solongonews
Юньнань мужийн Шинмэн шяний монгол сурагчид
2015-06-03 17:01
Дэлхийн газар газрын монголчууд

Юньнань мужийн Монгол Үндэстний Шинмэн шяний төв сургуульд одоогоор 300 гаруй монгол сурагч сурч байна. Энэ сарын 27-нд "Удмаа хайсан Монгол—Үүх Түүх Өв Соёл" сурвалжилгын багынхан тус сургуульд очиход сурагчид хүүхдийн баярын уран сайхны тоглолтод бэлдээд завгүй байлаа.

Монгол Үндэстний Шинмэн шяний төв сургууль монгол хүүхэд багачууддаа хичээлийн үндсэн мэдлэг эзэмшүүлэхээс гадна үндэстнийхээ түүх соёл, дуу урлагаа уламжлах ажлын хүрээнд олон утга төгөлдөр үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг байна. Шяний захиргаа өнгөрсөн зууны 50-иад оны үед дөрвөн залуу сэхээтнийг монгол хэл бичиг эзэмшүүлэх зорилгоор ӨМӨЗО-д томилж байсан бол өнгөрсөн зууны 80-аад оны үеэс эхлэн Өвөр Монголын Шилийнгол аймгийн боловсролын газартай харилцаа холбоо тогтоож, боловсролын салбарт хамтран ажилласаар иржээ.

Монгол үндэстний Шинмэн шяний төв сургуулийн багш Төмөр 1982 онд Шилийн гол аймагт монгол хэл бичиг сурахаар очсон анхны сэхээтнүүдийн нэг. Өвөр Монголд найман жил монгол хэл бичиг сурсны дараа нутагтаа ирж, одоогийн Монгол үндэстний Шинмэн шяний төв сургуульд монгол хэлний багшаар ажиллажээ. Монгол хэлээ сурах хүсэлдээ хөтлөгдөн, арван дөрөвхөн насандаа алс хол Өвөр Монголын тал нутгийг зорьсон тэрээр одоо ч гэсэн монгол хэлээр сайхан ярьж, монгол бичгээр сайхан бичиж чаддаг. Тэрээр замдаа арав гаруй хоног аялж байж Шилийн гол аймагт очдог бөгөөд амралтаараа хөдөөгийн малчин айлаар зочилж малын ноос ноолуур самнах, адуу мал маллаж байснаа насан туршдаа мартахгүй гэж сэтгэл догдлон ярьж байлаа.

Монгол үндэстний Шинмэн шяний төв сургууль одоо монгол үндэстний соёл боловсролыг өвлөн уламжлах суурин байгуулж, тухайн нутгийн өндөр боловсролтой ахмад багш нар тогтмол хугацаагаар сургуульд ирж, монгол хэл, монгол үндэстний түүх соёлын тухай хичээл зааж байна. Үүнээс гадна Өвөр Монголын Шилийнголын Ажил Мэргэжлийн Дээд Сургууль жил бүр арав гаруй багш томилж, монгол үндэстний морин хуур, дуу урлагийг тус сургуулийн сурагчдад зааж байна.

ӨМ-ын Шилийнголын Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн багш нар Шинмэн шяний түүх соёлтой холбоотой судалгааны ажлын хүрээнд хамтран ажиллаж байгаа юм. Шилийнголын Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн багш Хүрэлсүх тэдний нэгэн төлөөлөл юм. Тэрээр сүүлийн жилүүдэд монгол үндэстний Шинмэн шянд удаан хугацаагаар сууж, тухайн нутгийн монголчуудын хэрэглэж буй хэлний тухай судалгааны ажил хийж, судалгааны үр дүнгээ ном болгон хэвлүүлэхээр бэлтгэж байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл