Бээжин хотод Даваа гаригийн шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас наад зах нь 30 хүн нас баржээ. Тодруулбал, хотын захын Миюн дүүрэгт нийт 28 хүн, Янчин дүүрэгт хоёр хүн нас баржээ. Бороо тасралтгүй орсны улмаас 31 зам эвдэрч, 136 тосгонд цахилгаан тасарч, олон тооны суурь станц ажиллахгүй болсон байна. Цаг уурын аюулт үзэгдлээс иргэдээ аврахын тулд Бээжинд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлсэн байна. Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аврах баг, гамшгаас аврах эд барааг шуурхай илгээсэн байна.
Одоогийн байдлаар 80,332 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гол төлөв Миюн, Хуайроу, Фаншань дүүргийн оршин суугчдыг шилжүүлжээ.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос Мягмар гаригт Бээжин хотын сэргээн босголтод зориулж 200 сая юань буюу ойролцоогоор 27.9 сая ам.долларыг хуваарилсан байна. Энэ хөрөнгийг голчлон Миюнь, Хуайроү дүүрэг зэрэг гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн эвдэрсэн тээвэр, ус хангамж, эмнэлгийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний байгууламжийг сэргээн босгоход зарцуулж, үйлдвэрлэл, амьдралын хэв журмыг эртхэн сэргээхэд зарцуулж байна.
