Монгол Улсын чөлөөт уран бүтээлч, уран бүтээлчдийн “Тэнгэр өөд холбоо”-ны гишүүн Т.Жаргалсайханы эсгий уран зургийн болон Өвөр монголын Монгол үндэстний гар урчуудын нийгэмлэгийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийж, нүүдэлчин ардын соёлын өв уламжлалт бүтээлээс дэлгэн үзүүллээ. Нээлтийн ёслолд Монгол Улсаас Хөххотод суугаа ерөнхий консул Б.Бямбадорж, дэд консул Б.Багахүү, МҮОНРТелевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, зураач, найруулагч С.Мягмар, Өвөр монголын соёлын “Шулуун” компаний захирал н.Оюунсэцэн, Өвөр монголын Монгол Одон телевизийн найруулагч н.Чагдарсүрэн, Өвөр монголын Монгол үндэстний урчуудын нийгэмлэгийн дарга н.Наянтай, Өвөр монголын Чингис хаан урлагийн галерейн ерөнхий нарийн бичгийн дарга Миао ю фү, Монгол Улсын урчуудын эвлэлийн хорооны зураач Г.Мөнхцэцэг, Х.Заяат болон Өвөр монголд ажиллаж, амьдарч, суралцдаг Монгол Улсын уран бүтээлчид, бизнес эрхлэгчид, оюутан судлаачид, иргэд оролцлоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, хөөмийч, магтаалч н.Баттөмөр болон бусад уран бүтээлчид нээлтийн ёслолыг мялааж аялгуун цацал өргөв. Түүнчлэн хүндэт зочдын төлөөлөл эсгийний ерөөл хэлж, алд цэнхэр хадаг, ариун цагаан сүүгээр “Эсгий мялаах ёслол” хийлээ. Үзэсгэлэн 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.













