
Гуанжөүгийн 138 дахь яармаг 11-р сарын 4-нд Гуанжөү хотноо өндөрлөлөө. Уг яармагт 223 улс орон, бүс нутгаас ирсэн 310 мянга гаруй гадаадын худалдан авагч оролцсон нь өмнөх ээлжийнхээс 7.5 хувиар өссөн бөгөөд шинэ дээд амжилт тогтоов. Үзэсгэлэнгийн гэрээний нийт дүн 25тэрбум 650 сая ам.долларт хүрлээ.
Зохион байгуулагч талын мэдээлснээр, уг яармагт Европын Холбоо, Ойрхи Дорнод болон Америк, Бразилийн худалдан авагчдын тоо мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал, “Бүс ба Зам” санаачилгыг хамтран бүтээн байгуулагч орны 214 мянган худалдан авагч ирсэн нь 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Оролцогч талуудын “Бүс ба Зам”-ын орнуудтай хийсэн экспортын гэрээний хэмжээ нийт экспортын 60 гаруй хувийг эзэлж, уламжлалт зах зээлүүдийн гэрээ тогтвортой хадгалагджээ.
Уг яармагийн хүрээнд нийт 632 шинэ бүтээгдэхүүний дэлгэгдсэн байна. Нийт 4.6 сая ширхэг үзмэрийн дунд шинэ бүтээгдэхүүн, ногоон бүтээгдэхүүн болон бие даасан оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүнүүд тус бүр 20 хувиас давжээ. Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан үзмэрүүдэд хүний дүрст робот, тархи-компьютерийн интерфейс төхөөрөмж, био суурьт материал, хиймэл оюун ухаанд суурилсан нөхөн сэргээх төхөөрөмж, 3D хэвлэх технологи багтсан байна.
Уг яармаг нь шинэчлэлт хийж, анх удаа QR код бүхий үнэмлэх ашиглаж, хамгийн хурдандаа 30 секундын дотор үнэмлэх олгох боломжийг бүрдүүлсэн нь өмнөхөөс 6 дахин хурдан болсон байна. Мөн “Bluetooth + 5G + BeiDou” технологид суурилсан үзэсгэлэнгийн лавлах системийг анх удаа нэвтрүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан үзэсгэлэн үзэх, ухаалаг чиглүүлэг зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан “нэг товчлуураар чиглүүлэх, нэг кодоор үзэсгэлэн үзэх” боломжийг бүрдүүлсэн бөгөөд нийт 477 мянган хүн энэхүү системийг ашиглажээ.
Гуанжөүгийн армаг нь 1957 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн удаан түүхтэй, хамгийн том цар хүрээтэй, бараа бүтээгдэхүүний төрөл зүйлээр хамгийн олон, оролцогч худалдан авагч хамгийн ихтэй, борлуулалтын үр дүн хамгийн өндөртэй олон улсын худалдааны үзэсгэлэн юм. Үүнийг “Хятадын топ1 үзэсгэлэн” хэмээн нэрлэдэг бөгөөд Хятадын гадаад худалдааны зүг чигийг заагч "луужин" гэж үздэг юм.
