solongonews
Гэрэлт: Итгэл бол сэтгэлийн ундарга, эрхэм нандин харилцаа
2015-07-17 10:34
Амьдралынхаа төлөө гэхээсээ илүүтэй мөрөөдлийнхөө төлөө хүний нутагт олон жил ажиллаж, амьдран тэмцэж яваа Гэрэлт бол Өвөр Монголын Баяннуур аймгийн уугуул.

Тэрээр Монголд ирээд даруй арваад жил болох хугацаанд хоёр ч  компани үүсгэн байгуулаад ажиллаж байна. Санаж сэдсэн ажил бүр нь өдгөө амжилттай байдагт сэтгэл хангалуун явдаг тухайгаа хэлсэн юм. Ингээд түүний ажил, амьдралын ололт амжилтын эргэн тойронд цөөн хором хөөрөлдлөө.

- Сайн байна уу та, ажил ихтэй байна уу?

-Сайн байна уу, нутгийн дүү нартайгаа уулзана гэсэн чинь сэтгэл их догдоллоо. Ойрд шинэ компанийнхаа ажлыг жигдрүүлэх гээд ачаалал ихтэй ажиллаж байна даа. 

- Та Өвөр Монголын аль нутгийнх вэ. Монгол Улсад анх хэдэн онд ирсэн бэ?

-Би Баяннуур аймгийн Урадын Дунд хошууны Онгон сумын Баянхээр Багийн иргэн. Монгол Улсад ажлын шугамаар анх 2004 онд ирж, Монголоос нүүрс импортолж байсан. 2000 оны үед Ганц модны Гашуун сухайт боомтоор түүхий эдийн арилжаа худалдааны ажилд оролцох явцдаа Монгол Улсын иргэдтэй танилцан, хэдэн сайхан найзтай болсон. 

- Чухам хэдийд анх хэрхэн компани байгуулах болсон түүхээсээ хуваалцана уу?

-Улаанбаатарт анх ажлын шугамаар 2004 онд ирж  ажиллахдаа Монгол Улсын төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, хууль тогтоомжийг багагүй хугацаанд сайтар судалсан. Судлах явцдаа кирилл бичиг, дүрмийг судалж, суралцсан. Судалгааныхаа үндсэн дээр “Дүүлэн хөлөг” компаниа 2007 онд үүсгэн байгуулж, өөрийн гэсэн бизнестэй болсон. Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу нүүрс импортлох үйл ажиллагааг 7 жил эрхэлсэн. Чингэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг цаг тухайд нь төлж ирлээ. Дундад улсын нүүрсний зах зээлийн өөрчлөлт, эдийн засгийн хөдөлгөөнөөс шалтгаалан компаниа Монгол Улс дахь Дундадын хөрөнгө оруулалттай компанид 2014 онд шилжүүлсэн. Тухайн жилдээ гадаад худалдаа, уул уурхайн бүтээгдэхүүн, зочид буудал, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр “Star Horse International” компаниа байгуулж, бэлтгэл ажлаа хангаж байна. 

- Та үүсгэн байгуулж буй компанийнхаа нэрийг ямар нэгэн байдлаар морьтой холбож өгдөг онцлогтой юм аа?

-Тийм шүү, Би морины зоон дээр хүн болсон Монгол хүн, тиймээс моринд хязгааргүй хайртай. Монгол хүн, морь хоёр түүхэн үеэс салшгүй нандин хэлхээтэй. Би морийг шүтдэг, хайрладаг, эрхэмлэдэг. Анх алхаж сурсан тэр цагаасаа эхлэн морьтой ойртож, морьтой ноцолдон байж эрийн хэмжээнд хүрсэн. Би өөрөө бар жилтэй, морьтой ивээл гэж боддог, тэгээд компанийнхаа нэрийг зориуд морьтой холбож өгдөг. Анхны компанидаа “Дүүлэн хөлөг” гэж нэр өгсөн. Одоогийн шинэ байгуулсан компаниа “Star Horse International” хэмээн нэрийдсэн.

 

Бизнесийн өрсөлдөөн ихтэй Монгол Улсад өөрийн гэсэн бизнес эрхэлнэ гэдэг амаргүй. Хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл юу байх юм?

-Тийм ээ, анх Монголд ирэхэд бүх зүйлийг ойлгохгүй, мэдэхгүй юм их байснаа нуух юун. Хамгийн наад зах нь үг хэлийг нь ч ойлголцохгүй, кирил үсгийг ч тайлж уншиж чадахгүй хэцүүдэж байсан үе надад бий. Мэдээж амар хялбар ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээл хэн хүнд ч тохиолдоно. Шантрах үе надад олон байсан ч, би  шантраагүй, амьдралынхаа төлөө тэмцэнэ, босно гээд л зүтгэсэн дээ. Аливаа зүйл тэмцэж байж ялалтыг угтана, тэмцэхээсээ өмнө ялагдаж болохгүй. Хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй хүн л амжилтад хүрч чаддаг хэмээн өөрийгөө хурцалж ирлээ. Ер нь бие даан үйл ажиллагаа эрхлээд ирэхээр чинь хариуцлага маш өндөр болдог юм байна. Цаг маш давчуу болж, үргэлж цагтай уралдаж явдаг болчихдог юм билээ. Монгол Улсад хийе гэвэл тухайн улсын хууль дүрэм, соёл, ёс заншил, боловсон харилцааг наад зах нь эзэмшсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн улсынхаа хууль дүрмийг чанд сахин, бүхий л тал дээр хүндэтгэлтэй хандаж чадвал бизнес саадгүй өргөжин хөгжих жамтай. Үүнийг би компанийнхаа нийт ажилтнууддаа ч байнга хэлдэг. 

- Эх нутгаасаа хол байгаа хүнд ар гэр, нутаг усаа санагалзах үе олон бий байх. Гэр бүлийнхээ талаар яриач?

-Монгол Улсын уул ус, газар, шороо, хоол хүнс гээд бүхий л зүйл нь миний сэтгэлд хүрдэг. Гэсэн ч үүнээс илүүтэй төрсөн эх нутаг, газар,  шороо, аав, ээж, ахан дүү, эхнэр хүүхэд, хоол хүнсээ хэн  хүнээс илүүтэй их санадаг гэдгээ нуух юун. Монгол Улсад ирсэн анхны жилүүдэд ажлын ачааллаасаа хамаараад гэртээ жилдээ 1-2 удаа харьдаг байлаа. Тэр үед ганц хүү маань бага байлаа. Харин өнөөдөр хүү маань их сургуулиа төгссөн том эр болжээ. Өнөөдөр би Монгол Улсад хувийн сууцтай, энэ сууцыг 2010 онд худалдаж авсан. Хүссэнээрээ гэрлүүгээ ирж, очдог болсон. Эхнэр хүүхдүүд минь надтай хамт Монгол Улсын үзэсгэлэнт газруудаар амарч аялсан шигээ сайхан амьдарч байна. Өөрөөр хэлбэл манай гэр бүлийнхэнд Монгол Улс таалагдсан гэхэд болно.

- Та Монгол Улсад хувийн бизнес эрхлээд багагүй хугацааг элээлээ. Бизнесийнхээ туршлагаас хуваалцаач?

-Туршлага гэхээр их юм алга даа. Гагцхүү ажил хийвэл дуустал нь, давс хийвэл уустал нь гэдэг шүү дээ. Тэр ч утгаар нь зорьсон ажилдаа хүрэхийн тулд шантрахгүй, хичээх нь нэн чухал. Түүнээс гадна ажилдаа дурлах, дуртай байх хэрэгтэй. Түүнчлэн бизнес хийх явцад итгэл нэн чухал.  Миний хувийн итгэл бол сэтгэлийн ундарга эрхэм нандин харилцаа юм. Итгэлийг олох амаргүй, алдах бол амархан. Тиймээс бизнест гэлтгүй хүн хүндээ үнэнч шударга байх нь бусад бүхий л харилцаанд маш их нөлөөлдөг талтай. 

- Ингэхэд нууц биш бол таны бизнесийн ойрын төлөвлөгөө юу юм бол?

-Бодож, санасан төлөвлөсөн ажил бидэнд их бий. Гадаад худалдаа, уул уурхайн бүтээгдэхүүн, зочид буудал,  цахим худалдааны салбарт хүч сорихоор компанийнхаа бэлтгэл ажлыг хангаж байгаа гэж ярианыхаа эхэнд дурдсан. Олон жилийн дунджаас хараад, ажиглаад байхад Монгол Улсад ирж байгаа Дундад Улсын иргэд, хөрөнгө оруулагч нар их болсон. Тэдэнд зориулсан зочид буудлын иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Мэдээж зочид буудалдаа Өвөр Монголоос Монгол Улсад сурч байгаа оюутнуудыг урьж ажиллуулахаар ярьж байна. Энэ мэт нутгийн хятад, монгол хэлээр ойлголцдог хэлмэрч оюутнуудын хэрэгцээ бидэнд бий. Үүгээрээ хэн хэндээ ашигтай байж чадна гэж бодож байна.

- Нөр их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Зохиогч: Шинэцэцэг, Урьхан
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл