Соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд 8-ны өдөр Монгол, Дундадын урлаг соёлын уран бүтээлчдийн уулзалт ярилцлага Өвөр Монголын Үндэстний урлагийн театрт болж өнгөрлөө. Уулзалт ярилцагад Монгол Улсын БСШУЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Хэлтсийн дарга, Урлаг судлалын доктор Б.Гантулга, Соёлын бодлого зохицуулалтын газрын Сонгодог болон хөгжмийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбат, Соёлын өвийн хэлтсийн Музейн бодлого зохицуулт хяналтын мэргэжилтэн Нацагням зэрэг албаны талын төлөөлөгч, Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит "Саран Хөхөө" театрын дарга Л.Эрдэнэбат болон уг театрын бүжигчид, дуучид зэрэг уран бүтээлч оролцсон юм.
Өвөр Монголын талаас Өвөр Монголын Үндэстний урлагийн театрын дэд дарга Ли Чян, ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны газрын дарга Чяо Саньван, Үндэстний урлагийн теартийн дэд захирал Дү Ежюнь, Үндэстний дуу хөгжмийн театрийн дарга Е Рда болон Өвөр Монголын нэрт дуучин хөгжимчид, уран бүтээлчидээс бүрдсэн нийт 30-аад хүн уулзалт ярилцлагад ороцов.
Уулзалт ярилцлагад хоёр орны уран бүтээлчид дуу хөгжим уран бүтээлийн талаар чөлөөтэй ярилцаж, харилцан урлагийн мэргэжилтэн солилцох, мэргэжил дээшлүүлэх анхны тохироо хийсэн байна.
Д.Данзанравжаагийн нэрэмжит "Саран Хөхөө" театрын дарга Л.Эрдэнэбат хэлэхдээ: - Манай хоёр орны ураан бүтээлчид бие биеэсээ сурах зүйл их байна. Монгол үндэстний сонгодог язгуур урлагийг хамтдаа хөгжүүлэх талаар байнга хамтарч ажиллах хэрэгтэй, голын хоёр хөвөөнд байгаа шиг байж болохгүй. Урлаг соёлын томоохон арга хэмжээ байнга зохиох шаардлагатай байна гэв.
