэргий Чэнь Шянмэй болон "Хүмп агаарын зам"-ын нисгэгч асан Жэй Винярд нар Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 70 жилийн ойн медалиар шагнуулсан. Хятадын удирдагчид тэдэнд одонг өөрийн биеэр гардуулсан. Жэй Винярд бол миний сайн найз. Тэр "Хүмп агаарын зам"-аар 87 удаа хоёр талдаа нислэг үйлдэж байв. Жэй Винярд Хятадын ард түмэн тэдний хичээл зүтгэлийг мартаагүйд маш их сэтгэл догдолж, одон медаль хүртэж буй гэрэл зургаа маш их нандигнадаг.
Газраас агаар хүртэл Хятадын орчин үеийн зэвсгийн жагсаал цуглааныг хараад Нелл Каллоуэй сэтгэл догдлон:
- Нагац өвөө маань 1937 онд Хятадад анх ирэх үеийн нөхцөл байдлын талаар ярьж байсан удаатай. Тухайн үед Хятадын нөхцөл байдал туйлын хүнд байсан. 2002 оноос хойш би Хятадад олон удаа айлчилж, Хятадад асар их өөрчлөлт гарч буйг биечлэн мэдрэв. Хурдны галт тэрэгнээс эхлээд дижитал холболт хүртэл Хятадын хөгжлийн хурд ямар ч эргэлзээгүй гайхалтай байлаа. Хятадын хөгжлийн үйл явц нь тэдний шантрашгүй итгэл үнэмшил, сайн сайхан хүсэл түмүүлэл, урт удаан түүхээс улбаатай үндэсний үзэл ухамсрыг харуулж байна.
80 мянган энхийн цэнхэр тагтаа тэнгэрт дэгдэн нисэж, 80 мянган хийн бөмбөлөг тэнгэрт хөөрөхөд Нелл Каллоуэй сэтгэл хөдөлж нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа. Тэрээр догдолсон сэтгэлээ дарж ядан:
- Энэ бол миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн дүр зураг. Нагац өвөө маань “Энхийг сахиулах нь дайнаас ч хэцүү” гэж хэлж байсан удаатай. Түүхийг эргэн сөхвөл Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ, Хятад болон бусад улс орнууд мөр зэрэгцэн тулалдаж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад гарамгай хувь нэмэр оруулсан. "Нисдэг бар" бүлэг нь АНУ, Хятад хоёр орны мөр зэрэгцэн байлдаж байсан түүхийн бичил дүрс юм. Энэ бол улс төр, соёлын ялгаанаас үл хамааран АНУ, Хятад хоёр орон хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулсан чухал түүх юм.
Онцгой "Гэр бүлийн оройн зоог"
Ёслолд оролцсон нь Нелл Каллоуэйн Хятадад хийж буй 15 дахь удаагийн айлчлал юм.
Хятадад ирэх бүрд Нелл Каллоуэйн сэтгэлийг хамгийн их догдлуулсан зүйл нь хаана ч явсан Хятадын ард түмэн түүнийг халуун дотноор угтан авдаг явдал. Хятадын ард түмэн "Нисдэг бар" бүлгийн тухай дурсамж, дурсгалыг хэзээ ч мартаагүй юм.
08-р сарын 31-ний орой Нелл Каллоуэйг хүрэлцэн ирсэн өдөр Бээжингийн Чиди шинжлэх ухааны том давхар байшинд тусгай "Гэр бүлийн оройн зоог" зохион байгуулав. Тэр орой Бээжингийн шинэ дөрөвдүгээр армийн судалгааны нийгэмлэгийн 4-р дивизийн (Хуайбэй) салбар Нелл Каллоуэйд оройн зоог барьжээ. Алс холоос ирсэн энэхүү “Гэр бүлийн гишүүн”-ийг угтан авахаар Японы түрэмгийллийн эсрэг дайны үеэр Америкийн нисгэгчдийг аврах ажиллагаанд оролцож байсан шинэ дөрөвдүгээр армийн хуучин анд нөхдийн үр сад хүрэлцэн иржээ. Энэ нь хагас зуун жилийг алгассан уулзалт бөгөөд оролцогчдын дундаж нас 70-с дээш байв.
Зоогийн үеэр маршал Чэнь И-гийн хүү Хятадын ард түмний гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дарга асан Чэнь Хаосү, Жянсу муж, Аньхуй мужийн захиргааны дарга асан Лю Руйлунгийн ууган охин Лю Яньхуай, Шинэ дөрөвдүгээр армийн улс төрийн газрын дарга Дэн Зихуйгийн охин Дэн Шяоянь, Алдарт дипломатч Ү Шючуаны ач хүү Ү Зинью, Хятадын ардын УТЗЗ-ийн үндэсний хорооны дэд дарга асан СайФдин Эзизийн ач хүү Сай Фүлинь, Шинэ дөрөвдүгээр армийн ахмад дайчдын үр хойч, Чиди ХХК-ийн дарга Ван Жи-ү нар Нелл Каллоуэйг хүндэтгэн зоог барилаа. Нелл Каллоуэй тэдэнд:
- БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд надад урих зочдын жагсаалтад та орсон гэсэн баярын чимээ дуулгахад би маш их баярласан. Манай гэр бүлийнхэн бүгд ирэхийг хүсч, эцэст нь охин бид хоёр аялалд гарсан гэж хэллээ. Нелл Каллоуэй:
- “Та нар бүгд миний Хятад гэр бүлийн ахан дүүс" гэж хуучны анд нөхөддөө хандан “Би Хятадад айлчлах болгондоо Хятадын ард түмэн өөрийн түүхээ хичнээн их эрхэмлэн дээдэлдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Японы түрэмгийллийн эсрэг дайны ахмад дайчидтай уулзаж, сургуулиудтай танилцах завшаан тохиосон. Ахмадууд түүхээ хуваалцаж, залуучууд тэр үеийн түүхийн талаар сонирхож байлаа. Хятад улс боловсролд онцгой анхаарал хандуулж байгаа нь өнгөрсөн үеийн тэмцлээ хэзээ ч мартаагүй, ирээдүйг бүтээхийн тулд тууштай хичээн зүтгэж буйг харууллаа гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
"Миний Хятад ач охин"
Нелл Каллоуэй Бээжинд мөн 1990-ээд онд төрсөн Хүбэйгийн Ли Яньжү гэдэг охинтой танилцжээ. 2015 онд АНУ-д суралцаж байсан Ли Яньжү дипломоо бичих гэж “Нисдэг бар” бүлгийн түүхийн сэдвийг ашиглахыг хүсэж байлаа. Нелл Каллоуэйтэй уулзсаныхаа дараа Нелл Каллоуэй түүнд нагац өвөө Клэр Ли Ченнаулын түүхийг дэлгэрэнгүй өгүүлжээ. Ли Яньжү ч мөн "Нисдэг бар" бүлгийн түүхэнд маш их сэтгэл хөдөлж, Хятад, Америкийн найрамдлын тэр түүхийг өвлөн үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ли Яньжү, Нелл Каллоуэй хоёр гүн нөхөрлөл тогтоож, Ли Янжүг "Миний хятадын ач охин" гэж энхрийлэн дууддаг болсон юм. Нелл Каллоуэй:
- Тухайн үед Лос Анжелес хотод амьдардаг Хятад найз Тун Ли маань надтай холбогдож, Лос Анжелес хотод сурдаг хятад оюутан музейг минь үзэх хүсэлтэй байгааг хэлээд би тэднийг хүлээж авсан. Тэр өдөр Луизиана мужийн зарим хууль тогтоогчид музейд семинарт оролцохоор ирэв. Хятадын ард түмэн "Нисдэг бар"-бүлгийн түүхийг хэзээ ч мартаагүй, түүнд их ач холбогдол өгдөг гэдгийг би эдгээр хууль тогтоогчдод байнга хэлдэг байсан ч тэд Ли Яньжүтэй уулзах хүртлээ үүнд итгээгүй. Энэ охин тэдэнтэй хамт семинарт оролцсон. Миний дэмжлэгээр Ли Яньжү зөвлөлийн гишүүдийн өмнө босч, яагаад Луизиана муж улсын Монро хотод ирснээ тайлбарлав.
Ли Яньжү хуралд оролцсон хууль тогтоогчдод хандан:
- Би Хятад, АНУ-ын найрамдлын гэрч болох "Нисдэг бар"-бүлгийн түүхэн дурсамжийг судлахаар энд ирсэн гэж хэллээ.
Нелл Каллоуэй энэ дүр зургийг эргэн дурсаж инээмсэглэн:
- Түүний эрч хүч, урам зориг, үнэнч сэтгэлээр хуралд оролцогчид маш их бахархсан. Бүгд босон алга ташиж, "Нисдэг бар"-бүлгийн түүх, Хятад, Америкийн найрамдлын талаар харилцан гүнзгий ярилцав. Дараа нь би Ли Яньжүг хятад туслахаар урьж бидний харилцаа улам бүр ойртож, гэр бүлийн хүмүүс шиг болсон юм.
Нелл Каллоуэй Ли Яньжүгийн түүхэнд хүндэтгэлтэй хандаж буйд талархаж байлаа. Тэрээр:
- Манай залуучууд дайны түүхийг ойлгохгүй бол гашуун түүх давтагдах магадлалтай. Дэлхийн 2-р дайны гэрч болсон хүмүүс улам цөөрсөөр байгаа тул залуу хойч үедээ түүхийг дурсан сануулж, эдгээр нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх нь улам чухал болж байна. Шударга ёсыг тогтоох нь үе үеийн эрхэм зорилго, энхийг сахиулах нь бидний нийтлэг үүрэг гэдгийг залуучуудад ойлгуулах ёстой. “Нисдэг бар”-бүлгийн түүх, дэлхийн фашизмын эсрэг тэмцлийн түүхийг үеийн үед уламжлах ёстой. Учир нь бид өнгөрсөн үеэсээ холдох тусам санаж байх хэрэгтэй бөгөөд үүнийг санах нь илүү чухал байдаг юм.
