solongonews
Талын эрдэнэ ∙ хөх аргал
2015-07-09 16:06
Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би …

Аргал бол монголчуудын гал голомтыг бадрааж ирсэн түлш байсан. Эх байгальтайгаа зохицон амьдарсан монголчууд малынхаа баасаар түлш болгон амьдралдаа хэрэглэж байсан бөгөөд урт хугацааны үйлдлээр дамжин нүүдэл соёлдоо уусгаад “аргал” гэх сайхан нэрийг хайрласан байдаг. Аргалд монгол уламжлалт соёлын маш олон зан үйл ба соёлын элемент агуулагдаж байдаг. Ойрын өдрүүдэд шинжлэх ухааны судалгаагаар аргалын маш олон үйлдлийг илрүүлжээ.

Хэдэн жилийн өмнө Японы нэг эрдэмтэн Монгол Улсад ирээд аргал авч явжээ. 4 жилийн дараа нөгөө эрдэмтэн дахин ирээд танил найздаа: - Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэсэн. Түүнээсээ олж өгөөч гэж гуйжээ. Найз нь их гайхсан ч түүний хүслийг биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад аргалын утаа агаар дахь 300 гаруй өвчний бактерийг устгадаг байна гэсэн дүгнэлт гаргажээ. Түүнээс хойш Японы сумогийн тамирчид талбайд гарахаас өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон гэх юм.

Аргалын утаа дотоод гадаадын эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн байна. Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма хэмээгч хүн Монголоос аргал аваачаад уушгины тахалд нэрвэгдсэн өвчтөнг аргалын утаагаар утаад их амжилт гарч, аргалын утааны эдгэрүүлэх чадлыг ихэд гайхсан гэдэг.

Аргал хийгээд монголчуудын гал голомт

“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би … ” гэх шүлгийг бид их л уншдаг байлаа. Одоо ч гэсэн сонсохоор аргалын үнэр үнэртэх шиг болдог. Аргалын гал монголчуудын голомтыг бадрааж, энэхүү агуу их үндэстнийг хүн төрөлхтний түүхийн хуудсанд мөнхөлжээ.

Аргалын гал бол малчдын манасан унтаршгүй мөнх гал. Өдөр өдөр гал манаж, цаг цаг цог дардаг заншилтай. Үүнээ малчид “Гал манаж, цог дарж амьдарна” гэж ярьдаг. Хөхөө өвлийн шөнө малчид галаа унтрахаас сэргийлэн, хөлдүү аргалаа тулганы үнсэн дотроо булаж тавиад маргааш өглөө нь тулганы амсраа нээхэд аргалын хөх гал нь бадарсан хэвээрээ байдаг. Үүнийгээ монголчууд “Галаа манах буюу голомтоо манах” гэж нэрлэдэг.

Монголчууд аргалыг “Тэнгэрийн хүж”, “Газрын арц ”, “Лусын зандан”, “Галын бурхан”, “Галын сахиус”, “Галын эзэн” хэмээн эрхэмлэн дээдэлж, өдөр өдөр галдаа өргөл өргөж, цаг цаг мөргөл хийж, жил жил галдаа тахилга тавьдаг.

- Аргалын гал бол айлын “Гал голомт” гэж ярьдаг. Эцэг эхийн “Гал голомт”-ыг үр хүүхэд нь залгамжилдаг учиртай. Үр хүүхэд нь айл болж, өрх татаж, үүд сөхөж, анхны галыг эцэг эхийн “Гал голомт”-оос гал авч, шинэ айл шинэ гэрийн галаа хөгжөөдөг. Үүнийг “Гал голомт залгана” гэдэг гэж зан үйл судлаач Оч багш ярьж байлаа.

Аргал хийгээд монголчуудын үйлдвэрлэл амьдрал

Монголчууд үйлдвэрлэл амьдралдаа аргалаар түлш болгодог. Түлшээ хүртэл ямар үед юу түлнэ гэж нарийн ангилж төрөлжүүлэн ашигладаг нь хачирхалтай. Таван хошуу малынх нь баас хатвал түлшний хэрэгцээнд ордог. Түүнийг нь монголчууд аргал, хоргол, хомоол, хөрзөн гэх мэтчилэн нэршүүлсэн байдаг. Монголчууд гэж аргалыг төрөл хуваан нэршүүлэн ашигладгаар барахгүй, ямар үеийн аргал нь ямар хэрэгцээтэй гэдгийг хүртэл нарийн судалж ашигласан ухаант хүмүүс байдаг. Зуны ногооны үхрийн баас хатсаныг шар аргал гэж, өвлийнхийг хөлдүүс гэж, хээр хөдөө олон жил болсныг нь хөх аргал гэдэг. Сүү сааль боловсруулахад шар аргалын гал нь зөөлөн байдаг болохоор тогоон дахь сүү амархан шатаж хүүршдэггүй. Хөх аргалыг голдуу өвөл хаврын хүйтэн цагт түлдэг, удаан ноцож илч сайтай гэдэг.

- Аргалын галаар хийх хурууд хусамдахгүй, сайхан нийлж, нарийн ширхэгтэй, тослог зөөлөн болдог. Аргалын галаар гаргах тос ширгэхгүй, анхилам гоё үнэртэй, тунгалаг шаргал өнгөтэй. Аргалын галаар хөөрүүлэх өрөм сагахгүй, зузаан суудаг. Аргалын галаар амс агшаах, архи нэрэхэд онц тохиромжтой. Аргалын галаар будаа хөөлгөж, будаа хуурвал хөөлгө гүйцэд, хуурга тэгнэж хүүрэг зөөлөн болдог гэх мэтчилэн аргал малчдын амьдралд дутагдаж болохгүй. Ялангуяа аргалыг аян тоос, ав гөрөө, өвс тариа, отор нүүдэл зэрэг хээр гаднын ажил дээр авч явахад амар, хөгжөөж ноцооход хялбар байдаг гэж Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Ванчиг багш ярьж билээ.

Аргал хийгээд монголчуудын соёл зан үйл

Өнгөрсөнд малын эрлийн хүн хээр төөрөөд аргалын утааны үнэрээр хүн амьтан байхыг мэдэж, аргалын галын гэрлээр айл өрх олж, амь гол залгаж, ар гэртээ харьдаг. Үүнээ “галын бурхан амийг аварлаа” гэдэг байжээ.

Монголчууд аргалын галыг ариун дархан, ид шидтэй хэмээн дээдэлж аргалын галаар гал даллага авах, гал утлага тавих заншилтай байдгаас аргалын тухай цээр ёс ч байдаг. Монголчууд үнс хогийг цогтой хаядаггүй, айлын гадна үнсэн овоо, хогийн овоо гэж хувь хувиндаа байдаг. Аргалын галд бузар буртаг юм оруулахгүй, ус цас дусаахгүй, хутга шөвгөөр заахгүй зэрэг цээр ёстой. Мөн аргалын тухай “үнсэн овоо хэдий бүдүүн бол төдий баян”, “утаатай гэр дулаан, унгастай гэр баян”, “амьд хүн аргатай, аргалын гал илчтэй” гэх мэт цэцэн үгнүүд ч уламжлагдсаар байна.

- Аргалын утаагаар арьс утаж, арьсан дээл хийж өмсдөг. Тэр нь маш гоё бөгөөд бөх байдаг. Эдлэл хэрэгслээ утаж, өнгөлж хэрэглэдгээс гадна аргалын галаар адуу тамгалж, үрээ хайрдгаар барахгүй аргалаа зарж, цай тамхи авч, амьдралын зардлаа шийдвэрлэдэг байсан гэж Баруун Үзэмчин хошууны малчин Урт өдөр тутмын амьдрал үйл дахь аргалын тухай ярихаар зоог олширно.

Монголчууд судар номыг баринтаглаад хоймрынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай юм. Авдар дээр олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шарлатлаа нэвчсэнээр хорхой орох, чийгтэх, тоосжих аюул гардаггүй .Энэ нь аргалын утаанд нэвт утуулсан монгол судрууд өөр ямар ч хяналт, хамгаалалт байхгүйгээр олон жилийн турш “эрүүл” бүтэн байж чаддагийн шалтгаан, мөн аргалын утааны бас нэг гайхамшиг билээ.

Аргал хийгээд монгол анагаах ухаан

Аргалыг зөвхөн түлшинд л ашигладаг төдийгүй, улам бүр эмчилж ариутгах үйлд ч ашигладаг байжээ. Аргалын утаанд утагдаж насаа элээдэг учраас малчид хир баргийн өвчинд нэрвэгддэггүй, төрийн байтугай өрхийн эмнэлэг ч шаарддаггүй байсан. Юан гүрний үед гадна дотнын хүмүүсийг аргалын галын утлагын дундуур явуулж, ариутган цэвэрлэж угтан оруулдаг байв. Монголчууд хүүр онгон дээрээс ирэхдээ гар нүүрээ аргалын утаанд ариулж байгаад гэртээ ордог.

Аргалд ариусгах олон шинж бий. Сан утаа тавьж, ялаа батгана хөөж, хорхой шавж арилгаж, хороо хашаа ариутгадаг. Эд бодис, хувцас хунар, сав суулга, аяга савхаа үргэлж аргалын галд ариулдаг. Шинэ махны үнэр хувирахаас сэргийлэн аргалаар утлага тавьдаг. Ядарсан мал, тамирдсан хүнийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж уурт нь утдаг байжээ. Ингэснээр гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байна. Тэр ч байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай.

Эдгээрээс үзэхэд аргалын утааны эм эмнэлгийн үйлдлийг монголчууд аль эртнээс ойлгосон бөгөөд үйлдвэрлэл амьдралдаа хэрэглэсээр иржээ.

Ойлгосноор, монголчуудын харших өвчинд нэрвэгдэх хүний тоо нь Япончуудаас 5 дахин доор, монголчуудын харших чанартай өвчинд нэрвэгдэх норм нь дэлхий дээр хамгийн бага байдаг. Энэ нь мөн монголчууд багаасаа аргалын утаан дунд өсөж торнисонтой нягт холбоотой гэж шинжлэх ухаанд үзэж байна.

Зохиогч: Арвинтал
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл